Бусдын гарт амиа алдсан эрэгтэйн цогцсыг гурван жилийн дараа уурхайн гүнээс олжээ

16012178415f70a5310972e

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 2017 онд амиа алдсан 19 настай иргэний цогцсыг Налайх дүүргийн эзэнгүй орхигдсон уурхайн гүнээс гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас 2017 онд гарсан хүн амины хэргийг шалгах явцад нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд тус дүүргийн иргэн 19 настай, эрэгтэйн амь насыг хөнөөж, цогцсыг булж орхисон нь тогтоогдсон байна. Улмаар тухайн иргэний цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг ОБЕГ-т тавьжээ.

Хүсэлтийн дагуу, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 2 метр куб шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталт хийж тухайн иргэний цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


URL: