Б.Оюун: Би хоёр Ерөнхийлөгчөөс одон авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон гардууллаа.

Төрийн ордоны урд хаалга дээр цагдаа, харуул хамгаалалтынхан “COVID-19” цар тахлын үед энэхүү ёслолын үйл ажиллагаа болж буй учир дотогш орох ээжүүдийн биеийн байцаалт, амны хаалт, биеийн халуун зэргийг шалгаж байв. Амны хаалтаа мартсан, орхисон тохиолдол гарахад зохион байгуулагч хүмүүс нь өгч байсан юм.

Энгэртээ “Алдарт эх”-ийн одон гялалзуулсан залуухан ээжүүд Төрийн ордноос гарч ирэхэд, тэд нарыг гэр бүл, хань ижил, үр хүүхдүүд нь сэтгэл догдлон хүлээж авав. “Алдар эх”-ийн одон авсан ээжүүдийн төлөөлөлтэй уулзаж, баяр хүргэлээ.

“Алдарт эх”-ийн II одонтой Б.Чулуунцэцэг, “Өнөөдөр Төрийн ордондоо ороод Монгол Улсынхаа Ерөнхийлөгч Х.Баттулгаас Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалсандаа маш их баяртай байна. Үнэхээр гайхалтай санагдаж, сэтгэл догдоллоо. Би 38 настай, 4 хүүхэдтэй, ам бүл зургуулаа амьдардаг. “Хүүхдийн урлан бүтээх төв”-д сургалтын менежерээр ажилладаг” гэв.

 Алдарт эхийн I одонтой Б.Оюун, “Өнөөдөр улсынхаа төрийн тэргүүнээс энэхүү хүндтэй одонгоо авсанд маш их баяртай байна. Би 3 жилийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос алдарт эхийн II одонгоо авч байсан. Тиймээс энэхүү үйл явдал нь миний хувьд маш гайхамшигтай, түүхэн үйл явдал болж байна” гэсэн юм.

Манай улс хүн ам цөөн улсуудын нэг учир ийнхүү одонгоор шагнаж, “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг тус тус олгодог.

“Алдарт эх”-ийн одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу 6 дугаар сарын 1-нд гардуулдаг уламжлалтай. Гэвч энэ жил дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан юм

Энэ жил “Алдарт эх”-ийн одонг улсын хэмжээнд 10 мянга 677 ээжид хүртээх аж. Үүнээс нэгдүгээр зэргийн одонг 720, хоёрдугаар зэргийн одонг 9957 ээжид олгохоос “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулж байна. Өнөөдөр гэхэд нийслэлийн Баянзүрх дүүргийн эхчүүдэд гардууллаа.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

Т.Энхтогтох


URL: