Тусламжийн мөнгөний сүр дор элэг нэгтнүүдээ бичиг үсэгтэй нь түлхүүзэй

uvurmongol_20200915083705БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсад айлчлахаар ирж байна. Тэрээр ОХУ-д ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөгөөнд оролцож, Казахстан, Кыргызстанд айлчлаад буй. Ван И сайдын эдгээр зөвлөгөөн, айлчлалд оролцсон талаарх мэдээллээс үзвэл бүгдэд нь БНХАУ-ын дотоод хэрэгт оролцохгүй, хуурамч мэдээлэлд автахгүй байх талаар дурдсан байх юм. Монголд ч энэхүү сэдвийг хөндөж, үүндээ Өвөрмонголын бичиг үсгийн асуудлыг хавчуулж мэдэх юм.

Мөн айлчлалын үеэр БНХАУ-аас Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ. Гагцхүү тусламжийн мөнгөний сүр дор элэг нэгтнүүдээ бичиг үсэгтэй нь түлхүүзэй. “Арван лангийн ембүүнд нь Алгаа тосдог аав уу даа, хорин лангийн ембүүнд нь Хормойгоо тосдог ээж үү дээ” гэж “Сэндэр охин” дуунд гардаг шиг байж болохгүй юм шүү, дарга нар минь. Юу ч амлалаа гэсэн Монголын талын сайд, албаны хүмүүс монгол хэл, бичгийн асуудлыг зайлшгүй гаргаж тавих ёстой.

Айлчлалын үеэр хэлэлцэх бусад асуудалд энэ нь огт харшлахгүй. Худалдаа, эдийн засгийн харилцааны асуудал үүнээс тусдаа. Наймаа арилжаа гэдэг эрэлт нийлүүлэлтэд суурилдаг, хэрэгтэй хэрэгцээтэйгээ солилцдог харилцаа тул үүнийг бичиг соёлын асуудалтай хольж, хойш сууж таарахгүй.

Гучин мянган хонь бол хүмүүнлэгийн тусламж. Өвдсөн, тэвдсэн үед тусалдаг нь хүний ёс. Бас ШХАБ-д элсэх, элсэхгүй талын болчимгүй үгийг амны зоргоор ярьж таарахгүй. Долоо хэмжиж нэг огтол гэгчээр гадаад тийш хандуулж хэлэх үгээ дал дахин тунгаах ёстойг сайд, дарга нар эрх биш ухамсарлаж байж таарна.

Өмнөд хөршид хэрэгжиж буй “БНХАУ-ын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн хууль” дор тус улсын нутаг дэвсгэрт харьяалагддаг 56 үндэстний хэл, бичиг уусан мөхөх бодит байдал үүсээд байгаагийн нэг жишээ нь Өвөрмонголд сүүлийн үед идэвхжиж байгаа үйл явдал юм. “Хятад улсын нийтээр хэрэглэх үг хэл бол баримжаа аялгуу ба дүрмээр журамласан хятад үсэг болно. Орон нутгийн бүх шатны засгийн газар, сургууль, бусад сурган хүмүүжүүлэх байгууллага, ард иргэд, хувь хүмүүс улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн хэрэглэх нь хуулиар тогтоосон үүрэг юм. Энэ нь Хятад улсын иргэн болсны тэргүүн чухал үүрэг учир өөрөөр сонгох эрхгүй, хувь хүний үзэл санаагаар өөрчилж болохгүй, зайлшгүй биелүүлэх чанартай юм. Эс тэгвэл хуулийг зөрчсөн явдал болно” хэмээн уг хуульд тов тодорхой заажээ. “Нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийн хууль” хэмээх энэ хууль дор монгол хэл, бичиг сөхрөх ёсгүй билээ.

Дунд сургуулийн нэгдүгээр ангиас хятад хэл дээр сургалт явуулах болсныг өвөрмонголчууд эсэргүүцэж, хүүхдээ сургуульд явуулахгүй зэргээр тэмцэж буй ч тийм эцэг эхийг ажлаас халах, торгож шийтгэх мэтийн арга хэмжээ авч байгаа дуулдана. Үүнийг эсэргүүцэж үндэсний бичиг, соёлынхоо төлөө амиа өргөсөн монгол залуус ч нэмэгдэж байна.

Хэдийгээр энэ нь БНХАУ-ын дотоод хэрэг мэт боловч монгол үндэстний босоо бичиг, монгол хэлний оршин тогтнохуйд харшлахуйц үзэгдэл болж буй учир тусгаар Монгол Улсын иргэд үгээ хэлцгээж байгаа билээ. Зөвхөн хэл, бичиг соёлын асуудлыг хөндөж байгаа учир өмнөд хөршийн “Нэг Хятад” бодлогод харшлахгүй, тус улсын дотоод хэрэгт халдаагүйг БНХАУ-ын тал ойлгож байгаа гэдэгт найдна.

Энэ шалтгаанаар МУСГЗ, дуун хөрвүүлэгч, зохиолч Г.Аким, Ардын уран зохиолч Т.Галсан нарын зэрэг эрдэмтэн мэргэд БНХАУ-ын дарга Си Зинпинд захидал хаяглаж, Ардын уран зохиолч Д.Урианхай монгол бичгээ хамгаалж үлдэхийн төлөө НҮБ-д хандаж, монголчууд Өвөрмонгол дахь соёлын геноцидыг зогсоох талаар АНУ-ын Конгресст гарын үсэг илгээж байна.

Өвөрмонголчуудад хэл бичиг, соёлынх нь төлөө өмнөөс нь дуугараад өгөх өмөг түшиг чухал. Архан талд нь Монголчуудынх нь цөм, гал голомт болсон ардчилсан тусгаар улс байгаа учраас иргэд бид олон улсын тавцанд тэдний асуудлыг гаргахын төлөө ийнхүү дуугарцгааж байгаа хэрэг. Нийтлэг бичиг, соёлын асуудал тулгамдсан учраас Өвөрмонголчуудын хэрэг бидэнд падгүй гэх өчүүхэн бодол тээх ёсгүй.

Уржигдар, Төвдийг, өчигдөр Шнжааныг хэл, соёлоор нь боосон, одоо босоо бичгийг маань тээж яваа элэг угсаа нэгтнүүдийн маань хэл, бичиг, соёлоор оролдож эхэллээ.

Өмнөд хөршид бай­гаа монголчууд зөвхөн өвөрмонголоор хязгаар­лагдахгүй. Шинжаан, түүний ойр тойронд Хөхнуурын монголчууд, ховог сайрын торгуудууд тод монгол үсгийн сонинтой, бага сургуульд нь монгол хэл үздэг, Их сургуульд нь монгол хэлний ангитай байсан. Тэр байдал мөн хумигдаж буй бололтой. Ганьсу, Хармөрөн  мужууд монголчуудтай, Жилин мужид Горлос Цагаан нуурын монголчууд гэж бий. Юннань, Сычуань  ч монголчууд суугаа.

Тусгаар Монгол Улсдаа гал голомтоо сахин суугаа гурван сая биднээс бараг хоёр дахин олон монгол хүн өмнөд газарт аж төрж байна. Тэдний хэл, соёлын асуудал хөндөгдсөн учраас бид ийнхүү дуугарах эрхтэй байтугай, үүрэгтэй боллоо.

ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: