Ө.Гантөмөр: “MGL”-д түрүүлсэн аваргууд гадны холимог тулааны тэмцээнд амжилт гаргаж байна

117814872_4239073509442970_1479762112268552128_n

Япон Улсын мэргэжлийн кикбоксын рингэнд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явсан анхдагч тулаанчийн нэг нь ОУХМ Ө.Гантөмөр билээ. Тэрбээр тулааны олон төрлөөр хичээллэж, кикбоксын Ази тивийн аварга, Олон улсын таэквондогийн дэлхийн аварга, каратэгийн АНУ-ын аварга болсон манай шилдэг тулаанч юм. Түүнтэй тулааны урлагийн талаар цөөн хором ярилцлаа.

-Японд мэргэжлийн тулааны тамирчин байсан. Хэзээ ямар шалгуураар Японд очсон бэ?
-2001 онд японууд  Монголоос  мэргэжлийн кикбокст тулалдуулах тамирчдыг хайж ирсэн юм. Тэд тулааны урлагийн олон клубээр явж үзээд хамгийн тохиромжтой тамирчидтай нь киокушинкай каратэгийн клуб байна гэж тогтсон. Тэр үед би киокушинкай каратегийн шигшээ багт байсан.  Японууд  Д.Чинзориг багштай уулзаж, манай шигшээ багийн тамирчдад санал тавьсан. Анх Бабу, Б.Бямбадорж 16 настайдаа Япон руу явж тулалдаж эхэлсэн юм. Түүний дараа Ц.Амарбаясгалан, бид хоёр Япон руу явсан. Тэр үеийн манай  шигшээ багаас  холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, Бүх Японы аварга Ц.Амарбаясгалан, Галбаатар, Наранбаатар, Хүрэлбаатар  гээд олон шилдэг тамирчин төрөн гарсан.

-Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгалан та хоёртой цуг Япон яваагүй юм уу?
-Тунгаа бид хоёртой цуг яваагүй. Бид тэр үед каратэгийн шигшээ багийн тамирчид хэрнээ кикбоксын тэмцээн болон “Сонсогчийн алдар” тэмцээнд тулалддаг байв. Японууд бидэнд кикбоксоор тулалдах санал тавьсан юм. Харин Тунгаа каратэгаа орхихгүй гээд үлдсэн.

-Японд мэргэжлийн кикбоксоор хэдэн жил тулалдсан бэ?
-Дөрвөн жил тулалдсан.  Эхний жил 61.5 кг-ын жинд тулалдаж байлаа. Сүүлдээ 63 кг-д нэг хэсэг тулалдаж байгаад 70 кг руу орсон.

-Мэргэжлийн кикбоксоор гаргасан хамгийн өндөр амжилт гэвэл?
- Би “MAX K-1”-ийг  Монголд анх авчирсан. Азийн шилдэг найман кикбоксчдын тулаан Монголд явагдахад түүнд түрүүлж байсан.

-Таны тулааны үндсэн суурь бокс, каратэ, таэквондогийн аль нь вэ?
-Би 1992 онд анх ушу-гаар хичээллэж эхэлсэн. Ушу тулаан хийхгүй гимнастик маягийн тулааны хөдөлгөөн хийхээр сонирхолгүй санагдахаар нь гараад, Хойд Солонгосын таэквондо руу орсон.  Таэквондогоос болиод каратэ руу орсон. Түүний дараа кикбокс, бокс гээд  зодолдох боломжтой бүх тулааны  спортоор тулалдсан. Ер нь зодолдож, тэмцэлддэг гэдэг утгаараа тулааны спортууд хоорондоо ижил. Техник, дүрэм, оноо өгөх, шүүлтийн дүрэм журмаараа  л ялгаатай. Каратэ гэхэд нүүр рүү цохихгүй  ухрахгүйгээр шууд халз тулалдан, нам цохиж байж ялалт авдаг. Харин таэквондо толгой руу гараар цохиж болдог. Хөлөөр бүсэлхийнээс дээш цохиж оноо авдаг. Санаатайгаар хүчтэй цохилт хийвэл торгууль өгч,. тэмцээнээс хасдаг. Онооны спорт гэж хэлж болно.

-Хэдэн онд таэквондогийн  дэлхийн аварга болов?
-2018 онд Беларусь Улсын Минск хотод болсон таэквондогийн мастерын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан. 2019 онд Болгар Улсын Пловдив хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хатуу биет хугалах төрөлд оролцож багаараа мөнгөн медаль, хувийн халз тулааны 73 кг-д тулалдаж алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон. Энэ алтан медаль эрэгтэй тулааны манай улсын анхны алтан медаль байгаа юм. Үүнээс өмнө монголын эрэгтэй тамирчид тулааны төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Аварга болж байгаагүй. Харин эмэгтэйчүүд  тулаанаар, эрэгтэйчүүд хатуу биет хугалах төрлөөр дэлхийн аварга болж байсан.

-Та сонирхогчдын боксоор тулалдаж байсан. Багшийнхаа тухай яриач?
-2007 онд намайг Японоос ирэхэд  “Ширэн бээлий” клуб нээгдсэн. ОУХМ Д.Төрбат, Ш.Баярсайхан  багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж, “Ширэн бээлий” клубээс төрж гарсан анхны боксын спортын мастер болж байлаа. Би сонирхогчдын боксоор  Монголын бүх ард түмний спартакиадыг оруулаад, улсын аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн мөнгөн медаль хүртсэн.

-Кикбоксын “Заг” холбоогоо  Японоос ирээд байгуулсан уу?
-Японоос 2005 онд ирж “Заг” холбоогоо байгуулж ажиллаж байгаад 2007 онд холбооны ажлаа бүрэн зогсоосон. Тэгээд хувийн бэлтгэлээ “Ширэн бээлий” клуб дээр хийж эхэлсэн.

-Одоо бэлтгэлээ хаана, аль клуб дээр хийж байгаа вэ?
-Одоо киокушинкай каратэгийн “Улаанбаатар дожэ” дээр хүүхдүүдийн бэлтгэл хийлгэж  байгаа.

-Та дунд сургуульд байхдаа тулаанаар хичээллэж эхэлсэн үү. Аль сургуулийг төгссөн бэ?
-Хан-Уул дүүргийн 52 дугаар дунд сургуулийг төгссөн. Манай ах Ө.Ганбаатар гэж “Монгол-Зо”-гийн нээлттэй тэмцээний анхны аварга тамирчин бий. Ах надад нөлөөлж би тулааны урлаг руу орсон. 1990 оноос эхлэн Монголд тулааны урлаг хөгжих суурь тавигдсан. Цагдаагийн автобааз дээр цагдаагийн албан хаагчдын хүүхдүүдэд нууцаар ушу-гийн хичээл заадаг байлаа. Тэр үед тулааны урлаг заах нь хаалттай, хориотой байсан. Би тэр хаалттай ушу-гийн сургалтад 1992 онд орж ушу-гаар хичээллэж эхэлсэн.

-Та энэ олон тулааны урлагийн ямар цол, зэрэгтэй тамирчин бэ?
-Боксын спортын мастер, бие хамгаалах урлагийн ОУХМ, таэквондогийн ОУХМ, “Монгол-Зо”-гийн тулааны мэргэшсэн мастер, Ази тивийн аварга,  дэлхийн аварга. Хойд Солонгосын таэквондогийн хар бүс, нэгдүгээр дан, киокушинкай каратэгийн хар бүс хоёрдугаар дантай. Гэхдээ би хар бүс болон даны зэрэглэлд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй.

-“Сонсогчийн алдар”  Монголын  тулааны урлагийн тамирчдын чанар, чансааг сорьдог нэр хүндтэй тэмцээн байсан. “Сонсогчийн алдар” тэмцээнд хэдэн удаа тулалдаж байв?
-“Сонсогчийн алдар” тэмцээнд хоёр удаа тулалдаж байсан. 65 кг-ын жинд тулалдсан. Аваргын төлөө тулалдахдаа ялагдалтайгаа эвлэрчихсэн. “Тэртээ тэрэнгүй хожигдох нь тодорхой юм чинь харамсах зүйлгүй байдгаа гаргаад сайн зодолдоно” гэсэн бодолтойгоор тулалдаж байлаа.

-Боксын улсын аваргаас дөрвөн медаль хүртэхдээ шилдэг тамирчидтай тулалдаж байв уу?
-Хамгийн сүүлд 34 настайдаа  Борын Ганбаатар мастертай тулалдсан. Түүнээс өмнө Хойд Солонгосын таэквондогоор хичээллэж байсан, одоо Өмнөд Солонгосын холимог тулаанд тулалдаж байгаа, боксын ОУХМ М.Нандин-Эрдэнэтэй тулалдсан. Мөн “Хүч” нийгэмлэгийн ОУХМ  Т.Чулуунтөмөр,  Монголын боксын холбооны 60 жилийн ойгоор нээлттэй улсын аварга шалгаруулах тэмцээн хийхэд Өвөрмонголын боксчинд оноогоор  хожигдож байсан. Өвөрмонголын боксчин их сайн тулалддаг байв. М.Нандин-Эрдэнэ түүнийг сонирхогчдын боксын тэмцээн дээр цохиж унагаснаас хойш ахин тулаан хийлгүй, нам  жим болсон. Бэртэл, гэмтэл авсан ч байж магадгүй.

-Холимог тулаанаар зодолдож байсан уу?
-Холимог тулаанаар тулалдаж байгаагүй. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар аварга 2002 онд Монголд анх удаа холимог тулааныг оруулж ирсэн гэж хэлж болно. Тухайн үед холимог тулаан гэсэн нэршил бий болоогүй, мэргэжлийн бөх, “Fighting” гэж нэрлэдэг байлаа. Тэр файтинг буюу холимог тулааны тэмцээнд Ж.Нарантунгалаг түрүүлсэн. Тэгээд 2002 онд- Тунгаа “k-1”-д  тулалдахаар явсан.  Тунгаа Японд очоод  “k-1”-ийн дөрвөн аваргатай тулалдсан. Түүний дараа би Монголд ирээд 2005 онд  кикбоксоор,  Тунгаа “k-1”-ooр зодолдох болсон. Тэр үед би “Заг” холбоог байгуулж, Япон тамирчдыг  Монголд урьж,  халз тулааны тэмцээн зохион явуулсан. Анхны халз тулааны тэмцээнд Ө.Саруул-Од, Ж.Нарантунгалаг, Тусгай тасгийн Ц.Бямба-Очир, бид дөрөв японуудтай тулаан хийсэн.

Тунгаа Японы Ватору гэдэг холимог тулааны тамирчинтай өрсөлдөж ялалт байгуулсан юм. Тэгэнгүүт японууд санал тавьж холимог тулаанд тулалдаач гэж санал тавьсан. Тэгж л Тунгаа холимог тулаан руу орсон түүхтэй. Түүний дараа бид 2009 онд” MGL” холимог тулааны холбоог анх байгуулсан. Одоо 11 дэх жилдээ амжилттай ажиллаж явна.  Энэ холбоог байгуулсан нь юунд ашигтай вэ гэвэл, Монголын холимог тулааны шилдэг тамирчдын аварга шалгаруулах сорил тэмцээнийг жил бүр шалгаруулан явуулдаг болсон. Тэндээс шалгарсан шилдэг тамирчдад гадаадын холимог тулааны мэргэжилтэн нар санал тавьж, гэрээ байгуулдаг болсон. Одоо манай тамирчид дэлхийн холимог тулааны бүх холбоонд тулалдаж байгаа.

Ж.Нарантунгалаг “One championship”-ийн дэлхийн аварга болсон. Ж.Нарантунгалагийн шавь  Д.Батгэрэл UFC-д тулалдаж байгаа. Одоо гадны холимог тулааны мэргэжилтнүүд “MGL”-ийн тэмцээнийг харж, хүлээдэг болсон. Тэд “MGL”-ийн аваргуудтай гэрээ хийх сонирхолтой байдаг. Манай “MGL”-д түрүүлсэн аваргууд гадны холимог тулааны тэмцээнд тулалдаж, амжилт гаргаж яваа. Одоо АНУ-д “MGL”-ийн хэд хэдэн аварга тулалдаж байна. Мөн “One championship” болон “bellator”, “dragon house” холбоонд тулалдаж байгаа.

-Монголын холимог тулааны холбоог хэн удирдаж байгаа вэ. Байлдааны самбо бөхчүүд “Fighting”-ийн холбоог байгуулж байсан. Тэр холимог тулааны холбоо мөн үү?
-Монголын холимог тулааны холбооны ерөнхийлөгчөөр Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл ажиллаж байна.  Холимог тулааныг Монголд анх орж ирэх үед тодорхой оновчтой нэршил өгч чадахгүй мэргэжлийн бөх, дүрэмгүй зодоон гэж янз бүрээр нэрлэж байсан. Бид анх “MGL” буюу Монголын холимог тулааны холбоог байгуулж ийм нэршлийг бий болгосон юм.  “MGL”-ээс кикбокс, каратэ болон мэргэжлийн тулааны спортын олон аварга  тамирчин төрөн гарсан.

-“MGL”-д зөвхөн танай холимог тулааны тамирчид орж тулалддаг юм уу. Бусад тулааны спортын тамирчин тулалдах нь нээлттэй юу?
-Манай холбооноос тэмцээнийг зохион байгуулан явуулж, Монголын шилдэг тулааны аваргыг шалгаруулдаг. “MGL” тэмцээн тулааны урлагаар хичээллэж байгаа бүх тамирчинд нээлттэй. “MGL”-д зөвхөн тулааны спорт гэлтгүй, жүдо, самбо, чөлөөт бөх, жүи жицү гээд ямар ч төрлийн тамирчин тулалдаж болно. Одоо бид  “MGL” 14 дэх удаагийн тэмцээнээ зохион явуулах гэж байна. Энэ 2020 оны сорил “MGL” тэмцээнд сонирхогчдын боксын ОУХМ болон  мэргэжлийн боксын тамирчин, жүдо бөхийн залуучуудын УАШТ-ий хошой аварга тамирчин, тулалдах санал хүсэлтэй илэрхийлсэн байгаа.

-Өөрийн тань сэтгэлд мартагдашгүй хоногшин үлдсэн, хүнд  тулаан гэвэл? 
-Би 2011 онд Америкийн каратэгийн  аварга болсон. Тэр тулаан их эвгүй, сэтгэл догдлуулсан.  2010 оны Америкийн аварга болсон Японы тамирчинтай тулаан хийсэн. Эхний үед би түүний эрүүнд хориотой цохилт хийж унагаад,  сануулга авч хагас онооны торгуулиар хожигдож эхэлсэн.  Сүүлийн 30 секунд дутуу байхад  зүтгэсээр оноогоо тэнцүүлж авсан. Тэмцээний үндсэн цагт бид  оноо авалгүй хоёр ч удаа цаг сунгаж тулалдаад, хамгийн сүүлд  би түүний  толгойд нь  кеаги буюу хөлийн цавчилттай цохилт хийж унаган  ялж, Америкийн аварга болсон.

-Тэр үед өөрөө Америкт амьдарч байсан юм уу?
-Монголоос очиж тулалдаж түрүүлсэн. Америкт амьдардаг Хаянгаа багшийн шавь “Даша дожэ” байгуулан ажиллуулдаг юм. 2010 оны Америкийн аварга шалгаруулах тэмцээний 70 кг-д “Даша дожэ” клубийн тамирчид түрүүлж чадсангүй. “Чи Монголоос ирж манай клубийн нэрийн өмнөөс тулалдаач” гэж урьсан. Тэдний урилгаар 2011 онд Америкт очиж  рюкүкан каратэгийн  аваргад, 2013 онд Америкийн Зүүн бүсийн аваргад түрүүлж, аваргын бүсийг нь хүртсэн.

-Япон, Америкаас өөр улсад очиж тулаан хийж байсан уу?
-Өмнөд Солонгос, Тайландад очиж кикбокс, муатайгаар тулалдаж байсан.

-Одоо Монголд тулааны урлагийн  хөгжил ямар түвшинд байна вэ?
-Фитнессийн клубүүдэд чадах, чадахгүй, мэдэх, мэдэхгүй хүмүүс тулааны урлагийг зааж байна. Тулааны спортыг заана гэдэг тийм хялбар зүйл биш. Эрсдэл ихтэй спорт. Чадваргүй, мэргэжлийн бус хүн,  бусдын эрүүл мэндээр тоглож, амь насанд нь аюул учруулах эрсдлийг бий болгож байна.  Тулааны техникийг бүрэн эзэмшиж сураагүй, өөрийн биеэр тулааныг цусаараа, яс махаараа мэдэрч үзээгүй хүмүүс энэ спортыг зааж байгаа нь аюултай.

Хөл, гарын аль хэсгээр өрсөлдөгчийн хаана цохилт өгөх ёстой вэ гэдгийг ч мэдэхгүй. Цохилтын хүчийг тохируулах мэдрэмж ч суугаагүй  хүн өөрийгөө багш гээд байна. Хамгийн энгийн жишээ гэхэд бие халаалт дутуу хийж, хүчээр сунгалт хийгээд  шөрмөс болон  хялгасан судсаа тасалж, үе холбоосоо гэмтээх жишээтэй.  Тулаан зааж байгаа нь буруу биш. Гол нь мэргэжлийн өндөр түвшинд мэргэшиж байж бусдад тулаан заах ёстой.

-Монголд холимог тулааны мэргэжлийн багш, дасгалжуулагч байгаа юу?
-Холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг, Аяро Жүнүчи багш хоёроос өөр хүн Монголд байхгүй.  Өөр өөрсдийн тулааны төрлөөр бэлтгэгдэж, мэргэшсэн багш нар бол бий.


URL: