“ЭНХСАРАН” СУВИЛЛЫН ЗАХИРАЛ: Нэг өрөөнд хэдэн хүн оруулахыг бид биш УОК, ХӨСҮТ хариуцсан

82

“Алтанбулаг” боомтоор орж ирсэн ачаа тээврийн автомашины жолооч Д болон ойрын хүмүүсээс нь коронавирусийн халдвар илэрсэн. Мөн Сэлэнгэ аймагт гурван тохиолдол бүртгэгдээд буй.

Д жолоочоос халдвар тархах болсон шалтгааныг тусгаарлалтын горим зөрчсөнөөс үүдсэн гэх мэдээлэл гарч буй. Тодруулбал, халдвар авсан жолооч нь “Энхсаран” сувилалд анх хоёулаа нэг өрөөнд тусгаарлагдаж байсан. Гэтэл тэднийг тусгаарласнаас гурав хоногийн дараа дахин нэг жолоочийг нэмж, хамтад нь нэг өрөөнд тусгаарласан бөгөөд эхний хоёр жолоочийг тусгаарлах 21 хоногийн хугацаа дууссан тул ийнхүү гаргаад байсан гэдэг. Гэвч тэдэнтэй хамт тусгаарлагдаж байсан сүүлд ирсэн жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан нь халдвар гадагш тархах шалтгаан болсон гэх мэдээлэл байгаа юм.

Өмнө нь Энхсаран сувилалтай холбоотой шүүмжлэл, хэл ам тасардаггүй байсан. Тодруулбал, АНУ-аас ирсэн оюутнууд Энхсаран сувилалд орохгүй хэмээн эсэргүүцэж интернэт, халуун усны өрөөг шаардсан байдаг. Гэтэл Энхсаран сувилал нь дундаа нэг душтай гэх мэдээллийг жолооч Д мэдэгдсэн юм.

Мөн тавдугаар сард нэгэн эмэгтэй “Энхсаран” сувилал коронавирусийн үеийн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээгээ сайжруулаач ээ” хэмээн бухимдангуй бичиж байсан юм.

Халдваргүйжүүлэлтийн наад захын шаардлага хангахгүй, хулганатай, нийтийн шүршүүртэй, олон хүнийг нэг өрөөнд хараа хяналтгүй замбараагүй байлгадаг гэх мэт асуудал тус сувилалаас салдаггүй.

Энхсаран сувилал нь хотоос 25 км-ийн зайтай Сонгинохайрхан уулын өвөрт Туул голын хөвөөнд байрладаг. Анх 2000 онд уламжлалт, эмэгтэйчүүдийн чиглэлээр байгуулагджээ.

2009 оноос уламжлалт сэргээн засах, эмэгтэйчүүдийн өвчний тусламж үйлчилгээ үзүүлэх сувиллын газар болон өргөжсөөр өдийг хүртэл эмнэлэг, сувиллын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн байна. Мөн ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилж, жилийн дөрвөн улиралд байнгын ажилладаг. Одоогоор дорнын болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргуудыг хослуулж тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өвөлдөө 70 хүн, зуны улиралд 150 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Коронавирус цар тахлаас шалтгаалан өнгөрсөн хавар буюу гуравдугаар сараас гадаадаас ирсэн хүмүүсийг тусгаарлалтад авч эхэлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд тус сувилалд хэдэн хүн тусгаарлагдаж гарсан нь тодорхойгүй байгаа юм.

Энэ талаар тус сувиллын захирал О.Түмэнбаяр хэвлэлд өгсөн яриандаа ”Би мэдээлэл өгөх хүн биш. Тусгаарлалтын үйл ажиллагааг бид хариуцаагүй. Нэг өрөөнд хэдэн хүн оруулж, гаргахыг УОК, ХӨСҮТ” мэднэ гэжээ.

Эх Сурвалж: ISee.mn


URL: