Толгойгүй АН, үнэт зүйлгүй МАХН

 16001373105f60285e0fbe7УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү “Та нар намайг хуралдаа яагаад суудаггүй юм бэ гэж бодож байгаа байх. Дараагийн удаа сонгогдвол хуралдаа сууна. Ирц, санаачилсан хуулиараа номер нэг байна” хэмээн сурталчилгааны үеэр сонгогчдод амлаж бөөн инээд болж билээ.

АН энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн маргааш “Яг үнэнээсээ шинэчлэгдэнэ” хэмээн тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд хэвлэлд ярилцлага өгчээ. Өмнөх Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараахан АН шинэчлэл хийхээр болж, орон даяар зарлал наах шахсан юм. Гэвч улс төрийн нам гэх утгаа алдаж, нэг хүний хувийн компани болсон гэх шүүмжлэл эрчээ авч, нэр дэвшигчдийн намтар түүх, мөрийн хөтөлбөрөөс илүүтэй хөрөнгө мөнгөний дэнчингнээр хэмжүүр тавьснаар өнөөдөртэй золгосон юм.

Тиймдээ ч өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар МАН гэхээсээ илүүтэй ганц У.Хүрэлсүхэд АН далаараа тавиуллаа. Эл намд Ухнаагийн хүүтэй өрсөлдөх хүн битгий хэл бүлэглэл, баг, фракци ч байсангүй. Өдгөө ч намд шинэчлэл хийж, бусдыгаа манлайлах лидер алга.

“Яг үнэнээсээ шинэчлэл хийнэ” гэх мань хүний тухайд УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон нэгэн. Гэхдээ энэ нь ялагдал бус ялалт байсныг гэрчилж, намын байгууллагын удирдах албан тушаал хашихаар болсон нь энэ гэж тодотгож болохуйц. Шууд утгаар нь хэлбэл, Ерөнхийлөгчийн гарын хүн. Төрийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан намтар түүхтэй, нутаг нугынх гээд холбоос ихтэй.

Гэхдээ ганц тэр биш УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсон олон хүн АН-ын толгойд сандайлж, бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр аяглах болсон. Эцэггүй хүүхдийн толгой том гэгчээр албан ёсны намын даргагүй, нууц ноёнтны гарт атгагдсан эл нам лидерийн эрэлд хатаж байна.

Орон нутгийн сонгуульд намаа буухиалан орж буй Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа хүртэл УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон өмнөтгөлтэй. Дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа хэл ам, хэрүүл шуугианы эзэн байсан тэрбээр АН-аас хөөгдсөн түүх ч бий. Ямартаа Ерөнхийлөгчийн хаяаг бараадаж, зөвлөхийн орон тоог бөглөж байгаад УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн нэгэн. Гэвч ялагдал хүлээсэн. Мэдээж энэ ялагдлынхаа үнэд Нийслэлийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчийн сэнтийгээр шагнуулсан. Ийнхүү өмнөх сонгуулиар амаараа шороо үмхсэн олон хүн НИТХ-д нэр дэвшиж байна.

Намын толгойд зайдагнасан С.Эрдэнэ энэ намын хавдар хэмээн сонгуулийн маргааш улайнд шавсан хэрээ шиг гуаглаж байсан залуус ч сураг алдрав. Чухамдаа хэн нэгнийг унасан дээр нь дэвсэх хэрэгцээн дээр ил гарч, хашааны гаднаас уриа лоозон барьж гүйх залуус энэ намд шинэчлэл хийж чадах уу. Монголын маргааш үргэлжилж, АН-ын шинэчлэл амаар хийгдсээр хэр хугацааг элээх бол…

АН сонгуулиас сонгуулийн хооронд тамирдаж, эцэст нь сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахаа байлаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялалт гэхээсээ ялагдлын дүр зураг илүүтэй тодорч байгаа тул АН дангаараа бус Ардчилсан үзэл баримтлалтай намуудтай гар барилцсан тухай П.Нүрзэд хэлнэ билээ.

ШИНЭ намын тухайд АН-аас хөөгдсөн нөхдүүд тул үзэл баримтлал нэг, ардчилал тодотголтой гэж үзэж болно. Тэгвэл МАХН буюу Н.Энхбаяр ардчилсан үзэлтэн мөн үү…

http://www.zaluucom.mn/read/50909802a


URL: