Ариунсанаа ганц бие амьдралдаа “баяртай” гэж хэлнэ

712-160195158682453937_2282833382016014_6840546605058228224_n

Эхлэлгүй төгсгөл гэж үгүй.Төгсгөхгүй шинэ эхлэл гэж байхгүй.Тиймээс ч “Ю фильм”-ийн уран бүтээлчид киноныхоо дөрөвдүгээр ангийг хийсэн биз ээ.Киноны дөрөвдүгээр ангийг хийж байгаа мэдээлэл гарч эхлэхэд л иргэдийн дунд хүлээлт үүссэн. Энэхүү итгэлийг кино багийнхан алдсангүй. Уран сайхны киног олон цуврал болгоход ихэнхдээ бүтэлгүйтэж, үзэгчдээс доогуур үнэлгээ авдаг. Энэ бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийд ч гардаг түгээмэл үзэгдэл.

Гэхдээ цуврал болгон муу байдаггүйг “Single ladies 4”-өөс үзэж болно.Энэ удаад кино багийнхан зоригтой алхам хийж, нэлээд хөрөнгө оруулалтыг бүтээлдээ зарцуулжээ.
Тодруулбал, Иран улсад зураг авалт хийж, мөн гаднын олон уран бүтээлчтэй хамтран ажилласан байна.Жүжигчин Г.Ундармаа “40 гарсан эмэгтэйчүүд зоригтой шийдвэр гаргасан шүү” хэмээн кино нээлтийнхээ үеэр онцлон тэмдэглэсэн. Кино багийн уран бүтээлчид тэр бүр зориглоод байдаггүй түүхэн цаг үе болон одоо цагийг холбосон сонирхолтой хөгжилтэй үйл явдлаар киногоо баяжуулжээ.
Түүхэн цаг үеийг харуулж, Монголчуудад ахуй соёл, уламжлалыг эргэн сануулж  чадсан кино багт талархууштай. Тухайн уран бүтээлийн дуу “Халуут” хэсэгтээ л олны амнаас гарахгүй биз ээ. “Single ladies 4”-ийн цувралууд урлагт шинэ дүр төрхийг танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад ч урлагийн салбарт залуу шинэ үеийг гаргаж иржээ. Тэр нь Энжир гэх залуу бүсгүйн дүр. Мөн Боргуулын дүрд тоглосон залуу загвар өмсөгч үзэгчдийн анхаарлыг татах нь дамжиггүй.  Бизнесийн салбарт гялалзсан амжилттай ч ганц биеэр амьдарсаар 40 нас хүрсэн Ариунсанаа ажлын шугамаар Иран улсын нэгэн хот руу явна Тэндээс эртний бөгж санамсаргүй худалдан авснаар үл мэдэгдэх далдын хүч үйлчлэн XIII зуунд Түмэлүн хатны Персийг дайлаар мордож байгаа цаг үед очиж, адал явдал эхэлнэ.Гэтэл Ари бөгжөө алдан буцах аргагүй болно. Бөгжнийхөө хойноос явсаар урьд насныхаа бүтээгүй хайр сэтгэлтэй учирна.Ариунсанаа хамгийн сүүлд жинхэнэ хайр дурлалаа олж, кино аз жаргалтай сайн сайхан төгсөнө. Гэхдээ аз жаргалыг мэдрэхийн тулд гол дүрийн бүсгүй Ариунсанаа чамгүй олон давааг даван туулах ёстой болно. Түүх хэрхэн үргэлжилснийг та бүхэн “Single ladies 4” киноноос үзэх боломжтой юм.
Г.Сүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL: