Ван И-гийн улыг долоож болохгүй шүү, эх баригчдаа!

13581

Коронавирусаас болоод манайх хамаг юмаа хаачихаад байгаа, бас Өвөр Монголтой холбоотойгоор дургүйцэл өрнөөд байгаа энэ үед ноён Ван И айлчилж байгаа нь гайхалтай. Манай оронд ирээд, “өвөр монголчуудыг дэмжих явдлыг болиул, Монголд байгаа өвөр монголчуудыг тушаах юм уу дар, Өрнөдөөс зай барь, шанд нь нүүрс авалтаа нэмэгдүүлнэ” гэсэн санааг айлчлалын үеэр хятадын төлөөлөгчид илэрхийлж болох юм. Австрали олон улсын хоригт нэгдсэн тул манайхаас тэртэй тэргүй нүүрс авалтаа нэмэгдүүлнэ.

Үндэстний хэл соёлыг нь хааж хавчиж, 60%-ийг нь мохоож мөхөөж байж найрамдаж нөхөрлөдөг ёсыг би мэдэхгүй юм. Доромжлол уу, тэнэглэл үү? Манай улсад хичнээн гажуу юм буй ч гэлээ, нэг улстай нөхөрлөе гэвэл гол үндэстнийх нь хүмүүсийн хэл соёлд цаазын ял оноочихоод найрамдлаа хөгжүүлье гэж арай солиорохгүй. Хятадын удирдлага харин яадаг юм бол?

Иймэрхүү асуудалд манай тал тусгаар улс шиг байж, “Өвөр Монголд болж буй үйл явдалд санаа зовж байна, сайнаар шийдэгднэ гэж итгэж байна” гэх зэргээр хэдэн эрүүл үг хэлчих хэрэгтэй л дээ, уг нь. “Эдийн засгийг улс төржүүлэхгүй байя” гээд байгаа өөрсдийнх нь үгийг ч сануулах хэрэгтэй. Ер нь улс гүрний сэтгэлгээтэй, төрийн ухаантай баймаар байна.

Төр засаг юм бол ганцхан улсыг мэддэг, ганцхан наймаа мэддэг шүлсээ савируулсан галзуу солиотой, усан тэнэг сэтгэлгээнээс одоо салах хэрэгтэй. Нүүрс зарах эрхээр соёлоо, өвөр монголчуудаа, үндэстнээ, ирээдүйгээ сольчихож болохгүй.

Ийм хөөрхийлөлтэй, арчаагүй нөхцөл байдлаас салах эсэхээс манай улс орших уу үгүй юу гэдэг нь хамаарна.

Одоо дэлхийн бусад улсуудтай харьцдаг бол. Одоо Хятадаас хараат байдлаас гар. Одоо ажлаа хийж эхэл. Эсбөгөөс зайл гэж эрх баригчдад хэлье.

Ч.Мөнхбаяр


URL: