Тусгаарлах байрнуудыг шалгаж байна

-4240618131545645179_800_x_472

Тусгаарлах байрнуудын орчин, нөхцөл, хоол, үйлчилгээтэй холбоотой гомдол өдөр бүр шахам гарч буй. Улсын хэмжээнд тусгаарлах зориулалтаар ашиглаж буй байрнуудын 25 хувь нь гал тогоогүй, халуун усгүй, нийтийн ариун цэврийн өрөөгүй, нүхэн жорлонтой байгааг өнгөрсөн сард хийсэн албаныхны шалгалтаар тогтоож, зөрчил, дутагдлыг арилгуулсан билээ. Гэсэн ч иргэдийн гомдол, санал буурахгүй байгаа тул УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг тусгаарлах байрнуудын үйл ажиллагааг энэ сарын 25-наас олон нийтэд нээлттэйгээр шалгаж байна. Нийслэлийн хэмжээнд 63 байрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж буй аж. Эхний ээлжид тусгай үүргийн онгоцоор ойрын хугацаанд ирэх иргэдийг байрлуулах зочид буудлуудын орчин нөхцөл, хоол, үйлчилгээ, ариутгал, цэвэрлэгээг шалгах аж. Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор эх орондоо өнөөдөр ирэх иргэдийг тусгаарлах “Тайж бизнес” зочид буудлын үйл ажиллагаатай албаныхан өчигдөр танилцсан. Шалгалтын үеэр зочид буудлын ажилчид “ОБЕГ-аас гаргасан хоолны жишиг цэсийн дагуу иргэдэд үйлчилж байгаа. Тэгэхэд иргэд тусгаарлагдах хугацаандаа хариуцлагагүй, тэвчээргүй, бүдүүлэг авирлах нь цөөнгүй. Янз бүрийн юм нэхэж, шалгаах зэргээр хүндрэл учруулдаг” гэсэн бол Шуурхай штабын ажлын хэсгийнхэн “Тусгаарлах байрнуудын орчин нөхцөл харилцан адилгүй байгаа нь үнэн. Өдөрт бидэнд иргэдээс хэдэн арван гомдол ирдэг. Тэр болгоныг шийдүүлэхээр газар дээр нь ийнхүү ажиллаж байна. “Тайж бизнес” зочид буудлынхан тусгаарлах зориулалтаар үйл ажиллагаа явуулснаас хойш эд хогшил, хаалга, ширээгээ эвдүүлсэн талаар хэллээ. Эдгээр шалтгаанаар дахин хүн авахгүй гэсэн газар ч бий” гэлээ. Шуурхай штабынхан дээрх үйл явцыг шууд мэдээлж буй бөгөөд зөрчилтэй зарим зочид буудлыг шалгахгүй, “тойрч” байгааг иргэд шүүмжлэв.

Unuudur.mn


URL: