Долоогчдын шүлс, долоолгогчдын өгзөгний хэмжээг зааж өгнө үү…

12932

За энэ нэг л биш ээ. Угшилдаа байна уу, уламжлал нь энэ үү, улаан намдаа учир нь оршино уу? ЭМ-ийн залуу сайдыг Сэлэнгийн эмч ажилтнууд ярайтал эгнэж зогсчихоод, ярсхийтэл алгаа ташаад, яг Дүүриймаадаад угтдаг гэнэ ээ. Цэргийн хээрийн сургуулилтад очсон Ерөнхий сайдыг бас л хэдэн арван алд улаан хивсэнд хулдаад, хэтэрхий долоогоод байсан. Гэтэл нөгөө улаан хивс чинь энд бас явж байна. Т. Мөнхсайханд таалагдсан, үгүйг өөрөө хэлнэ биз. Энэ сайд дарга нар чинь ямар сансарт нисээд, эсвэл дэлхийг авраад, нэг бол харь гаригийнхантай холбоо тогтоогоод, за бүр замыг ганц хоромд тавьдаг технологи нээгээд, нэг бол хорт хавдрыг ул мөргүй устгачихаа юу? Дөнгөж л нэг юм сонгуулийнхаа ард гарч, Засгийн газраа эмхэлж, тамга тэмдгээ аваад талаар нэг тарсан ажлаа тархиндаа ойлгож ядан явна. Тийм байтал ингэж долоож, тэгж тэнэгтэхгүй ээ. Эсвэл Сэлэнгийн эмнэлгийн бүх асуудлууд шийдэгдээд, бүх өвчнийг эмчилдэг болчихоод, эмч сувилагч нарынх нь цалин байх ёстой хэмжээнд хангалттай хүрч, өвчтөн, эмчлүүлэгчдийн ор дэр бүгдэд хүрэлцээтэй болсныхоо баярыг хийж байгаа юм уу? Эм тариа хангалттай, ариутгал, хагалгааны хэрэгсэл бүрэн дүүрэн, өвчтөн хүн ганц ч тариа, ганц ширхэг эм гаднаас зөөхөө байсны баяр юм уу? Тоног төхөөрөмж тоононд тулж, авдаг цалин авдар дүүргэв үү, яг юу болов оо? Ерөөс ойлгохоо байлаа. Эрүүл мэндийн даатгалаас олгогддог мөнгө, хөнгөлөлттэй эм тариа бүгд авдар дүүрэн, асуудал байхгүй гэж ойлголоо, зөв үү? Тийм болоод л ярсхийтэл инээж, ярайтал эгнэж, яруу алдарт ЭМ-ийн сайдыг язганасан алга ташилтаар, бахархал хүндэтгэлтэйгээр угтаж байгаа юм байна. Нэртэйгээр нь нэмээд цэцэг, тариан тэрүүгээр булаач, наад сайдыгаа. Оргилуун дарсаа буудуул, оосор бүчгүй орд цагаан гэртээ саатуул. Арслан тайжаас юунд дутах билээ, амнаасаа ундаал, аваад үлд яршиг. Арай л дутуу долоогоод байна уу, үгүй юу? Энд сайн эмч, ажилдаа эзэн болсон сувилагч асрагч нар олон байгаа, битгий ингэж нэг нэгнийгээ хөөдөөд бай л даа. Ирсэн нь ч, угтсан нь ч ингэтлээ онигооны баатар болох хэрэг юу байна? Төдөлгүй бусад аймгууд дутахгүй гэж өндөлзөөд, буцахгүй гэж өнгөлөөд, нэг нэгнийхээ дээр гарах гээд хэдэн давхар хивс дэвсэх вий дээ. 21 дэх аймаг 21 давхар хивс дэвсээд, хэдэн арван эгнээ угтагч зогсоогоод, ардын хөгжим, ансамблийн бүжигчидтэй угтаад, нөгөө сайд гуай жинхэнээсээ сансарт нисээд, саран дээр буугаад, унахдаа ууцаа хугалах вий дээ. За ер нь тиймэрхүү л юм болдог доо. Энэ хөдөө орон нутаг, албан байгууллагууд, компаниудад хийдэг сайд дарга нарын айлчлалын дэг жаяг, угтах, үдэх зарчмыг заасан хууль дүрэм байна уу? Байхгүй бол бялдуучдын хэнээрхэл, балинчдын бялуурал, долоогчдын хэл, долоолгогчдын бөгс, шүлсдэгчдийн шүлсний хэмжээг хормоор зааж, хуруу сөөмөөр хэмжиж өгнө уу, Төрийн ёслолын журам, Төрийн ёслолын алба гэж байдаг даа…

Эмүжин


URL: