Цагдаа мэдрэмжтэй ажиллахгүй бол хөршүүд ХҮНИЙ АМЬ аварч чадахгүй

16007839175f6a062d19efe

Хойд эцгийнхээ гарт 9-хөн настай балчир охин амиа алдаж, нийгэм тэр чигээрээ хоёр хоног хүчирхийллийн эсрэг тэмцэгчдээр дүүрлээ. Энэ долоо хоног дуустал гэр бүлийн эсрэг хүчирхийллийн төлөө тэмцэх хүмүүсийн тоо буурахгүй байх. Харин дараа долоо хоногоос мартана. УИХ-ын гишүүд нэг өдөр гэнэт л ухаан орсон юм шиг гарч ирж, цагдаагийн байгууллагаас мэдээллийн чанартай хэдэн асуулт асуучихаад л алга болчихлоо. Тэд тэр чигтээ алга бололгүй, асуудалд арай өөрөөр, нухацтай хандаж, илүү дээр шийдэл хайна гэдэгт найдаж л сууя.

Эмэгтэй гишүүд мэдээлэл сонсож, ээлжлэн үг хэлж байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд өртөж байхад хөршүүд нь яагаад амиа алдах хүртэл нь дуугарсангүй вэ гэдэг асуултыг цагдаагийн байгууллагын төлөөлөөс асууж, гайхаж байгаа харагдсан. Мэдээлэх үүргээ иргэд биелүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандах гишүүд ч цөөнгүй байлаа. Зөв өө, охин хүүхэд удаан хугацааны турш хүчирхийлэлд өртөж, бүх хавиргаа хугартал зодуулж байсныг хардаггүй юм гэхэд сонсоогүй хөрш гэж баймааргүй юм. Тэд яагаад хэрцгийлэл, яргалалд өртөж байгаа охиныг өрөвдсөнгүй вэ. Яагаад хууль, хяналтын байгууллагад мэдээлэл өгсөнгүй байсаар нэг бяцхан үрийн амь насыг авах эрхийг хүн араатанд өгчихөв. Яагаад гэдэг асуултад хариулт хайх ёстой, бид. Тэр дундаа хууль хяналтын байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалдаг нөхдүүд, Төр засгийнхан.

УИХ 2016 оны арванхоёрдугаар сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан. Улмаар 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн байгаа.  Нэг үеэ бодвол хууль чангарсан, хүчирхийлэл үйлдэгчдэд оноох ялын бодлого ч чангарсан.

Хуулийн  29.1-т “Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл төрийн, төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд, бусад этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй” хэмээн зааж өгсөн.

Үндсэндээ хөршүүд ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буйг мэдвэл мэдээлэх үүрэгтэй болж өгсөн. Хууль батлагдсанаас хойш иргэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгөх байдал нэмэгдсэн үү гэдэг асуулт байгаа. Энэ асуултад хариулт өгөхийн тулд зарим нэг жишээ, тоо дурдая. 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр иргэд мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарын 90 хувь нь өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг хэмээн ярьж байж. Тэгвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан энэ оны гуравдугаар сард хөршийн мэдээлэл өнгөрсөн онуудад нийт мэдээллийн 10 хувийг л эзэлж байсан бол энэ жил 30 хүртэл хувь болж нэмэгдсэн гэж ярьж.

Даруй 20 хувиар нэмэгдсэн байгаа юм. Энэ үзүүлэлт сүүлийн үед тэгтлээ буурчихаагүй байх.  Гэхдээ энэ бас л чамлалттай.

2020 оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 279 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа юм.  Тэгвэл үүний 80 хувийг нь хөршүүд, иргэд мэдээлдэг болбол сайнсан. Гэтэл хангалттай хэмжээнд нэмэгдэхгүй байгаа нь цагдаагийн байгууллагатай холбоотой. Шууд хэлэхэд, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт цагдаа нар мэдрэмжтэй хандаж чадахгүй байна.

Эмэгтэй гишүүд мэдээлэл сонсож, хуралдах үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цагдаа нар мэдрэмжтэй байх ёстойг сануулж, ярьсан.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага өгтөл цагдаа ирээд, “Танай тэр хөрш мэдээлэл өгсөн юм” гэж хэлсэн. Түүнээс болоод өнөөх хүчирхийлэгч нь агсан тавьж, хэцүүхэн байдалд орсон талаар ч жишээ татна билээ.  Нэг эмэгтэй хүчирхийлэгч нөхрөө тэвчихээ болиод цагдаад дуудлага өгч. Цагдаа ч ирж. Гэтэл нөхөр нь хэн цагдаа дуудсан талаар асуутал хууль сахиулах гэж яваа хүн “Танай эхнэр дуудлага өгсөн шүү дээ” гэж хэлсэн талаар цахим ертөнцид хэн нэгэн бичсэн байсныг санаж буй байх. Зарим цагдаа ийм л мэдрэмжгүй ажиллаад байна. Шинэ хуулиар энэ асуудлыг зохицуулсан гэж байгаа ч бүх цагдаа нарийн мэдрэмжтэй ажиллаж чадаж байгаа юу гэдэг асуулт байсаар л.

Дээрээс нь мэдээлэл өгсөн иргэдийг цагдаа дуудаж байцаадаг, мэдүүлэг авдаг зэрэг маш их хүндрэлтэй асуудал бийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дурдсан. Тиймээс иргэд цаг заваа алдахаасаа төвөгшөөж, мэдээлэл өгдөггүй. Энэ асуудлыг арай өөрөө шийдэх, зохицуулах шаардлага байна. Мэдээж хүний хувь заяатай, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг шийдэх, гэмт хэрэг байж болзошгүй асуудалд цагдаа болгоомжтой хандаж, нарийвчлан шалгах ёстой. Түүнийг буруутгах ямар ч аргагүй. Гэхдээ л мэдээлэл өгсөн иргэдийн цаг завыг бараад, үйл тамыг нь идээд, байнга дуудаж мэдүүлэг аваад байвал хэн мэдээлэл өгөх вэ дээ. Тиймээс зохицуулалтаа арай өөрчлөх ёстой гэдэг нь үнэн.  Хэрэв тэгж чадвал хөршийн дуудлага мэдээлэл 30 биш 50, 60, 70 хувь болж нэмэгдэх боломжтой ч юм билээ. Тэгж нэмэгдвэл хүүхэд хойд эх, эцгийнхээ гарт үхтлээ зодуулж амиа алдахгүй ч байж магад.

Эцэст нь иргэддээ хандаж уриалмаар байна. Зарим цагдаа мэдрэмжгүй хандаж, асуудлыг хүндрүүлж ч магадгүй.  Түүнээс төвөгшөөгөөд яах вэ. Таны нэг, хоёр, гурав дуудагдаж, мэдүүлэг өгөх цаг зав бяцхан үрсийн минь амь наснаас үнэтэй биш шүү дээ. Тиймээс нөхцөл байдлыг үл хамааран хажуу айлд чинь хүчирхийлэл үйлдэгдэж байвал мэдүүлдэг болцгооё, бүгд ховч байя, эр, эмийн хооронд жороолох илжиг болъё. Тэр дундаа хүүхдийн хүчирхийллийг тэвчихгүй байцгаая. Хүн байцгаая.

Zaluucom


URL: