Түгжрэл бол агуу бүтээн байгуулалт мөн!

712-1601593149118892483_3180731548702132_2516849179667817421_n

Уржигдар хотоороо зам дээр хонох шахлаа. Тэгээд тэр муу түгжрэлийг газар доогуур ортол муулж, зүхэцгээв.

Угтаа түгжрэл хэдэн жилийн өмнөөс бий болсон. Харин өнөөдөр бүр нэг төгсрөөд, бүтээн байгуулалтын түвшинд очсон нь энэ.
Аливаа бүтээн байгуулалт хүний ухаан, гараар босдог. Түгжрэл тэр л жаягаар бий болсон эд.
Ер нь бол юмыг өөдрөгөөр харах хэрэгтэй.
Хөршийн холбоо ч устсан өнөөгийн нийгэмд хотын иргэдийг түгжрэл л хэдэн зуу, мянгаар нь нэг дор олон цагийн турш зам дээр цуглуулж чадаж байна. Ингэж өөр хэн ч чадахгүй.
Тэгэхээр түгжрэл бол агуу бүтээн байгуулалт болж таарна. Энэ бүтээн байгуулалтад хамгийн их гар бие оролцсон хүмүүс бол үе үеийн Улаанбаатар хотын захирагч, Газрын албаны дарга, Хот төлөвлөлтийн дарга нар мөн.
Тэд хэдхэн жилийн дотор монгол гэрийн хэлбэр бүхий архитектурын шийдэлтэй Улаанбаатарыг завсаргүй шавж шамбааралдсан арлын суурин шиг болгож чадсан юм. Тэдний бодлого, стратегийн үр дүн нь энэ.
Тиймээс тэдгээр дарга нарт хотын иргэдийн өмнөөс талархал илэрхийлэх хэрэгтэй.
Бас сүүлийн гучаад жилд Монголыг засагласан намууд, тэдний Засгийн газруудад баярлах хэрэгтэй.
Монголыг дэлхийн төмрийн хаягдлын цэг болтол нь автомашины импортыг хяналтгүй цэцэглүүлж чадсан. Хэзээ нэг цагт бид тэр их төмрийг боловсруулж, Toyota, Nissan-тай зэрэгцэх автомашины монгол брэндийг бүтээх ч юм бил үү. Онгоц ч  хийж болно шүү дээ.
Түүнчлэн түгжрэлийн хамгийн том бүтээн байгуулагч нь бид өөрсдөө юм. Учир нь бид нар бүгдээрээ түгжрэлд дуртай. Ямар нэгэн аргаар түгжрэх л хэрэгтэй гэж үздэг.
Хэн нэгэн жолооч эгнээ байр солих гээд дохио өгвөл яагаад ч оруулахгүй. Тэр зам бол миний л явах зам. Өмнүүрээ оруулахын оронд сайхан гацаад зогссон нь дээр.
Ингээд оруулахгүй болохоор гэнэт шахаад дайрна. Яг тэр үед нь хаазаа гишгээд наалдаад авах нь бүр сайхан. Тэгээд л сайхан түгжирцгээнэ.
Ганцхан би л тэр зам дээрх бүх машиныг түгжрэлд хийнэ. Сайхан түгжчихээд нөгөөх жолоочтой хэрэлдэнгээ арагшаа хар даа. Арми жагсаачихсан юм шиг л аятай сэтгэгдэл төрнө. Гайхамшигтай биш гэж үү. Үүнийг л бүтээн байгуулалт гээд байгаа юм.
Ингээд Хотын дарга нартайгаа нийлж байгаад түгжрэл гэдэг бүтээн байгуулалтын ард гарсан иргэний нэг нь би мөнөөс мөн.
Түгжрэл бас улс төрийн ашиг тус ихтэй. Орон нутгийн сонгууль эхэлчихлээ. Хотын даргын орлогч залуу цав цагаан гар дээрээ хав хар шахмал түлш хэдийг тавьчихаад “…Утааг чадсан, түгжээг тайлна” гэж сонгуулийн уриа хийж байна. Тэр лав сонгогдоно. Түгжрэл бол Хотын дарга нарт хэзээнээс ашиг тусаа өгч ирсний баталгаа энэ.
Нэгэнт машин байтугай хүний бөгс эргэх зай багатай болсон хотын зам талбайн түгжрэлийг одоо хэн ч устгаж чадахгүй. Түгжрэл ийм л бат бөх бүтээн байгуулалт болсон.
Одоо түгжрэлээсээ хагацаж болох диктатурны хэдхэн арга байж болох юм. Монгол хүн цаас хоёрын тавилан адилхан. Чичихээс нааш чих нь зөөлрөхгүй, цоорохгүй.
Тийм болохоор Орон нутгийн сонгуулийн дараа хувийн машинаараа хүн “зөөх”-өө болих, бүх өдөр тэгш сондгойгоороо ээлжилж хөдөлгөөнд оролцох,  10 жилээс дээш насжилттай автомашинуудаа устгалд оруулах, буруу рультэй автомашинаа бас хогийн цэг дээр хаях, бүр болохгүй бол нэг өдөр эрэгтэй жолооч нар, дараа өдөр нь эмэгтэйчүүд хөдөлгөөнд оролцох гэсэн аргууд дарга нарын түвшинд яригджээ.
Замын цагдаа, Хотын удирдлагууд баахан ийм санаа ярьж, түгжрэлээ хэрхэхийг ойлгохоо болиод Зам тээврийн яамнаасаа бодлогын тусламж хүсчихээд байна.
Харин одоо онгоц, метро хоёр л түгжрэлийн дээгүүр биднийг нисгэж чадна. Аль эсвэл та бид тархиндаа бүтээсэн түгжрэлээ устгах хэрэгтэй. Эр эмгүй, том багагүй хотын соёлд дахин суралцана гэсэн үг. Харин сонгуулийн амлалт болоод байгаачлан “..Түгжээг тайлна” гэвэл гонжийнжоо. Өмнөх дарга нарынхаа бүтээсэн цементэн ширэнгийг нураах уу. Үгүй. Ийм л байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: