Автомашин ачилтын компаниудад хууль, дүрэм үйлчлэхгүй байна

8888Монгол Улс хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуулиндаа заасан. Гэтэл өдөр болгон шахуу иргэдийнхээ эрх, эрх чөлөөнд халдах боллоо. Үүний нэг тод жишээ нь ашиг, орлого хайсан компаниудын улайрсан үйлдэл. Тэд иргэдийн хувийн өмч болсон автомашиныг ямар ч хэлгүй, муугаар хэлбэл, сэмээрхэн хулгайлаад ачаад явчихдаг. Үүнээс нь болж өдөр бүхэн бөөн бухимдал, хэрүүл, маргаан дэгдэнэ. Харин автомашин ачилтынхан “Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн түр саатуулсан.

Бид ачих эрхтэй, дүрэм, журам нь энэ байна” хэмээн иргэдийн амыг таглан, өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөх нь бий. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-ын 1-д заасан эрхийн хүрээнд цагдаагийн байгууллага буюу алба хаагч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхдээ энэхүү журмыг мөрдөж ажиллана гэжээ. Гэтэл автомашин ачилтын компаниуд дээрх хууль, дүрэм, заалтыг мөрдлөг болгохгүйгээр үл барам цагдаагийн ямар ч шийдвэргүйгээр, бусдын өмчид халдаж байна. Цагдаагийн эрх бүхий алба хаагчийн шийдвэргүйгээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулан, зөөж шилжүүлэхийг хориглодог аж.

ХУУЛИАС ДАВСАН ЗААЛТААР ХУВИЙН ӨМЧИЙГ ХУРААЖ БОЛОХГҮЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заажээ. Мөн түүнчлэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “ Иргэд хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор олгох, үнийг төлнө” гэж иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Төрийн албадлагаар хөдлөх болон үл хөдлөх хувийн өмчийнн хөрөнгийг дайчлан авах нь эрх зүйгээр зохицуулах асуудал мөн үү. Иргэний эд хөрөнгө өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа асуудалд заавал эрх зүйн процедур шаардлагатай юу. Өөрөөр хэлбэл, энэ үйлдэл нь нийгмийн тодорхой хэсгийн эрхийг хөндөж байгаа асуудал биш, хүний эрхийн ялангуяа, Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалтын асуудал мөнөөс мөн.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан нь бий. Гэтэл ачилтын компаниуд иргэний болон төрийн эрх бүхий байгууллагын ямар ч зөвшөөрөлгүйгээр хувь хүний өмчинд халдаж байгаа. Тэд 5-200 саяар үнэлэгдэх хувь хүний эзэмшил болсон автомашиныг өөрийн зүйлээ авч байгаа юм шиг зүгээр л ачаад явчихдаг. Бусдын эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдах нь хулгайн гэмт хэрэг мөн. Үгүй ядахдаа хаашаа авч явсан, ямар утсаар холбогдох, хаяг байршлаа мэдэгдэх хуудас үлдээх ёстой баймаар.

Алдсан хүн арван тамтай гэгчээр автомашинаа ачуулсан хүн Тээврийн цагдаагийн газар, Тээвэр зохицуулалтын газар руу багадаа л 10 удаа утасдаж байж сургийг нь гарган, машинаа олдог. Машиныг нь эзэнд нь зүгээр өгнө гэж байхгүй. Торгуулийн 60 мянган төгрөгийг төлж байж авна. Харин ачилтын буруугаас гарсан сэв, эвдрэл гэмтлийн хохирлыг тэд барагдуулахгүй. Уг нь автомашин ачих тохиолдолд эзэн рүү нь урьдчилан зурвас илгээнэ гэдгийг нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан мэдэгдсэн. Ачилтын 60 мянган төгрөгийн торгуулийн НӨАТ-ын баримтыг иргэдэд олгох ёстой.

Гэтэл ачилтын компаниуд ашиг, орлогоо бодож 60 мянган төгрөгийг авахаар улайран шахаж шаардахаас биш, ирэдийг хүндэлсэн соёлтой найрсаг харилцааг мөрдлөг болгон хэрэгжүүлэхгүй байгаа. Хотын зарим дарга нар “Журам, тогтоолд автомашин эзэмшигчийн гар утсанд зурвасаар мэдэгдэнэ гэсэн заалт байхгүй. Энэ бол иргэдийн дунд ам дамжсан яриа. Хэрэв дүрэм зөрчсөн жолооч руу бичиж, залгах юм бол ачилтын компани байгаад яах юм. Жолооч нар дүрэм зөрчихгүй байвал ачилт хийх, ачилтын компани байх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчих тохиолдол багасахгүй байгаа учраас ийм компанийн үйл ажиллагаа ч зогсохгүй байгаа юм” гэж хэнэгч үгүй ярьж байх юм. Зогсоолын хүрэлцээ муу хангалтгүй байдлаас жолооч нар дүрэм зөрчиж байгаа гэдгийг тэд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Машинтай иргэдэд зогсоол олдохгүй болохоор түр зогсож болох боломжтой газарт машинаа тавьдаг. Энэ нь ачилтынханд бэлэн өгөөш болно. Ачилтын хураамж өндөр байгаа болохоор л тэд ашиг орлогын хойноос хөөцөлдөөд байгаа юм. Иргэдэд 60-110 мянган төгрөг илүүдсэндээ дүрэм журам зөрчин зогсоолгүй газар машинаа тавиад байгаа юм биш. Авто зогсоол хангалттай байдаг бол дүрэм, журам юу гэж зөрчих билээ. Өндөр торгуулиар замын хөдөлгөөний зөрчлийн асуудлыг зогсоох гэж оролдох нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Зогсоолын хүрэлцээ хангамжгүй байдлаас болж нэгдүгээр эгнээнд автомашинаа тавиад байгаа гэдгийг дээр, дооргүй бүгд мэднэ.

Гэхдээ хотын дарга нарт автомашины зогсоолыг нэмэгдүүлэх хүсэл сонирхол байдаггүй бололтой. Тэд төлбөртэй зогсоолыг нэмэгдүүлж, хэтэвч, халаасаа түнтийлгэхийг илүүд үзээд байх шиг. Нэг жишээ дурдъя. Энэ зун Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, Моннисын баруун талын өргөн авто замыг нарийсган явган хүний болон дугуйн замыг шинээр тавьсан. Тэр зам нь нийслэлийн 31 дүгээр дунд сургуулийн хашаан, хүн явдаггүй мухар гудамжны гараашид тулж байна. Тохижилт хийсэн болж, 100 гаруй мод, бут устгачхаад байгаа. Тэрхүү цэцэрлэг байсан газрыг тэгшлэн барилга барихаар зэхэж байна. Энэ газарт Нарны замыг дагуулан 50-100 машины төлбөргүй зогсоол хийх боломжтой мэт харагдах. Гэвч нийслэлийн дарга нарт авто зогсоол шинээр хийх сонирхол, сэтгэл огтхон ч байхгүй бололтой.

АВТО ЗОГСООЛГҮЙ, АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР Иргэд нь эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж хөдөлмөрлөж байж гэмээн аз жаргалтай хотыг бүтээнэ. Үүнээс биш агаар, хөрс, усны бохирдолтой, автомашины түгжрэлтэй, авто зогсоолгүй, иргэдэдээ ээлгүй хотыг аз жаргалтай Улаанбаатар гэхгүй байхаа.

Улаанбаатар хот 1.3 сая хүн амтай бөгөөд 570.286 мянган тээврийн хэрэгсэлтэй. Энэ олон тээврийн хэрэгсэлд хүрэлцээтэй авто зогсоол байхгүй. Авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа тул нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах хүнд, хэцүү асуудал. Машинаа ачуулахгүйн тулд төлбөртэй зогсоолд тавиад яаруу сандруу ажлаа амжуулна. Энэ бол машинтай иргэдэд тулгарч буй бэрхшээл. Замын түгжрэлийг бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байгаа хэдий ч төдийлэн үр дүнд хүрэхгүй байгаа. Харин хотын дарга нар ачилтын компаниуд замын хөдөлгөөний ачааллыг 10- 15 хувиар бууруулж байгаа гэдэг.

Улаанбаатар хотод машин ачих зөвшөөрөлтэй эрх бүхий 18 компани байснаас гурвынх нь эрхийг цуцалжээ. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 14 ачилтын компани тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж байна. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгслийг журамладаг гэхээр нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 15 ачилтын компани өдөрт 150-200 гаруй автомашин журамладаг гэсэн үг. Энэхүү харилцааг 2015 онд батлагдсан, 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар зохицуулж эхэлсэн.

Иргэд автомашин байрлуулахыг хориглоно гэсэн тэмдэг тэмдэглэгээгүй газарт машинаа байршуулдаг. Гэтэл ачилтын компаниуд эзэнд нь утасдаж мэдэгдэхгүй, эзэн нь гарч ирэхэд чирээд зугтах нь холгүй байдаг. Тэд автомашин ачих цагдаагийн шийдвэр, албан бичгийг иргэдэд үзүүлдэггүй нь маргааныг дэврээх нэг том шалтгаан болдог.

ЗОГСООЛЫН ТООГ НЭМЭХ, ХУУЧИН МАШИНЫ ИМПОРТЫГ ХЯЗГААРЛАХ НЬ ГАРЦ, ШИЙДЭЛ МӨН ҮҮ

Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байгаа гэх статистик байдаг. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалж үзээд, 15696 автомашины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой гэж үзжээ. Гэтэл энэ нь цаасан дээр бичигдсэн хоосон үр дүнгүй судалгаа хэвээр байна.

Улаанбаатар хотын 570 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим нь замын хөдөлгөөнд оролцож байгаа аж.Сар бүр импортоор 5000-8000 автомашин орж ирдэг гэж бүртгэгджээ. Нийслэлийн нийт автомашины 70.1 хувь нь бензин, 226.855 мянга буюу 27.9 хувь нь дизель, 16.601 буюу хоёр хувь нь газ, 276 буюу 0,03 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй автомашин байна. 2019 оны жилийн эцсийн байдлаар импортоор 158.224 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс ангиллаар нь авч үзвэл суудлын автомашин 69.472 мянга байжээ. Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8.4-хувиар, 2017 онтой харьцуулахад 42 хувиар өссөн байна.

Манай улс чанар муутай, хямд хуучин автомашины импортоо цаашид үргэжлүүлэн, замын ачааллаа нэмсээр байх уу. Шинэ автомашины импортоор, хуучин автомашиныг импортыг хязгаарлах уу гэдгийг бодох цаг нэгэнт болжээ. Жилд 158.224 мянган автомашиныг оруулж ирж байгаа нь манай орны нөхцөлд бол хэтийдсэн тоо. Үүнээс гадна хөдөө орон нутгаас олон автомашин Улаанбаатар хотод ирж, зорчдог гэхээр замын түгжрэлээс гадна зогсоол олдохгүй, цөөдөх нь аргагүй.

Нийслэл хотыг анх 400-600 мянган оршин суугчтай байхаар төлөвлөж, барьж байгуулсан гэдэг. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан төрийн бодлого алдагдсанаас болж, өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын тал хувь Улаанбаатарт амьдарч байна. Газрын наймааг гааруулж, хот төлөвлөлт, зохион байгуулалтын бодлогыг алдагдуулан, хот дотогш нягтрах ёстой гэсэн улстөрчдийн харалган үзэл баримтлалын горыг нийслэлчүүд өнөөдөр хүртэн, бухимдаж сууна. Оршин суугчдаасаа давах шахсан автомашины ачааллыг авто зам, авто зогсоол нь дийлэхгүй болжээ. Хэдийгээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг журамлаж буй ч иргэдийн хувийн хөрөнгөд хуумгай хандах ёсгүй.

Машин ачихдаа хувь хүний эзэмшил, эд хөрөнгөнд халдахдаа эзэнд нь заавал мэдэгдэх ёстой. Үүнээс гадна ачилтын компаниуд журмын хашаагаа стандартад нийцүүлсэн камер, гэрэлтүүлэг, зогсоолтой болгох шаардлагатай. Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байршуулсан автомашиныг нийслэлийн Засаг даргын захирамжаар ачиж журамлах А/601 дугаартай захирамж бий. Харин энэ захирамжийг ачилтын компаниуд өөрсдөдөө ашиг орлого олох том боломж, гэж андуу ташаа ойлгоод байна.

Үндэсний шуудан


URL: