Ажлын байрандаа хүрэн баавгайн арьс хадгалж байсныг илрүүлжээ

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны алба хаагчид 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У нь гэрийнхээ үүдний амбаартаа ховор ан амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн гавлын яс, сарвуутай арьсыг хууль бусаар олж авч хадгалсныг илрүүлжээ.

 13136

Мөн СХД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компаний ажилчдын байранд иргэн Д гэгч нь ажлын байрандаа ховор ан амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн арьс хадгалж байсан гэх үйлдлийг илрүүлж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн Нэг, хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагааг тус тус үргэлжлүүлэн явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн байгууллагын шалгалтаар холбогдогч этгээдийн үйлдэл нотлогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5-д зааснаар хариуцлага хүлээлгэнэ

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


URL: