Үнээ нэмсэн аж ахуйн нэгжийг бүх нийтээрээ бойкотлоё

Монголчууд цар тахлаас сэргийлж, халдвараас хамгаалж, эмчилж чадаж байна гэж дэлхий дахинаа үлгэр жишээ болсон цаг үе хоёрхон хоногийн өмнө дуусгавар болов. Дотооддоо ковид-19 алдлаа гэж зарласан тэр мөчөөс олон нийт үймэлдэж, энэ үймээнийг далимдуулж зарим хэсэг бүлэг хүн чанаргүй, нийгмийн хариуцлагагүй, ухамсаргүй этгээд их ашгийн үүд хаалгаа дэлгэж амжсан байдаг юм.

Ийм ноцтой, аюулт нөхцөл байдлын үед “чоно борооноор” гэгчээр бараа бүтээгдэхүүний үнийг хий хөөрөгдүүлж, эсвэл зохиомол хомсдол үүсгэх байдлаар ашиг хонжоо олж байсан аж ахуйн нэгжүүдийг ШӨХТГ-аас шалгаж, хариуцлага тооцон, олон нийтэд зарласан. “Хүчит шонхор” ХХК, Таван Эрдэнэ зах буюу “Итгэлт баян” ХХК, “Сүү” ХК мах, сүү зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмсэн учраас 20 сая төгрөгөөр торгуулсан. Гэхдээ тэд хэдэн ч удаа ингэж торгуулж чадах бэлтэй компаниуд. Жишээ нь, Сүү ХК гэхэд 2020 оны эхний хагас жилд 38.5 тэрбум цэвэр борлуулалтын орлоготой ажилласан ба энэ онд цэвэр ашгийн түвшинг нийт 6.1 тэрбумд хүргэж өмнөх оноос 9 хувийн өсөлттэй байхаар тооцоолжээ. Эндээс харахад, 20 сая төгрөгийн торгуулийн нөлөөлөл ямар байх нь тодорхой.

“Хүчит Шонхор” ХХК-ийн хувьд, энэ онд тус компанийг Улаанбаатар хотын махны худалдааны түрээсийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлснээр энэ компанийн өв залгамжлагч нь одоогийн Эрүүл мэндийн сайд юм гэнэ. Ер нь түрээсийн мөнгөөр цутгаж буй энэ айлд 20 сая төгрөг юман чинээ нөлөөлөхгүй нь лавтай.

Таван эрдэнэ захын тухайд бол хорооллын иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг гол худалдааны төв нь гэхэд бүх зүйл ойлгомжтой.

Иргэний хувьд ч мөн адил дам үнээр их хэмжээний ашиг олоод 2 сая төгрөгөөр торгуулах нь тэдэнд тийм ч хатуу шийтгэл болно гэдэг эргэлзээтэй.

Албаныхны зүгээс хүнсний хэрэгцээ хангалттай байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж, ард түмнийг тайван байхыг уриалж ядаж байхад нөгөө талд үнэ хөөрөгдөж ашиг хонжоо олоод торгууль төдийхнөөр өнгөрдөг байж таарахгүй. Одоо ч гэсэн энд тэнд мэр сэр дам үнийн наймаа сонсогдож, харагдаж байна.

Тэгвэл олон түмний айдас түгшүүр, зовлон, сэтгэл зүйгээр наадагчдын хууль бус үйлдлийг хэрхэн таслан зогсоох вэ?

Хуулийн хүрээнд авч буй арга хэмжээнээс илүү хэрэглэгчид нэмэгдэл үнэтэй худалдаа, үйлчилгээнээс татгалзаж тэдгээрийг бүх нийтээр бойкотлох нь хамгийн оновчтой, хатуу шийтгэл болох учиртай. Уг нь аж ахуйн нэгжүүд хэрэглэгчдийг зөвхөн ашиг, хонжоо болгож харахаас илүүтэй нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ буулгаж “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж аюул заналыг хамтын сэтгэл, зүтгэлээр даван туулах учиртай сан. Ингэж гэмээ нь нэр хүнд ч өснө.

Нэгэнт дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал манай улсад хэд хэдэн газар голомтлогдон, халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хамтын хүчээр зовлонг даван туулахын чухлыг үл ухамсарлан буй хэсэг бүлэг нөхдийг нийтээр жигшихэд буруутах зүйл үгүй болов уу.

Ю.Халиун


URL: