“Хавтгайруулсан халамж иргэдэд тус биш ус болно”

Capture

Энэ жилийн төсөв 4.8 их наяд буюу Монгол Улсын жилийн төсвийн тэн хагастай тэнцэх алдагдалтай төсөв гарч байна. Гэтэл хүүхдийн мөнгөнд ирэх жилийн хагаст л 720 тэрбум олгохоор ЗГ-аас төсвийн төсөл өргөн баригдлаа. Мэдээж үйлдвэрлэл ДНБ-ий орлого нэмэгдээгүй тохиолдолд мөнгө хэвлэж төгрөгийн ханш суларч, эргээд юмны үнэ улам нэмэгдэж эдийн засаг хэцүүднэ. Төсвийн цоорхойгоо гадаад зээлээр нөхнө.

Одоо манай улсын гадаад өр 30 миллъяард доллар давж, өнөөдрийн улсын төсвийн 7-8 жилийнхтэй тэнцэж, их өртэй дэлхийн 10 орны нэгд зүй ёсоор бичигдэж байгаа нь Монгол хүний санаа зовоох асуудал болж байна. Эдийн засгийн талаар хараат байх нь улс төрийн талаар хараат болгоно.

Үнэндээ ОУВСангийн зээлийн хяналтанд орсноор монголын төсөв, санхүүг гадныхан бүрэн хамаарч эрхшээж байгаа гэж болно. ОУВСан зааварлаж хянаж байдаг. Энэ эзэд маань зөвшөөрч байгаа нь эдийн засгийн хямралыг улам гааруулж байгаад Оюу толгой зэргийн томоохон баялгийн гэрээнд зохистой өөрчлөлт хийлгэхгүй сул авсаар байх далд санаархал ч байхыг үгүйсгэхгүй.

Рио тинто компани Дубайн гэрээг хийхдээ 13 банк, санхүүгийн байгууллагаас /зориуд олон/ зээл авсны хамгийн томоохон зээлдэгч, хамтрагч нь ОУВСан юм. Оюу толгойн борлуулалтын мөнгийг Монголбанкаар дамжуулах тухай Ц.Даваасүрэн нарын санаачилж батлуулсан тогтоолыг 2 жилийн өмнө ОУВСан шахалт үзүүлэн лоббидож болиулахад хардлага маань улам лавширч билээ.

Ер нь ОУВСын хараат байж дэвжиж хөгжсөн улс ховор гэдгийг дэлхийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн гашуун туршлага, түүх бэлхнээ харуулдаг. Тиймээс хүүхдийн гэх мөнгийг зөвхөн зорилтот бүлэг болон олон хүүхэдтэй одонтой эхийн хүүхдэд олгох байдлаар танууштай. Үр өгөөжгүй зардал зарлагыг багасгах, үндэсний үйлдвэрлэл дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, зөв хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төлөө улсын төсөв чиглэгдэх ёстой. Түүний төлөө ажиллах л болно. Хавтгайруулан олгох халамж нь монгол улс, ард иргэдэд тус биш ус болно.

Х.Болорчулуун


URL: