“Гайхамшигт 50″: Жишиг өөрчилсөн түүх”

118844292_3481926325162738_3588576908116828981_n“Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас санаачлан, MERIT төсөл, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Улбар паблишинг” хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан “ГАЙХАМШИГТ 50: ЖИШИГ ӨӨРЧИЛСӨН ТҮҮХ” нэртэй нэгэн ном уншигчдад хүрчээ.

Энэхүү ном нь Монгол улсад орчин цагийн эрдэс баялгийн салбар үүссэн 1922 оноос хойш одоо үеийг хүртэлх 100 орчим жилийн түүхийг бүтээлцсэн 50 бахархалт эмэгтэйг түүвэрлэн оруулсан байна. Эдгээр 50 хүнийг онцлохдоо ажил үйлс, амжилт ололтыг харгалзан 1000 орчим эмэгтэйн амьдрал замналыг судлан, нягталж үзсэний үндсэнд шүүн гаргажээ.

Эрчүүд давамгайлсан Уул уурхай, эрдэс баялгийн салбарт жишгийг өөрчлөн түүх бүтээсэн эмэгтэйчүүдийн талаарх уг номонд Монголын анхны эмэгтэй уурхайчдын нэг Г.Цэндсүрэн, “Ачит-Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг, Төрийн соёрхолт геологич О.Гэрэл,  “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, “Монполимет” ХХК-ийн захирал С.Энхтуяа, ШУТИС-ийн Газрын тосны салбарын багш Ц.Алтанцэцэг зэрэг салбартаа нэрээ дуурсгасан, амжилт бүтээл нь бодит харагдахуйц 50 эмэгтэйн амьдралын замнал, баялаг түүхийг өгүүлсэн байна.

Энэ номноос хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж яваа эмэгтэйчүүдийн түүхээс гадна Монгол улсынхаа эрдэс баялгийн салбарын алдсан, оносон арвин түүхтэй танилцах боломжтой юм.

Жишиг өөрчилсөн гайхамшигт эмэгтэйчүүдийн нэг болох Д.Эрдэнэцэцэгийн удирддаг “Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт уг номыг ивээн тэтгэж, хамтран ажилласан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Кэтрин Э.Ивкоф айлчлан очсон  байна. Тус үйлдвэрийг эмэгтэйчүүд голлон удирдаж, монгол залуучууд өндөр технологи эзэмшин ажиллуулж, ногоон зэс үйлдвэрлэн экспортонд гарган улсынхаа эдийн засагт том хувь нэмэр оруулж байгааг сайшааж, тэдэнд цаашдын бүтээн байгуулах үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөжээ.

Тус үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй, балансын бус хүдрийн 2-р овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, Лондоны металлын биржийн А зэрэглэлийн 99.999 хувийн цэвэр катодын зэс үйлдвэрлэдэг билээ.


URL: