Насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг дөрвөн халамжийг банканд оочирлолгүйгээр цахимаар авах боломжтой боллоо

unnamed-6

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хуралдаантай холбоотой мэдээлэл өгч байна.
Өнөөдрөөс эхлэн нийгмийн халамжийн Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх настай хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Одонтой ээжийн тэтгэмжийг банкинд очилгүйгээр цахимаар бүртгүүлэн, дансандаа авах боломжтой боллоо.
Өөрөөр хэлбэл, хороо дүүрэгт очихгүйгээр цахимаар бүртгүүлэн халамжийн мөнгөө авах боломжтой болжээ.
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлээр 6 хууль хэрэгжиж, хуулийн хүрээнд 1.5 сая иргэдэд төрөөс зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээг үзүүлдэг. Энэ халамж арга хэмжээг аймаг, дүүргийн халамжаар дамжуулан хүргэдэг.
Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгыг дэвшүүлсэн. Зургаан хуулийн дагуу үзүүлж буй 12 үйлчилгээний төрөлд 1.5 сая хүн хамрагддаг бол эдгээрээс дөрвийг нь өөрийн биеэр очихгүй цахимаар бүртгүүлэн, дансандаа мөнгөө шилжүүлж авах боложмийг бүрдүүлэн өнөөдрөөс эхлэн Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох ehalamj.mn сайтыг нэвтрүүллээ. Ehalamj.mn цахим хуудсаас гадна ТҮЦ машин, Ebarimt системээр тухайн үйлчилгээг авч болох юм.
Системийг нэвтрүүлснээр бид төрд байгаа бүхий л мэдээллийн системийг нэгтгэж чадсанаар 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр цахимаар авах болсон. Энэ нь иргэнд ирж буй дарамт, чирэгдлийг багасгаж байна. Цаашдаа сайжруулалтыг тасралтгүй хийж, үлдсэн найман халамжийг цахим системд нэвтрүүлнэ.
Банкуудад үүсдэг дарааллыг бууруулах бөгөөд ачаалал буурна. Эмзэг бүлгийн хүмүүс банкны картгүй байх тохиолдол байдаг тул банкуудад уриалга хүргүүлсний үр дүнд Төрийн банк тэтгэврийн насныханд цахим картыг үнэ төлбөргүй олгох, АТМ-ээр шимтгэлгүй үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Цахим систем нэвтэрснээр уламжлалт арга давхар явах хэдий ч бага багаар шилжүүлэн бүрэн цахимжуулан, дансаар олгодог болгох юм” гэлээ.
2019 оны байдлаар Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй ээжүүдийн мөнгөн тэтгэмжийг 81.6 мянга
Одонтой ээжийн мөнгө 223.2 мянга Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмийг 212,462 Насны хишгийг 138,383 хүн авсан бөгөөд эдгээр хүн цахим системд бүртгүүлэн, шууд дансандаа мөнгөө авах боломжтой болж байна.

URL: