XVIII зууны далайн дээрэмчдийн онгоц “Waydah”

Хэрвээ Монголд газар доорхи археологийн судалгаа малтлага овоо хөгжсөн байдаг бол далайд гарцтай улс орнуудад усан доорхи археологи ихэд хөгжлөө олсон байдаг нь мэдээж ойлгомжтой хэрэг буй за. Усан доорхи археологи нь археологийн нэгэн салбар шинжлэх ухаан бөгөөд олон зуун жилийн өмнөөс усан доор хадгалагдаж ирсэн хуучны эд эдлэл, бусад зүйлсийг судалдаг юм. XX зууны эхэн үеээс сууриа тавьсан эхэхүү шинжлэх ухаан нь удалгүй түүхийн шинжлэх ухаанд томоохон байр суурь эзлэх болсноор өнгөрсөн зууны 70-аад оноос ихээхэн хөгжиж дэвшжээ.
Усан доорхи археологийн нэгэн сонирхолтой судалгаа бол Бэрри Клиффорд хэмээх америкийн судлаачийн 1984 онд малтаж гаргасан далайн дээрэмчдийн “Waydah ” хэмээх усан онгоц юм. Энэхүү живсэн онгоц нь анх удаа уснаас олдсон томоохон олдвор болсон бөгөөд судалгаа нь 15 жил үргэлжлэх хугацаанд нийтдээ 200.000-аад биет олдвор олдсон гэнэ. Цугларсан эдгээр олдвороор Үндэсний газарзүйн нийгэмлэг “Жинхэнэ далайн дээрэмчид” нэртэй үзэсгэлэнг 2007 онд гаргасан бөгөөд энэхүү үзэсгэлэн нь АНУ-ын олон мужаар аялан олны сонирхлыг татсаар байна. Тексас мужийн Хюстон хотын Байгалийн шинжлэх ухааны музейд энэхүү үзэсгэлэнг үзэх сайхан завшаан надад олдсон билээ. Үзэсгэлэнгийн үнэ нь музейн үзмэрийн үнээс тусгай байсан ч үзэх сонирхох зүйл нь үлэмж баялаг байсныг дурдах хэрэгтэй.
Эдийн засгийн хямралын үед үзэгчдийг хэрхэн музей рүү татах вэ гэдгийг эндээс харж болох байлаа. Сүүлийн үеийн техник теxнологийн дэвшлийг өргөнөөр ашиглаж чадсан төдийгүй бас үзүүлэндээ биет үзмэрийг хослуулан тавьснаараа манай Монголын музейнүүдээс хол ялгаатай байсныг дурдая.
1715 онд анх Английн Лондон хотоос гараагаа эхэлсэн энэхүү хүчирхэг усан онгоц нь Лондон-Африк-Америк гэсэн чиглэлээр тээвэр хийдэг байсан бөгөөд голдуу Африкийн негрүүдийг Америкт аваачин боолын ажилд зүтгүүлэх зорилгоор зөөдөг байжээ. Гэвч 1717 онд далайн дээрэмчид энэ онгоцыг ганц ч  буу дуугаргалгүйгээр олзлон авч, өөрсдийхөө хар үйлд ашиглаж эхэлсэн түүхтэй гэнэ. Тэр үедээ л дээрэмчдийн аливаа халдлагыг сөрөх чадвартайгаар хурд хүч сайтай баригдсан энэхүү усан онгоц нь далайн дээрэмчдийн түүхэнд байгаагүй асар их алт мөнгө болон үнэт эдлэл тээж явсан бөгөөд тэр нь одооны ханшаар тооцвол 6-8 тэрбум долларт хүрнэ гэнэ шүү. “Овоо муу гарууд байж шүү”
Далайн дээрэмчдийн ахлагч Сэм Бэллами гэгч англи эр нь багаасаа усан цэргийн эрдэмд гарамгай нэгэн байсан гэдэг. “Хар Сэм” хочит тэрбээр нэгэн үзэсгэлэнт бүсгүйд дурлаж түүнтэйгээ хуримаа хийн гэр бүл болно хэмээн мөрөөддөг байсан хэдий ч ядуугийн харгайгаар үүнийгээ гүйцэлдүүлж чадаагүй аж. Ядуу хоосон байдалдаа өширхсөн тэрбээр хуримын зардлаа хялбар аргаар олохын тулд анх далайн дээрэмчдийн багийг бүрдүүлсэн түүхтэй гэх. Түүний баг 150 дээрэмчидтэй байсан бөгөөд тэдэнд нас хүйс, яс үндэсний ялгаа гэж байгаагүй бололтой. Эдгээр “сайн эрс”-ийн хамгийн балчир нь болох 11 настай жаалхүү Жон Кинг нь байлдааны үеэр их бууны дарь зөөдөг байжээ. Анх малтлагын үеэр бяцхан дээрэмчний хөлний яс бас гутал нь олдсон ажээ. Эхэн үедээ судлаачид “дээрэмчдийн багт жижигхэн бие хаатай нэгэн байж” хэмээн дүгнэсэн байна. Гэвч тэр үеийн ном судар, архивийн материалыг сөхөж үзсэнээр тэдний дунд үнэхээр ийм нэгэн жаалхүү  байсныг нотолсон гэдэг. Жил гаруй хугацаанд Карибийн тэнгэсээс Флорида хүртэлх замд дээрэм халдлага үйлдсэн “Хар Сэм” хайрт бүсгүйтэйгээ учран золгох гэж яваад далайн шуурганд өртсөнөөр алдарт онгоц нь сүйрсэн түүхтэй. Гэхдээ дээрэмчдийн энэхүү цуут багийн “хоёр ч гишүүн нь эсэн мэнд үлдсэн” гэх бөгөөд нэг нь гэм зэмгүй, албадлага хүчээр тэдний эгнээнд элсүүлэгдсэн болох нь шүүх хурлаар нотлогдсоноор өршөөгдсөн бол нөгөөх нь индиан хүн байсан тул шүүх хурал түүнийг боол болгохоор шийджээ.
Далайн дээрэмчдийн алтан үед багтах “Waydah” усан онгоц нь ийнхүү түүхийн үзүүлэн болж америкчуудын сонирхлыг ихээр татаж байгаа төдийгүй усанд доорхи археологийн ухааны чадварыг ч нотлон харуулж чадсан сайхан үзэсгэлэн боллоо.
Д. Энхчимэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.