Хот 110 тэрбумаар ТЭГ ЗОГСОЛТ хийжээ

түгжрэл_b

Улаанбаатар хот 250 мянган машины даацтай атал өнөөдөр 580 мянган машин чихэлдэн зорчиж байна. Их түгжрэлээс үүдсэн эдийн засгийн хохирлыг тооцсон судалгаа олон ч, эдийн засгийн бус амьдралын чанарын хохирол тооцошгүй билээ. Гэр бүлдээ, үр хүүхэддээ зарцуулах учиртай үнэт хоёр цагийг бид өдөр бүр машин дотроо үрж байна.

ШУТИС-ийн Системийн сэтгэлгээний багш нар судалгаа хийж “Улаанбаатарчууд 2012 онд замын түгжрэлийн нөлөөгөөр зөвхөн шатахуунд 120 орчим тэрбум төгрөгийг алдаж байсан бол 2020 оны байдлаар жилд 320 тэрбум төгрөг алдаж байна. Энэ нь 1 хүн улиралд 60 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна” гэсэн тооцоо гаргажээ. Энэхүү тооцооллоор Улаанбаатарчууд 2020 оны өвөл бүрэн 0 зогсолтод орох юм байна. Цаг агаар хүйтэрч, хур тунадастай өдөр замын түгжрэл нэмэгддэг. Үүний нэг жишээ бол хэд хоногийн өмнөх түгжрэл байлаа. Энэ хэвээрээ байгаад байвал Улаанбаатарчууд энэ ӨВӨЛЖИНГӨӨ ТАГ ТҮГЖИРНЭ.

Түгжрэлийн угт гэр хорооллын асуудал бий. Гэр хороололд нийтийн тээвэр хөгжөөгүй учраас, хүн тансаглахын тулд бус өвлийн хүйтэнд хөлдчихгүйн тулд эхний боломжоороо машин авч байна. Түгжрэлийг шийдэх цорын ганц арга бол нийтийн тээвэр. Өөр шидэт шийдэл байхгүй.

Хотын түгжрэлийг бууруулахтай холбоотойгоор нийслэлийн одоогийн удирдлагууд янз бүрийн шийдэл яриад удаж байна.  Саяын түгжрэлийн үеэр мөн л Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр улсаас 22, нийслэлээс 26 тэрбум төгрөг батлагдсан, одоо худалдан авалтаа хийхээр судалж байгаа гэж яриж байсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж амжаагүй бололтой.

2012-2016 онд АН хотын удирдлаганд байхдаа Энхтайваны өргөн чөлөө дагуу шугамд метро байгуулах ТЭЗҮ-ийг Жайкагийн санхүүжилтээр хийсэн. Нэгдүгээр эгнээг чөлөөлсөн. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг санаачилсан.  Барууны орнуудад нийтийн тээврийн дийлэнхи нь улсын мэдэлд байдаг атал манайд нийтийн тээврийн 21 байгууллага байгаагийн 19 нь хувийнх, 2 нь улсынх. Мөн 2012-2016 онд 54 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан нийтийн тээврийг 2016-2020 онд 110 тэрбум төгрөгийн төсөвтэй болгосон. Гэтэл хийсэн ажил нь хаана байна? Түгжрэл буурсан уу?

Ж.Бат

http://www.shuud.mn/a/523162


URL:

Tags: