Billy Bay: Дуулах нь миний амьдрал шиг санагддаг

Билгүүн

“Universe best songs”  наадмын гран при шагналт, “My voice” тэмцээний хоёрдугаар байрын шагналт, “The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Таны хүүхэд насны дурсамжаас ярилцлагаа эхэлье?

-Миний  хүүхэд нас Дундговь аймагт өнгөрсөн. Дундговь аймагт гуравдугаар анги хүртлээ суралцаж байгаад, нийслэлийн 51-р сургууль руу шилжин суралцсан.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Манайх ам бүл зургаа. Дөрвөн хүүхэдтэй айлын дундах нь. Хоёр эгчтэй, нэг дүүтэй.

-Багадаа цэцэрлэг, сургуулийнхаа урлагийн үзлэгт  их оролцдог байсан уу? Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?

-Сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог байсан. Гэхдээ нэг ч удаа түрүүлж байгаагүй./инээв/ Хоёр эсвэл гуравдугаар байранд  ордог.

-Б.Билгүүн томоохон олон тэмцээн уралдаанд оролцож байсан. Гэхдээ анхны бүхэн хамгийн дурсамжтай нь байдаг.   Анхны тэмцээн уралдааныхаа талаар дурсаач?

-Тиймээ. Олон тэмцээн уралдаанд оролцсон.  Хамгийн анхны томоохон тэмцээн гэвэл 2011 онд зохион байгуулагдсан “Авьяаслаг Монголчууд” шоу байсан. Дараа нь “Камертон II” тэмцээн  оролцоод гуравдугаар шатнаас нь хасагдсан.  Анхны амжилттай оролцсон тэмцээн гэвэл БНСУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Солонгос дууны тэмцээнд нэгдүгээр байранд шалгарч байсан юм байна.  Тэр тэмцээнээс хойш дуулж чадна гэдэгтээ маш итгэлтэй болсон. Солонгос дууны тэмцээний шагнал 500 мянган төгрөг байлаа. Шагналын мөнгөөрөө дуулаачийн сургалтын төвд суралцсан. Дараа нь “Universe best songs”-д оролцож гран при хүртсэн.

-Олон тэмцээнүүдэд орж хасагдсан ч яагаад заавал дуулах, дуучин болохыг хүсдэг вэ?

-Хэзээ ч урлагийг орхих, дуулахаа болих талаар бодож байгаагүй. Тухайн үед “Би бэлэн биш байгаа юм байна. Дуулалтаа илүү сайжруулах хэрэгтэй” гэж бодогддог. Дуулах нь миний хийх ёстой зүйл, миний амьдрал шиг санагддаг. Бүхий л цагт дуугаа бодож хийдэг.

-“The Voice of Mongolia” шоу оролцож байсан хамгийн том тэмцээн чинь байх. “The Battle” шатнаас хасагдахад амаргүй байсан байх?

-Өмнө нь олон тэмцээнд оролцоод хасагдаж байсан болохоор ойлгож байсан. Гэхдээ тухайн үед маш сайн бэлтгэлтэй байсан учраас дараагийн шатанд үлдэх байх гэж бодож байлаа. Хасагдсан. Хасагдахад хэцүү байсан. Одоо бодоход маш сайхан дурсамж болж үлдсэн байна.

-Ш.Мөнхбаяр та хоёрын харилцаа ямар байсан бэ?

-Тэмцээний үеэр бид хэрэлдэж, хэцүү харилцаатай байлаа. Тухайн үед “өрсөлдөгч” гэсэн бодол хэн хэнд нь илүү байсан. Нуулгүй хэлэхэд тээмцээний үед Мөнхбаярт дургүй байсан. Одоо бол найзууд.

-Ш.Мөнхбаяр та хоёр хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө бий юу?

-Одоохондоо хамтарч дуу гаргах талаар ярилцаагүй байна.

-“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улиралд оролцох болов уу гэсэн таамаг байсан?

-“The Voice of Mongolia” шоунд оролцвол хугацаа алдах юм шиг санагдсан. Тэмцээнд оролцсон ч эцэст нь уран бүтээлээ л хийнэ шүү дээ. Тиймээс дахиж оролцохгүй байхаар шийдсэн.

-Та сүүлд шинэ уран бүтээл гаргасан байсан. Уран бүтээлийн тухайд?

-Сүүлд өөрийн хоёр дахь уран бүтээлээ хүргэлээ. 2019 онд “B” продакшинд харьяалагддаг байхдаа анхны уран бүтээлээ  гаргасан. Энэ удаагийн “Fallin” дуугаа дуучин Ариутай хамтарч дуулсан. Олон хүний хамтын уран бүтээл. “Fallin” дууныхаа аяыг 00-доо гитараа барьж сууж байгаад зохиосон. Солонгос дуу их сонсдог. Гэхдээ өөрийн дуугаа ямар нэгэн уран бүтээлээс санаа авч хийгээгүй.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна?

-Энэ ондоо багтааж гурван дуу гаргах төлөвлөгөө бий.

-“B” продакшинтай байгуулсан гэрээ нь дууссан гэсэн үү?

-Болд ах бид хоёр уран бүтээлчийн албан ёсны гэрээ хийгээгүй. Болд ах тоглолтод нь оролцсон болохоор “Ах нь цомгийг нь спонсорлож өгнө” гэж хэлсэн. Анхны гаргасан дууг минь спонсорлож өгсөн.

-Дараагийн уран бүтээлээ өөр уран бүтээлчтэй хамтарч гаргах уу?

-Дараагийн уран бүтээл маань соло байна. Гэхдээ хамтарч уран бүтээл хийх саналаас татгалзахгүй.

-Уншигчид маань найз охинтой эсэхийг нь сонирхож байгаа байх?

-Найз охиноосоо салсан. Одоо бол ганц бие.

-Солонгос дуу сонсдог гэлээ. Дэмждэг хамтлаг, уран бүтээлч бий юу?

-BigBang хамтлагийг дэмждэг.

-Манайд маш олон залуу уран бүтээлчид бий. Санхүү дэмжлэг хэр байдаг вэ?

-Санхүүгийн хувьд асуудалтай байгаа. Шинэ дууныхаа клипний спонсорын эрэлд гарсан байна.

-Уншигчдадаа хандаж хэлэхэд?

-Мэдлэг чухал ч мэдрэмжтэй байгаарай. Амжилт хүсье гэж хэлье.

М.Насан

Shuud.mn


URL:

Tags: