АНУ, Энэтхэг цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

712-16038416935f98b34f9c4db

АНУ, Энэтхэг нууцын зэрэглэл бүхий мэдээллийг солилцох зэргээр цэргийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх гэрээ байгуулжээ.

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон хоёр орны Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр уг баримт бичигт гарын үсэг зуржээ. АНУ, Энэтхэг “2+2” хэлбэрийн уулзалтыг гурав дахь удаагаа хийж буй нь энэ юм.
АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Батлан хамгаалахын сайд Марк Эспер, Энэтхэгийг төлөөлөн Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнатх Сингх нар уулзалтад оролцжээ.
Энэхүү баримт бичгийг байгуулснаар АНУ Энэтхэгийг цэргийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд тэргүүтэй нууцын зэрэглэл бүхий мэдээллээр хангах боломж бүрджээ. БНХАУ далай тэнгис дэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж буй үед шинэ хэлэлцээрийг байгуулсан байна.
АНУ, Энэтхэг, Япон, Австралийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт энэ сарын эхээр Токио хотноо болж, чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг хууль тогтоомжид тулгуурлан цогцлоох чиглэлд нэгдэнэ гэдгээ дахин нотолсон юм. Уг уулзалтын үеэр АНУ, Энэтхэг ирэх сард Энэтхэгийн ойролцоох усан нутаг дэвсгэрт болох дөрвөн орны цэргийн хамтарсан сургуулийг сайшаажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: