ЭМЯ: Covid-19-ийн 31 тохиолдол шинээр нэмэгдлээ

16057554055fb5e20d48963

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.19) мэдээллээ хийлээ.

ШИНЭЭР ОРХОН, ДОРНОГОВЬ АЙМГУУДААС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:

-2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнээс вирус илэрлээ. Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр машины 30 жолоочийн шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 10 эмч, ажилтан, Дорнод аймагт тандалтын зорилгоор хийсэн 32 хүний шинжилгээнд вирус илрээгүй.

2020.11.18-ны өдөр хийсэн шинжилгээгээр 31 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал,

  • Дархан-Уулаас 3
  • Сэлэнгээс 4
  • Дорноговиос 1
  • Орхон аймагт 13
  • Улаанбаатар хотоос 3
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр машины 7 жолоочийн давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ.

Монгол Улсад дотоодод бүртгэгдсэн халдвар 72 болж, Улаанбаатараас гадна Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон, Говьсүмбэр аймгууд халдварын голомттой боллоо.

ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:

–Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 505 боллоо. Мөн тусгай 119 дугаарт 3969 хүн хандаж зөвлөгөө авсан.


URL: