Т.Доржханд: УИХ-ын сонгуулийг олимп, орон нутгийн сонгуулийг параолимп дайтай зохион байгууллаа

16030784825f8d09527e871

ХҮН-ын гишүүд орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тус намаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэхдээ “ХҮНам төр засгийн шийдвэр гаргах бүх шатанд төлөөлөлтэй боллоо. Манай нам аль ч шатанд бусад намтай хамтарч, эвсэж ажиллахгүй. Эсрэгээрээ зөв зүйлийг нь дэмжээд, ажил хэрэгч байдлаар хандаж, холбогдох шаардлагаа тавьж ажиллана.

Орон нутгийн сонгуулийг ач холбогдол өгдөггүй байдлаар хийж, хуулийг ч ийм байдлаар зохицуулж ирсэн байна. Орон нутгийн сонгууль 50-иас дээш хувийн ирцтэй, түүнээс дээш гарахгүй бол дахин сонгууль явуулдаг байсан заалтыг хуулиас авч хаясан байна. Хэн илүү их намын бүтцээ ажиллуулсан, хэн нь илүү хүн зөөж санал өгсөн нь ялдаг систем рүү орж байна.

Ардчиллыг, иргэдийг төлөөлөх эрх нь бүрэн хангагдаж байна уу. Гарч ирсэн төлөөллүүд нийт иргэдээ төлөөлж ажиллаж чадах уу гэдэг асуулт байна.

2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Бид сонгуулиа өгдөг үндэстэн байж чадах уу. Цаашаа ардчилал урт хугацаанд амь бөхтэй байж чадах уу гэж санаа зовж байна. Ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр, сонгуулийн байгууллагууд ирц идэвхижүүлэх чиглэлээр ажилладаг байх ёстой.

Иргэд хэдэн саналаа хэнд, хаана очиж өгөхөө ч мэдэхгүй дур зурагтай байлаа. УИХ-ын сонгуулийг олимпын дайтай, орон нутгийн сонгуулийг параолимп байдлаар, хүмүүс сонирхдоггүй байдлаар дизайн хийж явуулж байна. Тиймээс ХҮН-аас сонгуульд олон хүн оролцдог, олон сонголттой байх боломжийг нээх чиглэлээр хуулинд өөрчлөлт оруулна гэсэн хүлээлттэй байна.

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр “Бид гурвуулаа НИТХ-д сонгогдсон. Гэхдээ 30 хүн шиг ажиллана шүү гэж ярилцаж байгаа. Бид чадна. Түгжрэлийг шийдвэрлэхийн тулд бүх талаар хамтран ажиллана. Нийслэлийн төсвийг илүү тод, тодорхой, нээлттэй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллана. Сөрөг хүчин яаж ажиллах ёстой вэ гэдгийг үзүүлнэ. Дөрвөн жилийн дараа шүүмжилдэг сөрөг хүчин байж болохгүй. Хуралдаан болгон дээр асуудлыг нь ярьж, зөв тийш нь чиглүүлдэг л байх ёстой гэж харж байна. Бид ингэж ажиллана. Хотын иргэнийхээ төлөө хамгийн их зүтгэдэг, хүнд хэцүүг нь үүрч, хариуцлагаа өөрөө үүрдэг хотын даргыг хүсч байна. Асуудлаа тодорхой тавиад, шийдлээ гаргаад, хүмүүсээ удирдаад явдаг Хотын даргыг хүсч байна” гэлээ.


URL: