Би монголдоо хайртай

Монгол шиг уйлж, монгол шиг дуулж, монгол шиг мөлхөж, монгол шиг босож, монгол шиг минь сүсэглэн итгэж, монгол шиг минь залбиран мөргөж, зоригоороо зүтгэж, зоргоороо чангардаг , өгөөд байхаар эд хомс ч гэлээ өр нимгэн сэтгэлээрээ дэндүү баян ард түмнийг лавтай би олж харсангүй.

Хүний нутагт хөл тависан цагаас эхлэн нийтдээ 21 жил нисээд өнгөрсөн байх юм. Цаг хугацаа харваад одох амархан гэдэг үүнийг л хэлэх биз. Амь зуухын эрхэнд чадахаас чадал хүрэхгүй ч хийж болох бүх л ажлийг хийж бүтээсээр их ч зүйлд гаршиж, их ч зүйл сонсож, суралцаж авлаа энэ хугацаанд. Энд би өөрийнхөө тухай биш, өрөөл бусад маань яажшуухан амьдарч явааг хараад бодож явдаг зүйлээ бичиж толилуулъя гэж бодлоо. Хүн хэнийгээ сонгож хэнтэй амьдрах нь тэр хүний эрх ч гэлээ харийн хүнтэй гэр бүл болоод явж байгаа хүмүүсийг хараад жаргалдаа умбаж яваа хүн байна гэж хэлэхээр нэг ч хүнийг олж хараагүй гэдгээ дуулгая. Тиймээ, сайхан хангалуун амьдарч яваа хүн ч байна, тааруухан амжиргаатай бас нэг байна, таарч тохирохгүй салсан нь ч бас байна. Тэдгээрийн ярьж байгаа, хийж байгаа бүгдийг анзаараад байхад нэг л аз жаргал дундуур байгаа нь нүдэнд нь илт харагдана гээч. Нэг л юм дутуу, нэг л юманд сэтгэл нь дүүрэн биш байх юм. Тэр нь юу вэ? гэхээр тэд өөрийгөө монгол хүн гэдгээ мартаж  хэзээ ч чадахгүйд л байгаа нь надад мэдрэгдээд байдаг. Монгол цус, монгол сэтгэл гэж хаана ч байхгүй сайхан зүйл тэднээс үргэлж дүүжлээстэй байдаг болохоор ардаа үлдээсэн аав, ээж, ахан дүүс, магадгүй үр хүүхэдээ сангалзан энэ сонгосон амьдралын замдаа сэтгэл дундуур гунигтай явдаг ч байж магадгүй. Тэглээ гээд энэ замаасаа зугтах биш дээ, насны эцэс хүртлээ гутарч, гуниглаж, санаа зовж, үгүйлэн харамссаар дуусах амьдралыг өөрсдөө сонгосон болохоор. Хүний нутагт тэднийг тайтгаруулж байдаг зүйл бол монгол хүн, монгол мэдээ, монгол зочин, магадгүй хажуудаа татаж ирсэн хамаатан садангийнх нь нэг нь болой. Хань болсон хүн нь баяр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бэлэг сэлт өгөхөд:

Oh, darling thanks, what a nice surprise.   эсвэл Danke, meine liebe      ч гэх боловч энэ нь зөвхөн түрхэн зуурын баяр, баясгалан бөгөөд ’’ бэлэг өгч сураагүй  ’’ монгол эрийн сэтгэл зүрхтэй зүйрлүүлвэл үнэхээр өчүүхэн юм л даа. Тиймээ тэгэж сураагүй ч гэлээ монгол эрчүүд шиг ханийнхаа төлөө үхэж чаддаг, уйлж чаддаг, хардаж, харамлаж чаддаг сайхан зантайд чинь би баярлаж байнаа, та нартаа. Саяхан нэг монгол бүсгүй гэрийн ажилчин авна гэсэн зарын дагуу айлд очлоо л доо. Уг айлын эзэгтэй нь тал цус харваад босож чадахгүй болсон учраас түүнд хоол ундыг нь дөхүүлж, гэр орны цэвэрлэгээний ажил хийх ёстой юм байна л даа. Цалин, мөнгөө тохироод ажилаа эхэлсэн анхны орой нь уг айлын эзэн :

Авгай маань зөвшөөрч байгаа, чи миний өрөөнд надтай цуг унтах уу ? гэж асуусан байна. Инээдтэй гэхээргүй ийм гутмаар юм ярьдаг нь ганц энэ биш нийт европын хүмүүжил, сэтгэхүй шүү дээ, итгээрэй надад. Манай монгол бүсгүйн үнэхээр зэвүүн нь хүрсэн бөгөөд тэр оройдоо ажлаасаа татгалзаж гарсан байна. Айлд ажилладаг гэх охид бүсгүйчүүдийг эзэмдэх гэсэн оролдлого мэр сэр сонсогдож л байдаг. Яахав дээ, хүчингийн хэрэг хийвэл хүнд гэмт хэрэгтэнд тооцогддог болохоор арай ч тэгэж зүрхэлдэггүй юм шиг байгаа юм. Тогтвортой ажил, толгой хоргодох хауснаас дээш сэтгэж чадахгүй европчуудыг бидний амьдралд оруулаад орхичихвол ихэнх нь амиа хорлоод дуусна гэдэгтээ санал нийлээрэй. Тэд ийм зовлонг туулж гарчих тэнхээгүй сул  нервтэй бодгалиуд. Байхгүй жаргал, бэлэн биш тансаг амьдрал мөрөөдөж ирсэн ихэнх нь дунд боловсролтонгууд байгааг дурдахад илүүдэхгүй бизээ.

’’ Хоккейчид ’’ гэж дуудагдах болсон охид бүсгүйчүүд ихэнхдээ айл айлаар тархан дор бүртээ ноогдсон ажлаа хийж, авсан цалин хөлсөө ар гэрлүүгээ чулуудаж, бас бус юм хураасаар, байр савтай болоод буцах болсон нэгнийг хараад баярлахгүй байхын аргагүй. Ямар насаараа хийх ажил бишдээ гээд зориглон зүтгээд хүслээ биелүүлээд, зорилгодоо хүрэхээр тэмцэж яваа тэдэндээ сэтгэлийн дэм өгч явах нь бусдаас өгөх том бэлэг биздээ хэмээн бодно. Хүний баас долоох шахсан дорд ажлыг эрхэлж яваагийн гол буруутан нь төр засаг, түүнийг нь бүрдүүлэгч эрхэм гишүүд гэдгийг толгойтой хүн бүр мэдэж байгаа. Өдий олон жил өнгөрөөд байхад улс орныхоо хөгжлийн замд хөндөлсөж зогссон та бүхний нүглийг ард түмэн хэлэлцэх өдөр ирнээ.

Ясны хорт хавдар тусаад монголд эмчлүүлэх найдваргүй болоод энд ирсэн нэгэн гэр бүлийн хос манай хотод амьдардаг юм. Анх 3 жилийн өмнө аврал эрж энд ирээд өдөр алгасахгүйгээр эхнэрээ эргэж тойрсоор өдий зэрэгтэй болгоод авсан, жижигхэн биетэй том ахын монгол сэтгэлийг бишрэхгүй байхын аргагүй. Тэр эгч 6 сарын туршид эмнэлгийн орон дээр байсан. Дараа нь эмнэлгээс гараад ; ‘’Энэ европчууд чинь ямар сонин хүмүүс вэ ? нэгийгээ өвчтэй байхад нэг удаа ирж цэцэг өгөөд л алга болчих юм. Зарим нь бүүр ирэх ч үгүй юм. Энэ 6 сарын хугацаанд хичнээн олон хүн миний хэвтэж байсан тасгаар эмчлүүлж гарав даа. “ хэмээн шогширч байлаа. Миний хувьд үүнийг сайн мэддэг бөгөөд, угаасаа хар нялхаас нь хөхнөөс гаргаж, тусдаа өрөөнд унтуулж сургаад ирчихсэн заншилтай улсууд насанд хүрээд ирэхээрээ үнэхээр зөвхөн өөрийгөө бодож амьдардаг, хүйтэн хөндий, сэтгэхүйтэй нийгэм юм. Тэр ахын ханьдаа гаргасан сэтгэлийг ямар ч европ хүнээс шахаад ч гарахгүй гэдгийг баталъя. Ийм л сайхан, ийм л бахархмаар ард түмний нэг нь болж төрсөн хувь заяандаа баярлаж явнаа би. Эцэст нь хэлэхэд энэ сайхан зан заншил, сэтгэл зүрхний баялаг өвөө бүү гээгээрэй монголчууд минь гэж хэлмээр байна.

Зоригт


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих