ЭМЯ: Өглөөний мэдээллээс хойш 8 шинэ тохиолдол илэрлээ

Эрүүл-мэндийн-яам-корона-мэдээлэл-9

Эрүүл мэндийн яамнаас яг одоо covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийж байна. Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хэлснээр өглөө 11:00 цагийн ээлжит мэдээлэл хийснээс хойш Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол наймаар нэмэгдэж, covid-19 өвчний 424 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, халдварын батлагдсан нэг тохиолдол нь жолоочийн хавьтлаас илэрсэн бол хоёр дахь аравдугаар сарын 20-нд ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээнээс covid-19 илэрчээ. Мөн Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн нэг жолооч, нэг эмчээс халдвар илэрлээ.

COVID-19 ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЧУХАЛ АЛХАМ БОЛ ГЭР ОРНОО АРИУТГАЖ ЦЭВЭРЛЭХ

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

-Эрүүл мэндийн яамны Яаралтай тусламжийн 119 шуурхай утас өргөжиж, 21 аймаг 9 дүүрэг төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. Иргэд аль болох эмнэлгийн байгууллагад хандалгүй утсаар зөвлөгөө авах боломжтой. Covid-19 халдвараас сэргийлэх чухал арга бол гэр орны ариутгал халдваргүйжүүлэлт юм. Иймд, хүний гар их хүрдэг зүйлсийг зориулалтын шингэнээр угааж цэвэрлэж, арчих хэрэгтэй. Гар нүүрний арчуурыг угааж, индүүдэх хэрэгтэй. Угаалгын өрөө 00, шүршүүрийг близнагаар ариутгаж халдваргүйжүүлэх хэрэгтэй. Цаг агаар тогтуун үед өрөөний агаар салхийг оруулах хэрэгтэй. Учир нь Covid-19 халдвар битүү чийгтэй, агааргүй орчинд удаан тогтож үрждэг тул өрөө тасалгаанд тогтмол агаар оруулах нь чухал юм.

АРВАННЭГДҮГЭЭР САРД ТОВЛОСОН ДОЛООН НИСЛЭГИЙГ ЦУЦАЛЛАА

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 27.183 иргэнээ татан авсан. Нийт 106 удаагийн нислэгээр 20582 иргэнээ эх оронд нь авчирсан. Энэ сард нийт арван удаагийн нислэгээр 1900 иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, УОК-ын чиглэлийн дагуу үлдсэн долоон нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Эх орондоо ирэхээр төлөвлөсөн иргэд билетээ авсан бол нөхцөл байдал намжсны дараа тийз хүчинтэй. Одоогоор нислэгүүдийн шинэчилсэн товыг хэлэх боломжгүй.


URL: