Есдүгээр сарын 10-аас өмнө самар түүвэл торгоно

wow

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

saraa Есдүгээр сарын 10-аас өмнө самар түүвэл торгоно

/БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл/

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ ” Монгол Улсын газар нутгийн 7.9 хувийг ой бүрхдэг. Байгалийн талбайн таван хувь нь хуш мод байдаг. Энэ жил улсын хэмжээнд 10 аймгийн 63 суманд самар ургасан. Үүнээс найман аймгийн 25 суманд ургац ихтэй байгаа юм. Ойн тухай хуулийн 38.7-д их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар, дунд ургацтай жил бол зөвхөн ахуйн хүрээнд, бага ургацтай жил аль алинаар нь түүхгүй гэж заасан.

Ойн тухай хуулиар болон сайдын баталсан журам, Засгийн газрын баталсан тогтоолоор есдүгээр сарын 3-аас дараа жилийн гуравдугаар сарын 15 хүртэл самар түүх журамтай. Гэтэл одоо түүгээд зарж борлуулж байна. Энэ нь хууль зөрчсөн, модоо гэмтээсэн, мөхөх аюулд хүргэсэн явдал юм. Бид бүх зүйлий хууль номынх нь дагуу хийвэл ямар нэгэн асуудал үүсэхгүй.

Самар түүх зөвшөөрлийг тухайн орон нутгийн хариуцсан сум болон сум дундын ойн ангиас, ойн анги байхгүй бол байгаль хамгаалагчаас авдаг аж. Ахуйн зориулалтаар самар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэлх, судалгаа шинжилгээ хийхээр бэлдэж байгаа бол 10 кг хүртэлх, үйлдвэрлэлийн зорилгоор бэлдэж байгаа бол тус газрын нөөцийнхөө 40 хүртэлх хувийг бэлтгэж болно гэдгийг мөн яамны мэргэжилтэн хэллээ.

Мөн Экологийн цагдаагийн албанаас “Самарыг түүж бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлгийн наймдугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу 5400 нэгж буюу 5 сая 400 мянган төгрөгөөс 27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл зорчих эрхийг 1-5 жилийн хугацаагаар хасах, 1-5 жил хорих ял шийтгэхээр хуульчилсан. Тиймээс иргэдэд зөвшөөрлийн хугацаанд түүж бэлтгэхийг анхааруулж байна” гэлээ.


URL: