ДЭМБ-ын тэргүүн цар тахалтай хийх тэмцэлд Монгол Улсын гаргаж буй амжилтыг сайшаажээ

13170

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхий дахин дараагийн цар тахалд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж даваа гарагт мэдэгдэж, нийгмийн эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулахыг улс орнуудад уриалжээ.

Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр  Т.Гебрейесус  “Энэ бол сүүлийн цар тахал биш. Халдварын тархалт, цар тахал нь хорвоогийн жам гэдгийг түүх батлан харуулж байна. Дараагийн цар тахал дэгдэх үед дэлхий дахин илүү их бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж  хэлжээ.

Мөн ДЭМБ-ын тэргүүн коронавирусний халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг сайн авч хэрэгжүүлсэн орнуудыг сайшаасан бөгөөд үүнд Монгол, Итали, Маврики, Уругвай зэрэг орон багтсан байна.

Энэ талаар “Монгол Улс шаардлагатай арга хэмжээнүүдийг маш эртнээс авч хэрэгжүүлж, нэгдүгээр сард Улсын онцгой комисс байгуулсан. Үүний үр дүнд БНХАУ-тай хил залгаа оршдог хэдий ч халдварын тохиолдол гуравдугаар сар хүртэл илрээгүйн зэрэгцээ өнөөдрийг хүртэл халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна” гэж Т.Гебрейесус мэдэгджээ.

БНХАУ-д 2019 оны 12 дугаар сард коронавирусний халдварын анхны тохиолдлууд илэрснээс хойш дэлхий даяар өнөөдрийн байдлаар 27.19 сая хүн халдвар авч, 888326 хүн нас барсан байна.

Эх сурвалж: Reuters


URL: