“Иргэд, аж ахуй нэгжүүдэд бодлогын бодитой дэмжлэг хэрэгтэй”

125293241_3692849524109515_7802548128449046391_nМонгол улс  арван сар тэмцсэний эцэст дотооддоо “Covid-19”-ийн халдвар гарснаар УОК тархалтыг хумихын тулд өндөржүүлсэн хатуу хөл хорионд 14 хоног байлгах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэр ард иргэдээ цар тахлаас хамгаалах зөв, нөгөө талдаа аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ард иргэдийн орлогыг нь хамгаалж, дампуурлаас сэргийлэх бодлогын арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хөл хорионоос үүдэж аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч нарын үйл ажиллагаа зогсож байгаа энэ үед төр буюу засгийн газар дэмжих нь чухал гэдгийг олон улсын жишээнүүд харуулж байгаа.
Чухам ямар дэмжлэг байх вэ гэдэг тал дээр Монголбанкны дэд ерөнхийлөгч асан, олон улсын санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай эдийн засагч Э.Батшугар саналаа хуваалцжээ. Тэрбээр “Найман сарын өмнө хэлж байсанчлан Засгийн газар төсвийн хэрэгцээгүй зардлуудаа танаж, Монголбанк мөнгөний бодлогоор ААН, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэддээ бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй байна” гээд дараах арга замыг санал болгосон юм.
1. Орлого нь багассан иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох хэрэгтэй.
2. Засгийн газар төсвийн хэрэгцээгүй зардлуудаа танаж ААН, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын урсгал зардалд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
3. Зээл төлөлт, зээлийн хүүг 2020 он дуустал царцаах хэрэгтэй. Ингэхдээ тухайн үйл ажиллагаа явуулдаг банк, ББСБ-ын урсгал болон тогтмол зардлыг Монголбанк хариуцах хэрэгтэй.
4. Татварын дэмжлэг үзүүлэх буюу ААНОАТ, ХХОАТ зэрэг татваруудаас чөлөөлж ААН, бизнес эрхлэгч, иргэдийг татварын дарамтаас чөлөөлөх хэрэгтэй.
Эдгээр арга хэмжээг макро түвшинд хийх нь ААН, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэдээ санхүү, татварын дарамтаас чөлөөлөхөөс гадна “Covid-19”-ийн дараах эдийн засгаа хурдан сэргээхэд том нэмэр болно гэж үзжээ.

URL: