СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самрыг ястай нь идсэн хүүхдүүдэд мэс засал хийжээ

4798477498610758557_800_x_712

Бага насны хүүхэд самрыг ястай нь зажилж, идсэнээс гэдэсний түгжрэлд өртөх болсныг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч В.Ганхуяг анхааруулав. Тухайлбал, энэ сард 2-4 настай хүүхдүүд уг шалтгаанаар тус төвд хандаж, мэс засал хийлгэжээ. “Эцэг, эхчүүд хүүхдэдээ самар цөмөхийг зааж, сургаагүй хэрнээ хараа хяналтгүй хэрэглүүлж байна. Хүүхдүүд самрыг ястай нь зажлаад, идчихдэг тул ходоод, гэдэс нь түгжирч, мэс засал хийлгэх хэмжээнд хүрдэг. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ зөв хооллож, эрүүл мэндэд нь анхаарна уу” хэмээн зөвлөв.

Тарваган тахлаар өвчилсөн хүний тоо зургаа болов

Хэнтий болон Ховд аймагт энэ сарын 24-нд тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдэж, нэгийнх нь онош батлагдсаныг Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс мэдээллээ. Ингэснээр улсын хэмжээнд энэ он гарснаас хойш уг өвчний сэжигтэй 22 тохиолдлыг бүртгэн, зургаан хүн тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан бөгөөд гурав нь нас барсан. Ховд аймгийн Алтай сумын иргэн 25 настай эмэгтэй өнгөрсөн пүрэв гарагт халуурч, булчирхай нь томрох зэрэг шинж тэмдэг илэрчээ. Тэрбээр тарваганы мах идсэн тул яаралтай тусгаарлан, лабораторийн шинжилгээнд хамруулсан юм байна. Алслагдсан аймгуудад тарваган тахлыг шинжилдэг болсон тул оношийг хугацаа алдалгүй ийнхүү тодруулжээ. Одоогоор Алтай сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, өвчтөнтэй харилцсан 19 хүнийг тусгаарлан, шинжилгээнд хамруулж буй гэнэ. Хэнтий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу хараахан гараагүйг албаныхан хэлсэн. Сонирхуулахад, улсын хэмжээнд 2017 онд тарваган тахлаар нэг хүн халдварласан. 2019 онд хоёр хүн өвчилж, нас баржээ. Харин 2020 онд зургаан хүн тахал тусаж, гурав нь нас барсан нь сүүлийн арван жилд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт аж. Тиймээс иргэд уг өвчнөөс сэргийлж, тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх, худалдах, худалдан авч, тээвэрлэхгүй байхыг ЗӨСҮТ-өөс онцгойлон анхаарууллаа.


URL: