Далайсан гарны сүүдрээс цааш алхахуй буюу зугтаалгах уу, эсвэл зугтах уу

119935910_1231416453917970_1404561513823570908_nМ.ДЭВЭЭЖАРГАЛ

Дөрвөн бяцхан үрийн шарилын чулуу, доор нь хөтлөлцөөд зогсож буй дөрвөн хүүхдийн сүүдэр бүхий постерыг “Архетиктур” төвийн гадна, дотногүй наасан харагдана. “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай” уриан дор зохион байгуулж буй “Хүн бай” хүчирхийллийн эсрэг аяныг зорин ирсэн минь энэ.Сулдаа ганхах хашааны банзнууд, хаалган дээрх “нохойтой” гэх үг, улаан хацартай багачууд гээд бүх зүйл нь танил дотно санагдсан Улиастайн эцэст байрлах “Ид шидийн орон-2” төвийн нээлтийн үйл ажиллагаанд очиж байлаа. Тэр үед энэ залуус баяр хөөртэй, итгэл төгс инээмсэглэн зогсож байсан сан. Өнөөдөр тэд “Уйлж байгааг минь сонссон уу”, “Би хүүхдэд ээлтэй сайн хөрш байхаа амлаж байна”, “Бид насанд хүрээгүй хүнийг хамгаална”, “Та хүүхдийн төлөө ЗА гэж хэлж чадах уу”, “Бэлгийн боловсрол, хүүхдийн хүмүүжилд анхаарцгаая”, “Бид аажим аажмаар үхсээр…”, “Хөшөө суварга чухал уу, хүүхдийн цэцэрлэг, сургууль чухал уу” зэрэг асуудал хөндсөн өгүүлбэр бүхий самбар болон эмзэг давхарга гэж хэнийг хэлээд байгааг харуулсан зураг барин зогсож байлаа.

Тэднээс гэлтгүй энэхүү танхимд цугласан хүн бүрээс уй гуниг, харамсал, хайр, халаглал нэвт “ханхалж” байв.Хажуу дэргэд минь зогсоо арван жилийн сурагч охин том, том санаа алдаж байн, байн нүдээ нухална. Харвал, харцан дотор нь хана, тааз хүртэл дайвалзаж байх шиг. Хэн бүхэнд нээлттэй аянд “хүн” болсон хүмүүс цугларчээ. Орчноо гэрэлтүүлсээр хайлж дуусах лааны адил өчүүхэн ч атугай гэрэл тусгах, шийдлийг хэлэлцэхээр энд ирсэн нь ойлгомжтой. Гэлээ ч ертөнц нэг л сүүмгэр.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Хүн бай” аяныг санаачлах болсон шалтгаан болон “Ид шидийн орон” төвийн тухай хэлэхдээ, “Нийслэлийн хамгийн их хүчирхийлэлтэй дүүрэг болох Сонгинохайрхан, Баянзүрх, Шар хад, Улиастайд үйл ажиллагаа явуулж байна. Залуус, хүүхдийн асуудлыг шийдэх ямар нэгэн ажил хийе гэж нэгдсэн. Өнөө орой ямар нэгэн инээдтэй бичлэг үзээд энэ үйл явдлыг мартана, есөн настай охины амь үнэ цэнгүй өнгөрнө гэдэг утгагүй, аймшигтай зүйл шиг санагдаж байна.Өнөөдөр, зүгээр хараад сууж чадахгүй. Хүн болгон хүчирхийллийн эсрэг чадах бүхнээ хийхийг хүсэж байгаа юм байна, манлайлах хүн л байхгүй байж гэдгийг харж байгаа юм. Энд төр засаг, цаазын ял ярихаас илүү “хүчирхийллийн эсрэг чи өөрөө юу хийсэн бэ” гэдэг асуултыг тавьсан. Харин есөн настай талийгаач “Ид шидийн орон”-оос ганцхан гудамжны цаана байсан. Урд өдөр нь “Арван байр” гэдэг газраар манай залуус явсан. Түүнийг л мэдэж, аварч чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна. Ийм учраас бид дохиотой болъё гэж шийдсэн юм. Чигчий хуруундаа шархны лент чагталж наагаад, өргөн харуулж байвал танаас, биднээс тусламж гуйж байна, тэр хүүхэд хэн нэгний хараанд,хүчирхийлэлд өртөж байна гэсэн үг шүү. Бүгдээрээ үүнийг цааш нь түгээж, бүх хүүхдэд хүргээрэй” гэсэн юм.

Хоёр хүүхэд нь гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон н.Туяажаргал “Та ч гэсэн тэр ээжийн оронд байх боломжтой. Хоёр хүүхэд минь төрсөн эцэгтээ нүүр, нүдгүй хазуулсан. “Лантуун дохио” байгаагүй бол би яах байснаа мэддэггүй. Эмэгтэй хүнд нэг муухай чанар байдаг нь бүхнийг уучилдаг, өнгөрөөдөг. Тэр ээжийг битгий буруутгаарай” Хүчирхийллийн эсрэг юу хийж чадах, уг асуудлын тухайд тэд юу бодож байна гээд үг хэлэх, санал бодлоо хуваалцахыг хүссэн хүн бүхний өмнө индэр чөлөөтэй байлаа. Мөн үеэр “Үндэсний шуудан” өдөр тутмын сонины ерөнхий эрхлэгч, “Морьтон цэргийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Х.Мөнхжин “Ямар нэгэн эмзэглэмээр зүйл болсон тэр цагт бухимдаж, хамтран тэмцэх, хүмүүс байхгүй болохоор тэгэсгээд мартдаг байх. Цэргийн алба хааж ирээд “Морьтон цэгийн зөвлөл”-ийг байгуулсан. Бид “Ид шидийн орон-2” төвийн газар шорооны ажилд тусалж байлаа. Баянхошуунд хүүхдийн тоглоомын талбай барьж өгөх материалууд энд, тэндээс маш хурдан цугларсан. Тоглоомын талбайдаа тоглож байгаа хүүхдүүд үнэхээр аз жаргалтай харагддаг юм билээ. Хамт олон алга болж эхэлнэ. Түүний үр дүнд одоо би энд ганцаараа зогсож байна. Надтай нэгдэхийг хүссэн хүн бүрд нээлттэй” хэмээв.

Монгол Улс, хүүхдийн эрхийг хамгаалах конвенцэд гучаад жилийн тэртээ элсэн орсон байдаг. Уг конвенцэд зааснаар “Оролцогч улсууд хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрч, энэ талаар боломжийнхоо хэрээр хүчин чармайлт гаргана” гэжээ. Тэгвэл өнөөдөр төр засгаас хүүхдийн хүчирхийллийн эсрэг асуудлуудыг боломжийнхоо хэрээр ч шийдэхийг зорьсонгүй. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо, гэр оронгүй хүүхдүүдийн тоо, ходоод хоосон хүүхдийн тоо, аз жаргалтай амьдрах эрхгүй хүүхдийн тоо, хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо, хогийн цэг дээрх хүүхдийн тоо, эцэг эх, хамаатан садан, танихгүй хүний гарт тарчлан зовж амь тавьсан хүүхдийн тоо цөөрсөн болов уу.

Хүчирхийлүүлж нас барсан хүүхдүүдийн 500 орчим нь гэр бүлийнхнийхээ гарт хүчирхийллийн улмаас хорвоог орхидог. Эцэг, эх байх гэсэн эрхээ буруу эдэлдэг энэ хүмүүсийн савраас зугтаах аргыг зааж өгөх хүн цөөн. Асрамжийн төвөөс эхлээд хүүхэд хамгаалах байр гээд гарын арван хуруунд хүрэх үү, үгүй юу хүүхдэд алгаа дэлгэсэн хэдхэн газартай. Гэхдээ, бяцхан хүүхдүүд сэтгэлийн шархаасаа болоод өөрийгөө өөрөөр нь нээж чаддаг болов уу, иргэнээ мартсан улсын ой санамжийг хэрхэн сэргээх билээ. Хотын төвөөр хаа нэг харагдах боловч хотын төвөөс гараад хоёр, гуравхан алхахад өнөөгийн Монголын жинхэнэ өнгө харагдана. Төрийн бодлого, засгийн гар хүрдэггүй хэдхэн километрийн цаадтай орхигдсон хүүхдүүд аж төрж байна. “Морио барсан ч мод унадаггүй ”Монголын хойч үе хог байтугайг идэх нь холгүй болсон нь нууц биш. Бүгд л мэддэг, бүгд л сонсдог. Харин дүлий, сохор юм шиг л амьдарцгаадаг. Идэр есийн хүйтэнд усны тэрэг түрээд, жалга өгсөж буй хүүхдийн дүр зураг, түлээ зараад зогсож буй хүү, гуйлга гуйгаад сууж буй охин, тэд хэзээ инээмсэглэж, хэзээ жаргах вэ.

“Миний өсгөсөн (төрүүлсэн) хүүхэд, алсан ч миний дур” гэдэг үгийг сонсож байсан уу, хүүхэд рүү гар далайх байтугай, чадлаараа хашхирахад л үймрэн гуниглаж, дотроо үйрэн унаж байдаг. Харин энэ үгсийн хатавчинд, зодуур нүдүүрийн дор сэтгэлдээ сорвитой, зүрхэндээ айдастай, хэчнээн хүүхэд байгаа бол. Сүүдрээсээ өөр харанхуйг хөтөлдөггүй есхөн насандаа өлчир биеийнхээ тэнхээ хүрэмгүй хүнд зовиурийг үүрсээр буцсан түүний мэдэрч болох сайн сайхан хором мөч бүхнийг “хүчирхийлэгч” хулгайлжээ. Цаашдаа энэ мэт хэчнээн хүүхдийн амь, бага насыг хавцлын ёроол руу дамжлан шидсээр байх вэ.

Энэ хэргийн салхин дор цахим орчинд шуугилдсан өчнөөн монгол, цахимд л эмтэрсэн өчнөөн томчууд. Тэдний үрийг ч бас ийм аюул отож байгааг нийгэм сануулсаар. Гэтэл хэн нь ч тэмцсэнгүй. Тэмцэж ирсэн хүмүүсийн дуу хоолой, төрийн ордон тойроод, замхарчихдаг. Яалтай билээ, гэсээр яг дэргэдээсээ ирээдүйгээ алдсаар л байна.

Магадгүй төр засаг, бусад улсын сайн туршлагыг судалдаг, авч хэрэгжүүлдэг шиг ээ, энэ асуудалд ч бас тэгж хандаасай. Хүн бүр тэмцэгч байж, төрийн чихний бөглөө гарна. Тоглож, наадаж явах насандаа хорвоогоос одсон хүүхдүүд, дэндүү балчраасаа амьдралын хар барааныг харж яваа тэднийг том болсон хойно “Хүүхэд насныхаа тухай яриач” гэж асуувал “Надад хүүхэд нас байгаагүй” гэж хэлж мэднэ. Монгол Улс цаашид байх уу, үгүй юу гэх асуудал бол өнөөдөр хүүхдүүд хаана, юу хийж явахаас шалтгаалах юм.

Өлсөж ядарсан нийгмийн элгэн дор үлдсэн тэр хүүхдүүдийн дэргэдүүр зөрөхдөө ямар эмгэнэлт амьдралаас өндийж буйг нь анзаараагүй юм биш биз, НЭГ АЛХАМ УХРААД нүд нь нулимстай, бие нь шархтай үгүйг нь шалгаад үзээрэй гэж таниас хүсье!

Тэднийг зугтаалгах уу, эсвэл тэднээсээ зугтаах уу.

Үндэсний шуудан


URL: