Нурангид дарагдсан иргэнийг хоёр хоногийн дараа эсэн мэнд гаргажээ

35609a9d23ebeb93efdf30b497e15c51

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан иргэн А-ийн жоншны олборлолтын “Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд хоёр хүн дарагджээ. Ослын дуудлага өнгөрсөн баасан гаргийн 13.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, осол гарсан уурхайн ханыг бэхэлж, шороог нь гаргаж буй аж. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид мөн өдрийн 20.10 цагт осол болсон газарт очжээ. Тэд хүчээ хоёр хэсэгт хуваан, хоёр, хоёр цагаар ээлжлэн ажиллаж буй гэнэ. Нурангид дарагдсан нэг хүнийг өчигдөр өглөө эсэн мэнд гаргасан бол нөгөөг нь аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврагдсан иргэн 19 настай бөгөөд бие нь сайн байгаа талаар эх сурвалж дуулгав. Долоон хүн ажилладаг уг уурхайн шороо дахин нурах эрсдэлтэй аж.

Бэлтгэсэн: Ч.Үйлс


URL: