Ажиглагч-Анализ: У.Хүрэлсүхийн шинэ сайд нар 100 хоногт юу амжуулсан бэ?

712-1603150229fqqfqfqfq (1)

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдаар улиран томилогдсон. Улмаар 2020 оны долдугаар сарын 8-ны өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу УИХ-д танхимаа танилцуулсан. Ингэж У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газар 14 яам 17 сайдтайгаар ажиллаж эхэлсэн юм.

Олон нийт хийгээд намынхных нь хүлээлт сайд нарын томилгоон дээр эсрэгээрээ эргэсэн. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн сайд “давхар дээл”-тэй байхаар заасан. Энэ дөрвөн сайд хэн байх вэ гэдэг нэлээд асуудал үүссэн байдаг. Энэ өөрчлөлтөөр дан ганц Ерөнхий сайд хэнээс ч хараат бусаар сайд нараа томилно гэсэн нь сайд болох хүсэлтэй нөхдөд ёстой л дээдэх тэнгэр, доодох газар болж хувирсан. Хөшигний ард Ерөнхий сайдад хүслээ илэрхийлсэн хүн олон. Тиймээс долдугаар сарын 8-нд шинэ сайд нар тодрохтой зэрэгцээд намын даргадаа гомдогсод бас бий болсон.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зарласан сайд нар өмнө нь улс төрийн болоод төрийн албаны тэргүүн эгнээнд ажиллаж үзээгүй шахам хүмүүс байв. Энэ нь засаг бүрдсэний дараа гишүүдийн өрөөнд дуудагдаж, үүрэг даалгавар авч, сурагч адил тэмдэглэл үйлдэж суусан сайд нарын төрхөөс харагдаж байв. Одоо тэд хуулиа мэдэж, учраа ойлгосон бололтой. Юу юугүй дуудсан гишүүн болгоны өмнө номхон зогсохоо больсон байна. Гэхдээ тэдэнд мэдэхгүй, хүчрэхгүй зүйл олон тулгарч байгаа нь илт. Энэ нь дор тайлбарлах сайд бүрийн “ажил”-аас тодорхой харагдана.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ 100 хоногийнхоо тэн хагаст ихэвчлэн орон нутагт “танилцах аялал” хийлээ. Уг нь 31 дэх Ерөнхий сайд нь өөрөө байсан. 32-оор нь өөрөө тодорсон. Тэгэхээр танилцах биш өөр ажил хийх учиртай. Тиймээс шинэ Засгийн газрын Ерөнхий сайдын 100 хоногийн хугацаанд хийсэн “танилцах аялал”-ыг Орон нутгийн сонгууль эсвэл ирэх 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл байсан гэх тайлбар олон сонсогдож байна.
Юутай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг харахад олон жижиг гар хөлтэй, данагар том толгой үзэгдэж байгаа юм. Дээр хэлснээр хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль залгана. Тэгэхээр сонгууль угтсан “алтан ам”-аар ажлаа бүү хийгээсэй гэж залбиръя.
Засгийн газрын “эмзэг цэг” Я.Содбаатар “Эрдэнэт”-ийг хариуцав
У.Хүрэлсүхийн олны санаанд хүрээгүй томилгооны нэг бол Я.Содбаатар мөн. Түүнийг Шадар сайдаар томилсон.
Уг нь Я.Содбаатарын намтрыг үзвэл, бас улс төрд явж ирсэн замнал, төрийн ажлын туршлагыг баргийн хүнтэй ярилтгүй. Сайн. Гэхдээ Я.Содбаатар өмнө нь УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-гийн асуудалд холбогдож сайдын ажлаа өгч байв. Тэрээр 2018 оны арванхоёрдугаар сарын 8-нд ажлаа өгөхдөө “…Миний эхнэрийн үүсгэн байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл авсантай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Хэдийгээр зээл авахад нь нөлөөлөөгүй, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй ч улс төрч, төрийн албан хаагчийн хувьд хариуцлага хүлээж байгаа юм” гэж байсан юм. Тэгвэл жил хагасын дараа дахин сайд болов. Ингэхдээ дэвшээд Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон юм. Ингэж 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаараа түүнийг томилсон нь “…ЖДҮ-гийн асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хатуу тэмцэнэ” гэсэн 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ үгүйсгэсэн явдал болсон хэрэг.
Түүнчлэн Я.Содбаатарын Шадар сайд болоод ахалсан анхны ажлын хэсэг болох “Эрдэнэт”-ийг яачих бол гээд олон нийт эргэлзээтэй л хандаж байна. “…Төрд 100 хувь байлгана” гэж өөрөө яриад байгаа. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Ямартай ч ЖДҮ-г ард түмэн мартахгүй. Уучлах ч үгүй. Тийм болохоор 2017 онд “Хотгор шанага”-ын уурхайг зарсан гэгддэг Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болоход УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлж байсанчлан “…Энэ засгийн газрын эмзэг цэг” нь Я.Содбаатар болж байгаа юм.
Засагт ч, монголчуудад ч хэрэгтэй “E-MONGOLIA”-гийн автор
Өмнөх Засгийн газраас улирч үлдсэн дөрвөн сайдын нэг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. МАН-ынхаа дарга байсан М.Энхболдыг “мөргөж”, дараа нь байгуулсан Засгийн газарт сайдаар орсон тааруухан түүхтэй. Гэхдээ сайд болоод барьж авсан “E-MONGOLIA” хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж эхэллээ. Энэ хөтөлбөрийн автор нь Л.Оюун-Эрдэнэ юм. “E-MONGOLIA” нь Засгийн газрын 100 хоногийн өмнөхөн буюу 2020 оны аравдугаар сарын 2-нд “ашиглалт”-д орж нээлтээ хийсэн.
Үүгээр үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн системийг веб портал болон гар утасны аппликейшн хэлбэрээр анхны хувилбарыг гаргаж, эхний шатанд төрийн 181 үйлчилгээг цахимжуулжээ. Цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтэц дор төвлөрүүлэхээр ажиллаж буй аж.
Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх юм байна. Түүнээс гадна мөнгөөр хэмжигдэхгүй үнэтэй цаг хугацааг хэмнэж буй энэ системд иргэд ам сайтай байгаа юм. Тиймээс Өгөгдөл хамгаалах тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухайн хууль, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төслийг тун удахгүй УИХ-д өргөн барина гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьжээ. Магадгүй Засгийн газрын 100 хоногийн тайланг энэ  “E-MONGOLIA” аваад гарч байх шиг байна.
Хамгийн гол нь “E-MONGOLIA”-г бүрэн утгаар нь хэрэгжүүлснээр Монголын төрд авлигал үгүй болох том өгөөжтэй ажээ.
Яамаа сольсон ч хурдаа алдаагүй сайд
Байгаль,орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өмнөх Засгийн газарт эрүүл мэндийн салбарыг удирдаж байв. Дэлхий дахинаа дэгдсэн  цар тахлын нөлөө хамгийн бага орноор манай улс нэрлэгдэж байна. Түүнийг эрүүл мэндийн  салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж сайн ажилласан сайд хэмээн үнэлдэг. Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдаар томилогдоод гурван сар орчим болж байна. Ажлаа авсан даруйдаа НҮБ, ДЭМБ, ЖАЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн олон улсын томоохон байгууллагын төлөөлөл, БНСУ, Япон, Унгар, Австрали, Их Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааныхаа чигийг “зурагласан”. Дараа нь байгаль орчинтойгоо танилцаж, орон нутагт ажилласан. Олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан, Хэнтийн аялал жуулчлалын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан ой бүхий аймаг, сумдад ажиллаж, Булганд болсон “Айрагны баяр”-т оролцов.
Энэ хугацаанд хоёр  чухал шийдвэр гаргасныг нь онцлох нь зүйтэй.  Эхнийх нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай  дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтаар нь ашиглах шийдвэр.    Дараагийнх нь Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхны саналыг харгалзан ийм шийдвэр гаргажээ. Ийнхүү Д.Саран­гэрэл сайд салбараа сольсон ч хурдаа алдсангүй 100 хоногтойгоо золгож байна.
Салбарынхаа хуулийг“шахаж” ажиллажээ
Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй зайлшгүй холбоотой эрхэм бол бригадын генерал Г.Сайханбаяр. Салбарынхаа ачааны хүнд, асуудлын цөмтэй ажилладаг түүнийг  У.Хүрэлсүх нэр цохон сайдаар томилсон.  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн хугацаанд салбартайгаа танилцах гэж цаг алдсангүй.  Батлан хамгаалах байгууллага зэвсэгт хүчний хууль, эрх зүйн орчны шинэчлэлт, цэргийн албан хаагчдынхаа ахуй амьдралтай  холбоотой асуудалд гарц шийдэл хайж ажиллажээ.  Тухайлбал,  Цэргийн албаны тухай хуулийг өөрчлөн батлуулахаар болсон байна.
Ингэснээр хугацаат цэргийн албаны орчин нөхцөл сайжрах, залуус цэргийн албанаас зугатах биш зорьж ирж хаадаг тийм орчин бүрдэх юм.   Мөн Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад тусгасан ч 2015 оноос хойш “царцаад” байсан нийгмийн хамгаалалтай холбоотой заалтуудыг сэргээхээр салбарын сайд ажиллаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд санаачлан яамны дэргэд ахмадын зөвлөл байгуулав. Ахмадын зөвлөл байгуулснаар ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, сайдад зөвлөх, бусад ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.
Н.Энхтайванд эдийн засаг, геополитикийн сургалт хэрэгтэй
Н.Энхтайван УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад Гадаад харилцааны сайд болж дэвшсэн. Энэ яамыг “тоочиг”-лоод байсан МАН-ын бүлэглэлүүд түүнийг томилогдлоо гэж барьцаж сүйд болоогүй ч 100 хоногийн ажлыг нь хараад ханцуйндаа алга ташин сууж байгаа гэдэгтэй мөрийцсөн ч болно.
Тэрээр Гадаад харилцааны сайд болсноос хойш Хятад, Японы Гадаад хэргийн сайд нарыг эх орондоо хүлээн авч, өөрөө Орост айлчилсан. Бас олон орны Гадаад харилцааны сайдтай утсаар ярьж, Монголд сууж буй хэд хэдэн улсын Элчин сайдыг хүлээж авч уулзжээ.
Гэхдээ Н.Энхтайван ийм чухал салбар хариуцчихаад хийтэй ажиллаж байгаа юм.
2020 оны есдүгээр сарын дундуур БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад гэнэт айлчиллаа. Тухайн үед өмнөд хөршид Өвөрмонголын дунд сургуулиудад монгол бичгийг хориглох бодлого барьчихсан, тэндэх монголчууд хийгээд дэлхий даяарх монголчууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байв. Чухам тэр үед манай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Монгол, Хятад улс бие биенийхээ хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримталж ажиллана” гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-д хэлээд явуулсан юм. Үүнийг ажиглагчид “Гадаад харилцааны сайд шууд бусаар монгол бичгийг хэрхэх нь бидэнд хамаагүй гэсэн Монгол Улсын байр суурийг илэрхийллээ” гэж байсан юм. Үүнээс 14 хоногийн дараа Н.Энхтайван сайд  “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ аравдугаар сарын 6-нд гаргав” гэж мэдэгдэв. Гэтэл манай улс Европын холбооны саарал биш хар жагсаалт, ФАТФ-ын саарал жагсаалтад бичигдчихээд байв. Үнэнийг хэлэхэд энэ тааруухан мэдээллийн дунд сургуулийн хүүхдүүд ч мэдэж буй юм. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сайдаас татгалзах бодолгүй, ажлыг нь үргэлжлүүлүүлэх гэж байгаа бол эдийн засаг, геополитикийн чиглэлээр “эчнээ” сургалтад хамруулах хэрэгтэй.
Ч.Хүрэлбаатар өрийг өрөөр дарж, Ч.Хүрэлбаатарын оруулсан “саарал жагсаалт”-аас гаргав
2017 оны аравдугаар сарын 18. Ч.Хүрэлбаатар бөөн эсэргүүцэл дундаас гүрийж суусаар Сангийн сайд болов. Тэр үед У.Хүрэлсүх дөнгөж Ерөнхий сайд болоод танхимаа бүрдүүлсэн. Сүүлд дахин сонгогдоод “давхар дээл”-тэй дөрвөн сайд томилоход Ч.Хүрэлбаатарыг бас оруулж ирсэн. Дахиад л эсэргүүцэл дундуур зүтгэсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар 2017 оноос хойш тасралтгүй гурван жил Сангийн сайдаар ажиллаж байгаа юм.Харин сүүлд томилогдсоноосоо хойшх 100 хоногт тэрээр хоёр том ажил амжуулсан гэсэн PR явж байна. Эхнийх нь “Мазаалай”, “Чингис” бондуудын өрийг төлөхөөр “Номад” хэмээх бонд гаргасан. Монгол Улс 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.долларын өрийг төлнө. Эдгээр өрийг сая гаргасан “Номад” бондын 600 сая ам.доллараар сольж, арилжаалж авсан гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь, манай сайдыг өрөө хэрхэн дарахаа мэдэхгүй, хуйхаа маажиж суухад нь өмнөх зээл өгсөн эзэд өөрсдөө санал тавьж, мань эр түүгээр нь PR-даж гарсан байдаг. Мөн Ч.Хүрэлбаатар “ФАТФ-ын саарал жагсаалтаас улсаа гаргасан гавьяатан” гэж навсайтал PR-даж байна. Тэр “саарал жагсаалт”-ын түүхийг олон нийт мартсан гэж бодсон бололтой. Үгүй. Одоогоос яг жилийн өмнө Монгол Улс саарал жагсаалтад орсон. Тэр үед Ч.Хүрэлбаатар өөрөө Сангийн сайд байв. Тухайн үед Монгол маань  Исланд, Зимбабве улсын “саарал жагсаалт”-д бичигдэж байлаа. Тэгэхэд ФАТФ-аас Монголд хугацаатай үүрэг өгсөн байдаг юм.
Сайд болсон, санал өөрчлөгдсөн
У.Хүрэлсүхийн “давхар дээл”-тэй дөрвөн сайдын нэг бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар юм. 100 хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга ч түүнд “Х.Нямбаатар сайд аа, Ц.Нямдоржийн хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь тоохгүй шүү” гэж хэлж байлаа.Үнэхээр ч Х.Нямбаатар сайдаар томилогдсоноосоо хойш гишүүн байх үеийнхээсээ тэс өөр болжээ. Яахав, хувь хүний хувьд 100 хоногийн хугацаанд цахим сүлжээг цөөнгүй удаа шуугиулсан. Эр хүнд байх асуудал. Харин гол зарчмаа алдаж болохгүй. Ингэж магадгүй гэх эргэлзээ байгаа учраас зөвлөх маягаар ганц л хуулийн бодлого дээр жишээ авъя. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын 2019 оны гуравдугаар сард Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг чөлөөлөх  Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэвлэлд ярьжээ. Гэтэл мань эр сайд болсноосоо хойш 2020 оны наймдугаар сарын 18-нд мэдээлэл хийхдээ    “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, чөлөөлөх цонхыг нэн яаралтай хаахгүй бол Монгол Улсад хараат бус шүүх засаглал устана. Тиймээс бид энэ цонхыг нэн тэргүүнд хаахыг зорьж байна” хэмээсэн юм.
Энэ бол сайд Х.Нямбаатар гишүүн Х.Нямбаатараасаа эргэж хургасан явдлуудын нэг жишээ юм. Сайдын ажил цаашаа сайжирч, “эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа” байх биз ээ. Ирэх дөрвөн жилд Монголын бүхий л хууль тогтоомжтой холбоотой асуудал хүссэн хүсээгүй Х.Нямбаатартай холбогдоно. Ц.Нямдорж ч тийм л байсан.
Сахил хүртээд шал дордуулах вий
Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа магадгүй энэ Засгийн газрын хамгийн романтик нь байх.  Тэрээр цахим орчинд идэвхтэй, нээлттэй нэгэн.   Мөн өнгөрсөн хугацаанд Төрийн тамгыг төрсөн өдрийн мэндчилгээнд дарж явуулаад нэлээд  шүүмжлүүлсэн.   Ичсэндээ “За дараагийн удаа дарахгүй л байя даа” гэсэн мэдэгдлийг сайд хийсэн байдаг. Энэ салбарыг өмнө нь УИХ-ын гишүүн С.Чинзориг удирдаж байв.  Нэлээд эмх цэгцтэй, хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажил олонтой яамыг  А.Ариунзаяа хүлээж авсан.   Тиймдээ ч өнгөрсөн 100 хоногт өмнөх сайдын нугалсан нэлээд олон ажил биелэлээ оллоо.  Үүнээс  онцлоход  ehalamj.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүлэв.  Ингэснээр иргэд тэтгэмж авахдаа заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэх боломжтой болсон юм.
Түүнчлэн А.Ариунзаяа сайд халамжаас хөдөлмөр рүү шилжих зарчим баримтлана гэж байнга шахуу ярих болов.  Ингэхдээ МСҮТ-үүдийн тоог нэмэгдүүлэх талд ажиллах гэнэ. Германд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 70-80 хувь нь мэргэжил эзэмшиж улс орныхоо ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бий болгодог. Манай улсад эсрэгээрээ байна хэмээн холын улсын жишгийг ярих болов.  Мөн  МСҮТ-ийг тоог нэмэгдүүлэхдээ зарим нэг коллежийн статусыг бууруулж, МСҮТ болгох асуудлыг ч яриад эхэлжээ. Сахил хүртээх гээд шал дордуулах вий.
З.Мэндсайхан сайдын амлалт
Засгийн газрын чимээгүй сайд нарын нэг  нь З.Мэндсайхан. Тэрээр 100 хоногт  дорвитой ажил эхлүүлээгүй ч цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа “зураглал”-ыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  танилцуулжээ.
З.Мэндсайхан сайдын хувилбарт “Атар-4”  тариалангийн тогтвортой хөгжлийн аян, 117.4 сая литр сүүний үйлдвэрлэлийг дотоодоос хангаж, цаашид 200 сая литрт хүргэх, гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад  200 мянган  тонн гурил экспортох, өндөгний хэрэгцээнийхээ 52 хувь буюу 178 сая ширхэгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэх, төмс 100 хувь, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангана гэж тусгажээ.
Мөн “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг гурав дахин нэмэгдүүлэх, тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх, 10 сая ширхэг арьс шир, 10 мянган тонн ноос, гурван мянган тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай Дархан арьс ширний цогцолбортой болсноор малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ өсөх, Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк, 3000 тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайдад амласан байна. З.Мэндсайхан сайдын хувилбар хэрэгжвэл сайхан л байна.
“Зургаа” давсан сайд
Барилга, хот байгуу­лалтын сайд Б.Мөнхбаатар өмнө нь тус яаманд дэд сайдаар ажиллаж байв.  Мөн МАН дотроо нэлээд туршлагатай улстөрчийн тоонд багтдаг. Тэрээр цэвэрлэх байгууламж, “Майдар” хот төсөл гээд олон асуудалд өмнөх сайдын байр суурийг хадгалсан. Мөн энэ Засгийн газрын хамгийн бага халаа сэлгээ явагдсан газар гэвэл Барилга, хот байгуулалтын яам байх.  Тэгвэл сүүлийн үед салбарын сайдад нэг шинэ  сорилт тулгараад байгаа нь ипотекийн зээлийг зургаан хувь болгох юм. Энэ бол МАН-ын улс төрийн амлалт. Санал авахын төлөөх амлалт учраас тооцоо судалгаа үндэслэл муутай, эдийн засагт ч их ачаа болно гэж мэргэжилтнүүд анхнаасаа дуугараад эхэлсэн.  Тэгвэл энэ  ажлыг тал талд гал алдуулахгүйгээр хэрэгжүүлэх сорилт  Б.Мөнхбаатар сайдад оногдох шиг боллоо.  Тэрээр ямартай ч өнгөрсөн баасан гаригт чуулганы хуралдаан дээр ипотекийн зээлийн хүү зургаан хувь болсныг зарлав. Харин өчигдөр  МАН 150 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдэгдэв. Энэ ажлын гол автор ч Б.Мөнхбаатар сайд байх нь. Мөн тэрээр орон нутгийн хөгжил, аймаг, сумдын барилгын салбарт хүрч ажиллана гэдгээ мэдэгдсэн.  Тиймдээ ч томилогдсоныхоо  дараа  Архангай, Төв, Дархан аймагт ажиллаж,  “Сумын хөгжил” төслийг эхлүүлсэн 100 хоног байлаа.
Эх хэлдээ ээлгүй Боловсролын сайд
Боловсролын салбар асуудал ихтэй. Тиймдээ ч 100 хоногт энэ салбар амарсангүй, буцаллаа.  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ч зарим асуудалд тараа таниулав. Тухайлбал, их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт монгол бичгийг заавал үзнэ гэж тусгасан.  Гэтэл боловсролын сайд нь монгол хэл бичгийн хичээлийг “хэрэггүй” гэх хандлагатай хүн ажээ.  Их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс Монголын түүх, хэл бичгийн хичээлийг хасах шийдвэр гаргасан нь өнгөрсөн 100 хоногийн сюрприз болов. Өнгөрсөн намар Өвөрмонголд хос бичгийн төлөөх тэмцэл гарч, монголчууд дэмжсэн.  Энэ асуудалд  Боловсролын сайдын хувиар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ  бүр гадны бодлогыг дэмжиж байгаа мэт дээрх шийдвэрийг гаргасан нь эх хэлдээ ээлгүй боловсролын сайд хэмээн нэрлэхэд хүргэж байна. Дараагийн нэг асуудал нь 100 хоногт сайдын мэдэгдэл хийгээд үйл хэрэг нэлээд зөрлөө.  Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжихгүй хэмээн мэдэгдсэн. Гэтэл удалгүй Засгийн газраас хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэхээр зарлав. Мөн Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ орон нутгийн зургаан сургуульд нэвтрүүлэх туршилтыг хийнэ гэв. Гэвч Кембрижийн хөтөлбөртэй холбоотой асуудал парламент дээр нэлээд асуудал дагуулаад байгаа юм.
Т.Мөнхсайханы ачааг нь нэмсэн ч алзахгүй
Хаа очиж эрүүл мэндийн салбар гайгүй сайн сайдтай болоод авсан. Т.Мөнхсайхан 2006 онд АШУИС-ийг их эмчээр төгсч, улмаар 2006 оноос ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмчээр ажиллажээ. Эмчийн хувьд салбартаа үнэлэгдчихсэн. Тэрээр 2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захирлаар, 2019 оны долдугаар сараас УНТЭ-ийн ерөнхий захирлаар тус тус томилогдсон.
Т.Мөнхсайхан сайд болоод 2020 ондоо багтааж 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгох, УХТЭ-т хавдрын оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.  “Цаг захиалах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулсан. Сум, өрхийн ЭМТ-ийг чадавхижуулах, мөн “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг эмнэлэг болгон дээр бий болгох ажлыг эхлүүлсэн. Энэ ондоо багтаан аймаг, дүүргийн лавлагаа шатлалын долоон эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулахаар болжээ. Салбарын хуулиудад орох нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын ээлжит бус чуулганаар батлахад түүний санал нэлээд багтжээ. Эдгээр хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид гүйцэтгэлээрээ цалин, урамшууллаа авах боломж нь бүрдсэн байна. Тэрээр “Эрүүл мэндийн даатгалынхан хяналтаа сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр хаа хаанаа л хариуцлагатай байж эхэлнэ. Авлигатай тэмцэх хамгийн том өөрчлөлт бол энэ” гэж байна. Т.Мөнхсайхан сайдын эхлүүлсэн ажил өөр олон бий. Үр дүн нь удахгүй мэдэг­дэх биз ээ. Түүний эмнэл­гүүдийн даргаар ажил­лаж байснаас нь хара­хад бас өнгөрсөн 100 хо­ногт эхэлсэн, хийсэн аж­лыг нь харвал ачааг нь нэм­сэн ч алзахгүй сайд юм.
Танигдаж амжаагүй  Г.Ёндон сайд
У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг онцлогтой. Олон нийтэд төдийлөн танил болоогүй эрхмүүдэд салбарын удирдлагыг өгсөн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд сайд нараас сайн, муугаараа олонд танигдаж л байна.  Тэгвэл  100 хоногт иргэдэд бүү хэл салбартаа ч танигдаагүй сайд байна. Үүний нэг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон. Уг нь манай улсын хөгжлийн тэргүүлэх салбар бол уул,уурхай.  Энэ салбарыг тойрсон хэл ам, томилгоо, наймаа, найраа улстөржилт салдаггүй. Харин салбар сайд нь олны анхаарал татсан  асуудлуудад өнгөрсөн 100 хоногт ер чимээлсэнгүй.  Бодвол “танилцах дадлага” нь дуусаагүй байгаа бололтой. Тус яамны цахим хуудсаар ороход өнгөрсөн хугацаанд УУХҮ-ийн сайд хэд хэдэн уулзалт л зохион байгуулжээ.  Тухайлбал, энэ сарын 1-нд  Г.Ёндон сайд Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан “Уул уурхайн салбарын бодлого: 2020-2024” хэлэлцүүлэгт оролцож гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулсан байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгойн IPO-н асуудал, хайгуулын лиценз, хөрөнгө оруулагчдын эрх ашиг болон хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг сайжруулахад байр сууриа илэрхийлсэн гэнэ. Гэвч ямар байр суурь илэрхийлсэн нь тодорхойгүй, нууцалжээ.  Мөн уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодууд төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзаж,  Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 хөтөлбөрийг танилцуулснаас өөр тодорхой ажил, байр суурь УУХҮ-ийн сайд Г.Ёндонд одоохондоо алга.
Хүлээлт үүсгэсэн Cоёлын сайд
Манай улс анх 1956 онд Соёлын яамтай болж байв.   Гэвч 1959 онд татан буугдсан. 1961 онд дахин байгуулагдаж, 1990 онд дахин татан буугджээ.  Тэгвэл Монгол Улс 30 жилийн дараа дахин Соёлын яамтай  болов.  Иргэд олон нийтийн дунд энэ чиглэлийн яамтай болох хүлээлт байсан нь үнэн. 30 жилийн дараа  байгуулсан Соёлын яамыг С.Чулуун удирдахаар болов. Тэгвэл С.Чулуун сайдаас олон  зүйлийг хүлээж байгаа гэхэд болно.  Өнгөрсөн 100 хоногт Соёлын яам ямар ч гэсэн “орох орон”-той болов.  Мөн “Соёлын цаг” акцийг дүүрэг бүрт зохион байгуулж, иргэдэд ойртож үйлчлэхийг хичээсэн.   Гэвч тэр нь бүтэлгүйтэж урлаг, соёлоо гудамж руу түлхэн гаргасан хэрэг болж хувирсан. Энэ нь эргээд Монгол Улс Соёлын яамтай болсон шүү гэдэг дохиог олон нийтэд өгсөн юм.
Мөн Соёлын сайд С.Чулуун олон жил хүлээлт үүсгээд байсан Кино урлагийн тухай хуулийг парламентаар хэлэлцүүлж амжив. 10 тэрбумын сан үүсгэж, улсын хэмжээний даацтай бүтээл туурвихад зарцуулах төвсийг тус хуулиар зохицуулах юм. Хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжээд байгаа билээ.  Мөн сүүлийн үед циркийн барилгатай холбоотой асуудал анхаарал татаж байна.  Соёлын яамнаас ажлын хэсэг гарч, менежментийн хувьчлалаар авсан багийнхантай яриа хэлэлцээ хийж байгаа гэдгийг ч салбарын сайд мэдэгдсэн юм.
Төмөр замыг тэр тавина
Зам, тээвэр хөгжлийн салбар бол улсын хөгжлийн хөтөч байдаг.  Энэ хөгжлийн залуурыг салбарынх нь хүн Л.Халтар удирдаж байна.   Тэрээр өнгөрсөн 100 хоногт Монголын түүхэнд монгол хүн бүтээсэн хэмээн үлдэх төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулахад анхаарч ажилласан гэхэд болно.  УИХ-ын тогтоол батлагдсанаас хойш  есөн жилийн дараа энэ бүтээн байгуулалт биеллээ олох гэж буй нь энэ юм.   Дараагийн нэг асуудал нь  Дарханы зам. Өнгөрсөн наймдугаар сараас хойш Л.Халтар сайд энэ зам дээр нэг хэсэгтэй л амьдарсан гэхэд болно. Үүний үр дүнд Дарханы 202.4 км хатуу хучилттай автозамын зорчих хэсгийг ирэх сарын 1-нээс нээхээр болжээ.  Энэ талаар салбарын сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дарханы замын ажил цар тахлын улмаас нэлээд орой буюу өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн.
Мөн хур бороо ихтэй байсан учраас 44 хоногийн хугацаа алдлаа. Гэсэн ч одоогоор бүх гүүр, хоолойн засварын ажил дуусаад байна.  Ирэх сарын 1-нээс автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ. Энхэл донхол болсон замаар иргэдээ зорчуулахгүйг хичээж байна” гэсэн тайлбар өгчээ. Мөн өнгөрсөн 100 хоногт Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд “Анхны тусламж”-ийн цэгийг байгуулж,  Орхон аймагт “Тээвэрчин” төгөлийг сэргээв.  Мөн ачаа тээврийн С зөвшөөрлийг олгох журмыг  иргэдэд нээлттэй байдлаар зохион байгуулсан 100 хоногт өнгөрлөө.
“Мерит”-ээр дэвшсэн мэргэжлийн сайд Н.Тавинбэх
Энэ  Засгийн  газрын шинэ сайд нарын нэг бол Эрчим хүчний сайд Н.Тавинбэх. ТИС төгссөнөөсөө хойш Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер, гүйцэтгэх захирал, Багануур хотын захирагч, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад сайд болсон мэргэжлийн хүн.
Сайд Н.Тавинбэхийн Эрчим хүчний яамыг толгойлсон өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Оюутолгойн уурхайн зарим хэрэглээг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах ажил, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн барилга угсралтын ажил, Нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан түлшний үйлдвэр барих ажил, Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц барих барилга угсралтын ажлыг эхэлжээ. Мөн “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн Турбоагрегат №2-ын барилга угсралтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулсан байна. Бас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд аймгийн төв, томоохон суурин газруудын шөнийн эрчим хүчний тарифыг тэглэжээ.Юм байгаагаараа сайхан. Мэргэжлийн хүн сайд болохын сайн талыг тэр харуулж буй аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: