Ц.Даваасүрэн: Бид Ц.Шинэбаярыг өмөөрч дуугарах эрхтэй

МАХН-ын түр штабын гишүүдийн талаар байр сууриа илэрхийлж намын даргадаа ил захидал илгээсэн гишүүдийн нэг Ц.Даваасүрэнгээс тодруулга авлаа.

-Ил захидал илгээсний дараа намын дарга та бүхнийг дуудаж уулзсан гэсэн, юу ярьсан бэ?

-Бид өөрсдийнхөө санаачилгаар энэ асуудлыг тавьсан. Намын дарга ярилцъя, судалж үзэцгээе гэсэн. Захидалд байгаа зүйлс бол бидний ярих ёстой асуудлын нэг.

Өөрөөр хэлбэл, бидний өмнө тулгарч байгаа хүндрэлтэй асуудалд л байгаа байхгүй юу. Ялангуяа хоёр намын асуудал. Үүнийгээ бид яриад л шийдчих ёстой шүү дээ.

-МАН намын дотоод ардчиллын төлөө дуугарсан хүмүүсээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай доромжилж, аливаа асуудалд хаах боох зэрэг нь ажиглагдаж байгаа. Та бүхэн үүнээс болгоомжилж байгаа юу?

-Энэ бол муухай зүйл л дээ. Сайхан нөхөрлөж явсан нэгнийгээ үзэл бодлоо илэрхийлэхэд нь бидний дунд олиггүй нөхөр байсан мэт яриад эхлэхээр ард түмний дундах намын нэр хүндэд муугаар нөлөөлж болзошгүй. Тиймээс энэ асуудалд анхааралтай хандана. Өнөөдөр ардчилсан нийгмийн залуус ажиллаж, амьдарч байна.

-Намын дарга та бүхний захидлын хариуг өгөхгүй бол яах вэ?

-Хариу өгнө шүү дээ. Бидний цаашид хийх хамтын ажил маань намынхаа эв нэгдлийг нь хангах тухай асуудал байх болно. Эв түнжинтэй байж улс төрийн тэмцэлд амжилт олно уу гэхээс нэг хэсгээ “үзэл бодол зөрүүтэй байна, яв даа” гээд байвал амжилт олохгүй. Өнөөдөр цаг үе маань 1990-ээд оны үе биш. Тиймээс намд байсан хуучин арга барилыг хөгжүүлнэ гэвэл зохихгүй. Ардчилсан нийгэмтэй уялдсан арга барилаар ажиллавал ард түмний итгэлийг олж чадна. Ер нь эцсийн дүндээ нэр усандаа ч биш, хийж байгаа зүйлээрээ л ард түмнийхээ итгэлийг олсон байвал тэр улс төрийн хүчин дэмжлэг аваад л явна.

-Та хэдэн гишүүн дээр

Ц.Шинэбаяр гишүүн нэмэгдэж, УИХ-д шинэ бүлэг үүсч магадгүй гэсэн яриа байна?

-Энэ талаар бодсон, ярьсан зүйл алга. Ер нь бол Ц. Шинэбаярыг биднээс яваад холдчихлоо гэж харааж зүхэхгүй. Тэр хүнийгээ бид өмөөрч дуугарах эрхтэй. Гэхдээ Ц.Шинэбаярыг дарамтлах тусам бид хүчтэй байр сууриа илэрхийлнэ гэж болохгүй. Харин Ц.Шинэбаярыг авахын төлөө, нэгдэхийн төлөө бид ажиллах ёстой.

-МАН намынхаа болж бүтэхгүй байгаа зүйлийн төлөв дуугарсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх ч юм уу ямар нэгэн байдлаар гадуурхдаг. Та бүхэн үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэр бол өчүүхэн зүйл, хувь хүний асуудал. Бидний ярьж байгаа асуудал бол хүмүүнлэг нийгэм, хариуцлагатай улс төрийг бий болгочих гэсэн асуудал.

-НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ зэрэг хүмүүс МАХН нэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдлаас харахад намын хойч үе ямар хүмүүс гарч ирж байна гэдэг нь харагдаж байна хэмээх болж. Та үүнийг юу гэж ойлгож байгаа вэ?

-Нам дотор нам байгуулах нь зохимжгүй хэрэг. Энэ талаар бид намын даргатай уулзахдаа ч хэлсэн. Даргыг гадагшаа явсан хойгуур ийм зүйл болсон юм билээ. Энэ бол сайхан санагдахгүй алхам л даа. Тиймээс бүх залуучуудыг тэгж бодож болохгүй. Гэхдээ удирдаж яваа нөхдүүд дотор маань тийм ахархан бодлоор хандчихдаг хүмүүс байгаа нь харамсалтай.

Т.ГЭРЭЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.