Хот хооронд нэмэлт тээвэр гаргаад ч хүрэлцэхгүй байгаа гэв

Цагаан сарын шинийн нэгэнд багтаж хэн хүнгүй нутаг усандаа очиж аав, ээжтэйгээ золгохыг боддог. Манай сурвалжлах хэсэг хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ хийдэг “Драгон” төвийг зорилоо. Тус төвийн гадаа очиход л орон нутаг руу нийтийн тээврээр үйлчилдэг хүмүүсийн ажил буцалж байгаа нь илт. Давчуухан талбайд том оврын автобус, Оросын ПАЗ автобус, микро автобус, фургон машинууд шил шилээ даран зайгүй зогсож хүмүүс бужигнана. Хувийн тэрэгний жолооч нар ч “Хэдүүлээ явах юм. Татаж болно шүү” хэмээн бараг татаж суулгах нь холгүй аяглана. Хот хооронд зорчигч иргэдийн 50-60 хувь нь энэ төвөөр үйлчлүүлдэг аж. Тасалбар захиалах хэсэгт ороход хүүхдээ тэвэрсэн, ач зээ нараа дагуулсан, ачаа тээш чирсэн иргэд хоорондоо шахцалдаж нааш цааш холхилдоно. Захиалга авах зургаан касс үйлчилдэг юм байна. Лавлагааны хэсэгт тээвэр зохицуулагч, Мэргэжлийн хяналтын ажилтан хоёр иргэдийн асуусан асуултад зогсоо зайгүй түргэн шуурхай хариу өгнө. Энэ үеэр Авто тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэлээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Хот хоорондын хичнээн чиглэлд, хэдэн тээврийн хэрэгсэл явж байна вэ?

-Тээврийн газартай гэрээтэй 36 орчим аж ахуй нэгжийн нийт 800 гаруй тээврийн хэрэгсэл орон нутгийн 40-өөд чиглэлд зорчигч тээвэрлэдэг. Зорчигчдын тоо энэ жил харьцангүй нэмэгдсэн учраас зарим аймагт нэмэлт автобус хүртэл гаргаж ажиллаж байна.

-Аль, аль чиглэлд нэмэлт тээврийн хэрэгсэл гаргасан бэ?

-Ер нь ихэнх чиглэлд гаргахыг зорьж байгаа. Тухайлбал Дархан, Эрдэнэт хот, Баянхонгор, Өвөрхангай, Ховд зэрэг аймгуудад өдөрт хуваарийн дагуу хоёр автобус үйлчилдэг байсан. Одоогийн байдлаар нэмэлтээр дөрвөн ч автобус гаргаад байхад хүрэлцэхгүй байна. Цагийн хуваарийн дагуу бус зорчигч дүүрсэн л бол ар араасаа гарч байх жишээтэй.

-Үнэ тарифын хувьд өөрчлөлт орсон уу?

-Саяхан шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор чиглэлээс хамаарч 2000-10000 төгрөгөөр нэмэгдсэн. Тэрнээс биш баяр дагасан нэмэгдэл байхгүй.

-Гэрээтэй аж ахуй нэгжээс гадна хувийн машинууд зөндөө ажиглагдсан. Үүнд ямар нэгэн хяналт тавьдаг уу?

-Бид боломжийнхоо хэрээр нэмэлт тээвэр хүртэл гаргаад ажиллаж байгаа. Тухайн өдрийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх ёстой. Нэгэнт л ачаалал ихтэй байгаа энэ нөхцөлд бид ямар ч арга хэмжээ авах боломжгүй. Иргэдийн хэрэгцээг хааж боох эрх бидэнд байхгүй гэлээ. Тус газраас амь даатгал гээд тасалбарын үнийн арван хувьтай тэнцэхүйц хураамжийг иргэдээс авдаг аж. Тус тээврийн газраас “Ингэснээр аюулгүй нөхцөлд зорчих боломж танд бүрдэнэ. Өнгөрсөн жил гэхэд л цас их орсон, цаг агаарын хүндрэлээс хамаарч хот хоорондын тээврийг зогсоосон. Гэтэл иргэд баярын өдөр тулаад ирэхээр хэдэн төгрөг ч төлөөд хамаагүй хувийн унаанд сууж амь дүйсэн үйлдэл гаргадаг. Хамгийн гол нь зөв сонголт хийх хэрэгтэй гэж анхааруулж байв. Баяр дөхсөн үед ашиг харсан хувийн жолооч нар шугамын үнэн дээр 5000-20000 төгрөг нэмж явдаг аж. Хар богино куртик, цэнхэр жинсэн өмдтэй, үнэгэн лоовууз духдуулж, монгол гутал өмссөн 30 орчим насны нэгэн залуу бага насны хүүхэд тэвэрчихсэн, эхнэртэйгээ цуг хувийн унаанд сууж байгаатай таарсан юм. Тэрээр Говь-Алтай аймаг руу аавындаа очихоор явж байгаа гэнэ. Тус аймаг руу явахад шугамаар бол 46 мянган төгрөг төлдөг. Харин хувийн тэрэгнүүд 60 мянган төгрөгөөр явж байгаа юм байна. Түүнээс өндөр үнэтэй хувийн тэргээр явах болсон шалтгааныг нь тодруулбал “Өнөөдрийн хуваарь дуусчихсан байна. Нэгэнт л хугацаа тулчихсан юм чинь хэдэн төгрөгийн зөрүүнээс болоод аав, ээждээ золгохгүй байлтай биш” гэв. “Хувийн тэрэг өндөр үнэтэй ч, тухтай” гэх нэгэн ч таарлаа. Уг нь шугамын тэрэгнүүдийг хот хоорондын зорчигч тээвэр гэсэн бичиг, газрын зураг бүхий тэмдэг, шугамын хувийн дугаараар ялгадаг аж. Тус тээврийн үйлчилгээний төвд стандарт бус зогсоол, гэрэлтүүлэг, зориулалтын бус үйлчилгээний заал гээд олон асуудал байгаа юм билээ. Хот хоорондын зорчих тээврийн үйлчилгээ өнөөдөр зогсоно. Зөвхөн Дархан, Эрдэнэт хотын чиглэлд л үйлчилгээ үзүүлэх юм байна.

Д.ДАВААСҮРЭН Р.БОЛОРТУЯ


URL:

Сэтгэгдэл бичих