Эрлэгийн үүд буюу чанаргүй цахилгаан шат

sfdfdfdf“Голден парк” хотхон 103 дугаар байр. Цахилгаан шат нь хоёулаа ажиллагаагүй болжээ

Бага насны хүүхдээ тэвэрсэн эцэг, эх, ач, зээгээ хөтөлсөн эмээ, өвөө нар XVI давхрын шатаар өөд, уруу амьсгаадан явах аж. Хоёр цахилгаан шатных нь дэргэд “Даац мэдрэгч гэмтсэн тул 1-2 хүн үүднээс хол зогсож зорчино уу. Сэлбэг засвар наймдугаар сарын 20-нд ирнэ. Тэр болтол энэ дүрмийг баримтална. Та бүхэнд хэцүү байгааг ойлгож буй тул хүлээцтэй хандана уу. Бие биедээ хатуу шаардлага тавьж, 1-2 хүн л зорчоорой. Үүд болон хажуу бус, зөвхөн гол хэсэгт зогсоно” хэмээх сануулга бичсэн байв. Харин нь үүдэнд “Ноцтой гэмтсэн тул сэлбэг ирж, засвар дуустал зорчихгүй байхыг хүсье” гэжээ.

Бага насны хүүхдээ тэвэрсэн хос шатаар бууж ирэхтэй I давхарт таарлаа. Залуу “Манай байрны цахилгаан шат хэзээнээсээ л асуудалтай. Байнга гацаж, эвдэрнэ. Үнэхээр төвөгтэй. Бид IX давхарт амьдардаг. Шатаар л явж байна” гэв. Тэнд хэзээнээс амьдарч буйг лавлахад эхнэр нь “Том хүүхдээ төрүүлэхээс жилийн өмнө, 2014 онд нүүж ирсэн” гэв. Тор дүүрэн хүнс барьсан бүсгүй тэдэнтэй зөрөн, шатаар мацав.

Сонгинохайрхан дүүргийн XVIII хороонд орших “Залуус” хорооллын барилгыг одоогоос зургаан жилийн өмнө буюу 2014 онд ашиглалтад оруулсан. Тус хороолол долоон орц, 1360 айл, 14 цахилгаан шаттай. Оршин суугчдаа хүлээж аваад зургаахан жилийн нүүр үзэж буй энэ барилга дэндүү чанаргүй, хуучны зарим сууцаас ч хэврэг гэдгийг оршин суугчид нь хэлсэн. Харагдах байдал нь ч үүнийг нотлов. Оршин суугчдын санааг хамгийн их зовоодог зүйл нь байсхийгээд л эвдэрдэг цахилгаан шат. Гацах, товч нь ажиллагаагүй болох тохиолдол байнга гардгаас иргэд шатаар явах, хоёр зээрдээрээ өгсөж, уруудах нь аюулгүй гэж үзэх болж.

AYA2936_copy Эрлэгийн үүд буюу чанаргүй цахилгаан шат

“Залуус” хорооллын 48б байрны цахилгаан шатны татлага тасарсны улмаас дотор нь зорчиж явсан хоёр иргэн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн тухай мэдээлэл өнгөрсөн сарын 20-доор гарсан. Үүний улмаас цахилгаан шатыг түр “акталж”, оршин суугчид нь хагас сарын хугацаанд хүүхэд, хөгшидгүй шатаар жирийлгэх болжээ (дээр өгүүлсэнчлэн). 48Б гэлтгүй бүх байр ийм зовлонтойг тэндхийнхэн онцоллоо. Цахилгаан шат болгоны гадна, дотор хэсэгт аюулгүй ажиллагаатай холбоотой санамж, сэрэмжлүүлэг, засварчин дуудах утас зэргийг бичсэн байв. Хариуцсан байгууллага нь хяналтаа сайжруулж, цахилгаан шатны засвар, арчлалтыг тогтмол хийхгүй бол дээрх явдал “Залуус” хороололд давтагдахгүй гэх баталгаа алга.

Байр ашиглалтад ороод удаагүй байхаас л цахилгаан шаттай холбоотой асуудал үүсжээ. Суурилуулсан компанийнхан нь засвар арчлалт, аюулгүй ажиллагааг хариуцдаг байсан учир шүүмжлэл, хэл амнаас болгоомжилж, гэмтэл саатал гарах бүрт чимээгүйхэн шийддэг байжээ. Жил ирэх тусам цахилгаан шат эвдрэх, гацах нь ихсэж, хариуцсан компанийнхан нь гэрээгээ цуцалсан гэнэ. Ингээд “Залуус-1” СӨХ-ныхон энэ чиглэлийн компаниудад хандтал цахилгаан шатыг нь “Чанаргүй, асуудалтай, засахад бэрхшээлтэй” гэж оношлон, хариуцахаас татгалзсан байна.

“Залуус-1” СӨХ-ныхон “Анхнаасаа чанаргүй, муу цахилгаан шат суурилуулсан юм билээ. “Улаанбаатар лифт” НӨҮГ-ынхан хянан магадлаад “Ашигласан жил хамаарахгүй солих шаардлагатай, аюултай” гэж дүгнэсэн. Нэг цахилгаан шат солиулахад 70-90 сая төгрөг болдог учраас оршин суугчид мөнгө нийлүүлээд, эсвэл СӨХ дангаараа шийдэх боломжгүй. Н.Учрал гишүүн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ л энэ асуудлыг шийдэж өгнө гэж амласан. Тиймээс бид УИХ дахь гишүүдэд хандаад байна” гэв. Сүүлд гарсан ослын талаар тодруулахад “Манай байрны цахилгаан шатнууд 2-3 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Тийм санамж ч бичсэн байгаа. Осол гардаг өдөр дөрвөн том хүн суусан юм билээ. Татлага тасарсан гэдэг худлаа. Ачаалал хэтэрсэн учир зогсохдоо хүчтэй доргилт үүсгэсэн. Мэргэжлийн байгууллагынхан ч ингэж дүгнэсэн” гэв. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагынхан “Цахилгааны шатны тоормос нь ажиллагаагүй болсон гэж урьдчилан дүгнэсэн. Эцсийн дүгнэлт гараагүй. Хүн гэмтсэн учир энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлээд буй” гэлээ.

AYA2937_copy Эрлэгийн үүд буюу чанаргүй цахилгаан шат

“Залуус-1” СӨХ-ныхон “Осол гарах үеэр хоёр хүний хөл хугарсан гэж мэдээлж байгаа нь ташаа. Зорчигчид хөнгөн зэргийн гэмтэл авсан” гэсэн бол оршин суугчид “Иргэд ноцтой гэмтсэн гэсэн. Цахилгаан шат хэвийн болсон ч суухаас айж байна” хэмээн ярилаа. Гэмтсэн гэх иргэдээс болсон явдлыг тодруулахаар оршин суудаг байрных нь хүмүүсээс сураглахад мэдэх хүн олдсонгүй. Тэдгээр иргэн хэвтэн эмчлүүлж байгаа гэх ГССҮТ-ийнхөнд ч хандлаа. “Эмчлүүлэгчийн талаар хувийн мэдээлэл өгдөггүй. Үнэхээр манайд эмчлүүлж байгаа нь үнэн бол биднээс биш, өөрсдөөс нь мэдээлэл авах нь зүйтэй” хэмээн цааргалав.

“Залуус” хорооллынхонтой ижил зовлонтой бас нэг хотхонд манай сурвалжлах баг очлоо. Тэр бол Баянгол дүүргийн IV хорооны нутаг, X хорооллын автобусны буудал ( урд)-ын өмнө байх “Голден парк” хотхон. Дээрх хорооллоос хоёр жилийн өмнө ашиглалтад орсон, насжилтын хувьд залуу, хотын төвд байрлах тус хотхоныг “Эко констракшн” компани барьжээ. Ашиглалтад оруулсны дараа жилээс эхлээд л цахилгаан шат нь асуудал дагуулах болж. Тэнд дэлгүүр ажиллуулдаг иргэн “Манай хотхон цахилгаан шат нь эвдэрдгээрээ алдартай. Гэнэт гацна, хэцүү. Хүүхдээ ганцааранг нь явуулахаас айдаг” хэмээн ярив.

Биднийг өчигдөр очиход (12.00 цагт) 103 дугаар байрны хоёр цахилгаан шат “ажил хаячихсан” байв. Засварчин гэж өөрсдийгөө танилцуулсан залуус “Нэгийнх нь татлага эвдэрчихсэн, ажиллахгүй байгаа. Нөгөөг нь өчигдөр орой (уржигдар) согтуу залуу өшиглөөд, гацаачихаж. Ингэсхийгээд янзалчихна аа. Асуудалгүй” гэж оршин суугчдадаа учирлаж, тал засах аж. Зарим иргэн “Дахиад л…” хэмээн бухимдаад, шатаар өгсөж байлаа.

Тус байрыг хариуцдаг “Баянбулаг” СӨХ-ныхон “Мэргэжлийн байгууллагынхан манай байрнуудын цахилгаан шатны чанар, хүчин чадлыг нь дүгнээд, 16 биш, найман давхар сууцанд тохиромжтой гэсэн. Засвар, үйлчилгээ хариуцсан компани нь гэрээгээ цуцалсан. Татлагыг нь солиулсан ч байсхийгээд л эвдэрчихдэг. Нэмэргүй. Оршин суугчдын амь, эрүүл мэндтэй холбоотой учраас бид чадлынхаа хэрээр анхаарч, засаж шинэчлэх, солих ямар боломж байгааг эрэлхийлдэг” гэв.

”Залуус” хороололын 48б байрны ”актлагдсан” цахилгаан шат

AYA2942_copy Эрлэгийн үүд буюу чанаргүй цахилгаан шат

Холбогдох хууль, журмаар бол 20-30 жил ашигласан цахилгаан шатыг тодорхой нөхцөлтэйгөөр (ноцтой эвдрэлтэй, засахад их хэмжээний хөрөнгө шаардагдах) төсвийн хөрөнгөөр шийдэх боломжтой гэнэ. Гэвч дээрх хороолол, хотхоны цахилгаан шат ашиглаад 10 жил ч болоогүй гэх шалтгаанаар энэ боломжоос хязгаарлагддаг гэнэ. Зардал нь өндөр учраас СӨХ, оршин суугчид солиулж, шинэчилж хүчирдэггүй, холбогдох байгууллагынхан “Хугацаагаа гүйцээхээс нааш шийдэх боломжгүй” гэж хатуурхдаг аж. “Эрэг, шураг” нь зөрсөн энэ зохицуулалтын улмаас олон мянган иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Яг үүнтэй ижил шалтгаантай, засвар, үйлчилгээ даруй хийх шаардлагатай цахилгаан шат нийслэлд цөөнгүйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох мэргэжилтэн онцоллоо.

Тав, арав бүү хэл ашиглаад ганц, хоёр жил болсон цахилгаан шатнууд эвдрэх, гацах, унах тохиолдол сүүлийн үед олширсон. Төв талбайн зүүнтээ орших, тансаг зэрэглэлийн гэх тодотголтой зочид буудал үүдээ нээгээд удаагүй байхад цахилгаан шат нь унаж, үйлчлүүлэгчдээ сандаргасан. Өнгөрсөн жил оршин суугчдаа хүлээж авсан “Алтай” хотхоны шинэ байрны цахилгаан шат гацаж, бүтэн өдөржин ажиллагаагүй болсон тохиолдол саяхан гарлаа. Барилгынхан, бүр тодруулбал, ийм бүтээгдэхүүн нийлүүлэгч компанийнхан, түүний засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, СӨХ-ныхон цахилгаан шатны чанар, аюулгүй байдалд хянамгай хандаж, хаана, хаанаа хариуцлагатай байх хэрэгтэйг энэ бүхэн сануулсаар. Ялангуяа барилгын чанарыг анх үнэлж, хүлээж авдаг Улсын комиссынхон ч, оршин суугчид ч энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай болжээ.

unuudur Эрлэгийн үүд буюу чанаргүй цахилгаан шат


URL: