Төсөл “төрүүлдэг” Дондогмаа буюу хүүхдээ хайхардаггүй монгол

4e81e41123cba08d3861eaa62d262349Манай улсад гомдол, цөхрөл, бухимдал, маргаан, мухардал бүхэн хүүхдийн “шошго”-той байдаг нь харамсалтай. Хүүхдэд хаягласан төр, түмний ажил хуулийн өмнө хүчгүйдэж, ямар нэгэн мөнгө угаах агуулга бүхий тендер, төсөл болж замхардаг нь эмгэнэлтэй.

Төдийгөөс өдийг хүртэлх гоё нэртэй ихэнх төсөл, хөтөлбөр хүүхдэд зориулагдана хэмээн “амилсан” байдаг. Яг л өнөөх Дондогмаа нэртэй төрдөг тоглоом шиг. Хүүхэд рүү чиглэсэн гаднын томоохон хандив тусламжийг үүн дээр нэмбэл толгой эргэм тоо гарах нь гарцаагүй. Харамсалтай нь, энэ бүхнээс хожсон нь тендерчид, төсөл хэрэгжүүлэгчид. Тэдний тайланг сөхвөл ихэнх нь хүүхдэдээ бус танилцуулга, тараах материал, хувцас хэрэглэгдэхүүн, сурталчилгаа гэх мэтэд зориулагдсан байх нь бий.

Нийгмийн ийм захиалга, хоосон хийрхэл, дүр эсгэсэн зориулалт дор хүүхдийн эрх ашгийг хөндсөн, сурах, амьдрах, хамгаалуулах, эрүүл байх орчныг тодруулсан сэдэв бүхэн газар авахгүй тэгсгээд намждаг болсон нь нууцгүй үнэн. Ямар сайндаа л хүүхдэд зориулсан ганц сайн ажлаа зогсооё гэж Сангийн сайд нь хүртэл үе үе чанга дуугардаг.

Тухайлбал, хүүхдийн мөнгө халамжийн нэг хэлбэр мөн ч төрөөс бяцхан иргэндээ чиглэсэн ганц ажлаа зогсоовол Монгол Улс хүүхдэдээ ээлгүй орон гэдгээ батална. Өөрөөр хэлбэл, турьгүй, хүчин мөхөс үрс минь хашрааж, шийтгэж, зодож, тамлаж, хохироох эрсдэлтэй үзэл санаан дунд бойжицгоож байна. Хүүхэд аав ээжийнхээ ажил хийх, карьер хөөх, мөнгө олох, нийгмийн өмнө бусадтай хөл зэрэгцэхэд саад, чөдөр тушаа болж буй мэт ойлголт лавширсаар л. Хүүхдийн эрх ашгийг бид хэзээ шударга, ил тод, үнэн зөвөөр ярьдаг болох вэ. Хүүхэд рүү чиглэсэн нийгмийн олон талт үйлчилгээнээс хэзээ бид ашиг орлого хардаггүй болох вэ.

Гэтэл үе үеийн Засгийн газар, шийдвэр гаргагчид, яамдын сайд, агентлагийн дарга нар шат шатандаа хүүхдийн асуудалд дэндүү хийсвэр хандсанаас болж өнөөдөр Монгол Улсад хамгийн эрсдэлтэй орчинд хүүхэд өндийж байна. Тэдний асуудал хэрээс хэтэрчихлээ. Ингэж халаглахын учир нь, Монгол Улсын хэмжээнд хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй хүүхдийн эрхийг зөрчсөн хэргийн тоо сэтгэл түгшээдэг боллоо. Бяцхан иргэд хүчирхийлэлд өртөж, зам тээврийн болон бусад осолд өртөж, угаартаж, усанд эндэж, уул хаднаас унаж, амиа хорлож, аав ээж, ах дүүгийнхээ гартзүй бусаар аюулгүй амьдрах эрхээ хөндүүлж, хайхрамжгүйн хүчирхийлэлд олноор өртөх боллоо. Харамсалтай нь хаалганы цаана уйлах, аврал эрэх тэдний дуу хоолойг “нүд, чих”-гүй төрийн хууль ёс авч хэлэлцэхгүй байсаар асуудлыг олон талт хэлбэрээр даамжирахад хүргэв ээ

Үүний хамгийн сүүлийн жишээ гэхэд л хүүхэд харах үйлчилгээний стандарт, дүрэм журам, хууль эрх зүйн орчин дулимагаас маргаан, гомдол дэврэв. Өнгөц харвал нэг өрх айлын асуудал юм шиг боловч тогтоод анзаарвал Монгол Улс өнөөдрийг болтол бяцхан иргэдийнхээ хамгаалуулах эрхийг хуулийн хүрээнд ч хувь хүний бизнесийн орчинд ч хангаж чадаагүйг харуулсан үйл явдал. Гэтэл хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй, хаана хаанаа үүрэг, оролцоо, хариуцлага нь тодорхой биш, ашгийн төлөө гэсэн ганцхан чиг шугамтай энэ салбарт бодлого, сэтгэл хоёр үгүйлэгдэж байгаа нь хэн бүхний нүдэн дээр илхэн байна. Яагаад вэ гэж үү, учир нь бид хүүхдээ сонгуулийн санал авах хамгийн тохиромжтой субъект гэж харснаас биш эрүүл нийгэмд бойжих ёстой бидний ирээдүй гэж сэтгэл тавиагүй юм аа. Энэ үзэл хандлага өнөөдрийг болтол үлгэн салган яригддаг дараах хөтөлбөрийн агуулгаас харагддаг гэхэд болно.

“ХҮҮХЭД” ГЭХ ҮГ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ БАГТАВ

Амлалт ажил хэрэг болдог сон бол монгол хүүхдийн эрх тээр дээр байх байлаа. Даанч хөөрхийлөл дунд бүлтгэр үрс торниж байна. Хүүхдээрээ сонгууль хийж, тэдний хүчин мөхөс, хайр халамжгүй нөхцөлд амьдран буй зовлонгоор томчууд нь жаргалаа зурж, туйлж байна. Хүүхдийн мөнгө өгдөг боллоо гэж төрийн түшээ аав, ээжүүд хөөрцөглөдөг ч энэ мөнгө эзэндээ хүрдэг үү, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгждэг ч эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлыг тооцоолсон эсэх нь эргэлзээтэй, эмзэг, ядуу, олон хүүхэдтэй, өрх толгойлсон аав, ээжид хүнсний талон олгодог гэх боловч зорилтот бүлэгтээ очдог үгүйг хэн ч хянадаггүй, үдийн хоол, цай хөтөлбөр хэрэгжиж байгаа ч норм, хэмжээ, эрүүл ахуй, амт чанар сулхан гэдгийг аав ээжүүд хэлдэг, хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гэх боловч хариуцлага, стандарт, ажиллах хүч, аюулгүй байдлаа хангасан эсэхийг тогтоох боломжгүй гэх мэт доголдлыг нь тоочоод дуусахгүй ээ. Хэдийгээр улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр, зорьж хийх ажлын төлөвлөгөөнд хүүхдийн гэх олон чиглэлийн ажил багтдаг болсон нь сайн ч хэрэгжилт байгаа онохгүй байна.

Нийгмийг хоёр талцуулж байгаа хүүхэд харах үйлчилгээний тухайд л гэхэд Монгол Улсын Засгийн газраас хоёр тэрбум төгрөг зориулахаа мэдэгдсэн. Энэ нь 3000-хан хүүхдийг он дуустал хүүхэд харах үйлчилгээнд хамруулах хэмжээний мөнгө гэдгийг энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчид хэлж байна. Гэвч нөгөө талд эцэг, эхчүүд хоёр тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төлөвлөснийг буруутгаж, цэцэрлэг барихыг дэмжих боллоо. Тэд, хоёр тэрбум төгрөгөөр 100 ортой нэг цэцэрлэг барьж болох бөгөөд жилд нэг цэцэрлэг бариад 100 хүүхэд суралцуулах уу, 3000 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээний төвд явуулах уу гэдгийг бодох хэрэгтэй” гэцгээж байгаа юм. 2020-2021 оны хичээлийн жилд хоёр настай 74 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр цэцэрлэггүй үлдсэн 74 мянган бяцхан үрсийн ердөө 3000 нь он дуустал хүүхэд харах үйлчилгээнд хамрагдана гэсэн үг.

Манай улсын Засгийн газар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гээчийг 2015 онд баталсанаар 2016 оны дөрөвдүгээр сард анхны төвийг байгуулж байлаа. Өдийг хүртэлх хугацаанд 21 мянга орчим хүүхэд хүүхэд харах төвд хамрагдаж, 1100 гаруй хүүхэд харагч бэлтгэгджээ. Гэвч хууль эрхзүйн таатай орчингүйгээс аав ээжүүдийн хүсэлд нийцэх хүүхэд харах үйлчилгээний газар байхгүйтэй ижил байна. Хэрэв бид хүүхдээ ямагт нэгдүгээрт анхаарсаар ирсэн бол бяцхан иргэдийн анхдагч хэрэгцээ сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний төв, хүүхдийн эмнэлэг гэх мэт чухал салбарт хүртээмжгүй байдал үүсэхгүй байх байлаа.

ААВ ЭЭЖТЭЙГЭЭ ДАВХАР ХӨДӨЛМӨР “ЭРХЛЭГЧИД”

Аав, ээжийнхээ ажил дээр өнжиж, такси үйлчилгээнд ханьсаж, хайрцаг тосож мөнгө гуйх хүүхэдтэй таараагүй хүн Монголд байхгүй болов уу. Аав ээжтэйгээ давхар хөдөлмөр “эрхлэгчид” өдгөө хөдөөд ч хотод ч байна. Шалтгаан нь мэдээж өнөөх л хүртээмжгүй үйлчилгээ, хүүхдэдээ хүрээгүй ажлын өгөөжгүй байдал. Өөрөөр хэлбэл, “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн төлөө за гэж хэлье”, “Хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Зөв Монгол хүүхэд”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр зэргийг хэрэгжүүлсэн. Эдгээр төсөл, хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн гэсэн бүхэн рүү хэчнээн төгрөг урсаж, ямар бодит үр дүн гарсныг хэн ч мэдэхгүй байна.

Хүүхдэд чиглэсэн эдгээр хөтөлбөрийн үр шим жирийн иргэдэд хэрхэн хүрдгийг, хүүхдийн асаргааны ямар хэлбэрийг сонгож, ажлаа амжуулдаг талаар Баянзүрх дүүргийн 131 дүгээр сургуулийн 1б ангийн 20 эцэг эхийн хүрээнд бяцхан асуумж, судалгаа хийлээ. Эцэг эхээс ажлын бүтээмжээ сайжруулахын тулд хүүхдээ хэрхэн, хаана харуулж байгааг тодруулахад, ес нь 8-14 насны ах эгчтэйгээ гэртээ үлддэг, гурав нь өдөр өнжүүлэхэд, гурав нь хөдөөнөөс өвөө, эмээг нь дуудуулж авчирсан, тав нь хөл хүнд учраас хүүхдээ гэртээ харж байна гэх хариулт хэлж байгаа юм. Харин хүүхэд харах үйлчилгээ хэрэгтэй үгүйг тодруулахад, Улаанбаатараас алслагдсан сургуулийн сурагчдад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани байдаггүй.

Тийм учраас хүүхдээ гэрт нь үлдээх юм уу, ах эгч нарт нь даатгаад орхихоос өөр сонголт байдаггүй. Бага ангийн сурагчийг өрхийн нэг хүн ажил хийхгүй, дагах шаардлагатай байгаа учраас хүүхэд харах үйлчилгээг хотын захад ч бий болгох хэрэгтэй байна” гэдгийг дайж байв. Юутай ч хэрэгцээ нь байгаа ч хуулийн тодорхой зохицуулалтгүйгээс болж цэцэглэн хөгжих боломжгүй болсон хүүхэд харах үйлчилгээг олон талаас нь ярьж, засаж, сайжруулах нийгмийн захиалга байгааг онцлоё. Монгол Улс бяцхан иргэнийхээ эрх ашгийг дээдэлдэг болсон цагт хүүхдэд ээлтэй улс болно.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


URL: