Албан тушаалтан, тэрбумтнууд банк дампууруулж тоглосон түүх 2

1990-2000 оны үед төрийн өмчийн оролцоотой Ард, ХОТШ, Сэргээн босголт, Даатгал банкнууд дампуурсан. Үүнд өнөөгийн төрийн өндөр дээд албан тушаалд байгаа болон бизнесийн салбарт нөлөө бүхий эрхмүүд оролцсон нь нэгэнт тодорхой байдаг.

Гэвч өнөөдрийг хүртэл хэн  ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд  ёстой л тэнгэрээс од шүүрсэнтэй адил зүйл болж өнгөрсөн гэхэд болно. Тодруулбал, төрийн банк байгуулаад цэвэрхэн хувааж идсэн гэсэн үг. Тэгвэл шинэ цагийн банкны дампууралд мөн л төрийн өндөр дээд албан тушаалтан, бизнесмэнүүдийн сүлжээ хамрагдаж байгаа.

Мэдээж ийм том зүйл жирийн хэрэглэгч, жижиг бизнес эрхлэгч оролцохгүй нь тодорхой. Шинэ цагийн дампуурлын хэрэг улам нарийн аргаар хийгдсэн байдаг. Олигархижсан бүлэглэл хувийн  арилжааны банкийг энэ арга мэхэндээ татан оролцуулж, адаг сүүлд нь эздийг нь шоронд хорьж хариу барьсан. Энэ нь хамгийн цэвэрхэн арга байсан гэхэд болно. Банкны салбарын шинэ цагийн дампуурал буюу мөнгө угаах аргыг Анод банкинд  хэрэглэсэн.

1998 онд байгуулагдаж байсан арилжааны Анод банкны дампуурлын хор уршиг, дуулиан өнөөдөр ч тасраагүй байна. Хаалгыг нь бариад, эздийг нь шоронд хориод ч нэмэргүй байна. Энэ дуулиан дэгдсэний дараа тус банкны хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын талаар мэдээлэл ихээхэн анхаарал татах болсон. Мөн БНСУ-аас их хэмжээгээр урсан орж ирж байсан мөнгө цэвэр байсан эсэх ч эргэлзээтэй аж. Түүнчлэн Анод банкны дампуурал санхүүгийн хямралаас бус улстөрийн зорилгоор гадны нөлөөтэй байсан гэдэг. Үгүй байсан бол улстөрчд ингэтлээ үймж сандралд ороод байхгүй байсан  гэж хардах үндэслэлтэй.

Хэрэг ингэж хээлсэн гэдэг. “Анод” 150 биш 200 тэрбумын хадгаламжтай байсан. Нийт актив нь 300 тэрбум байсан. Анодын захирал Энхтөр хэдхэн хоногийн дараа 100 сая ам.долларын зузаатгал орж ирнэ, бүү дампуурал зарлаач гэж гуйж байхад нь Монголбанк дампуурлыг нь яаралтай зарласан гэдэг. 100 сая ам.доллар гэдэг тэр үеийн ханшаар 150 тэрбум орчим төгрөг байж. Энэ мөнгө хэзээ ч “Анод” банкинд орохгүйг Монголбанк мэдэж байсан бололтой.

МАХН-ынхан их хэмжээний хадгаламж байршуулаад түүнийгээ зээл хэлбэрээр авч эргэн төлөөгүйгээс энэ банк сүйрсэн ч гэдэг. Өөрөөр хэлбэл Энхтөрийн хэлж байсан 100 саяын зээлээ “Анод” -д эргүүлж төлснөөс шууд дампууруулаад зээлээ найдваргүй болгох илүү ашигтайг харсан байж. Авсан зээлийн ихэнх сонгуульд үрэн таран болсон ч гэдэг. Дампуурлын дараа банкны эздийг барьж хорьсон ч  зээл авсан этгээдүүдийг хорьсонгүй. Гэвч зээлийг буцааж төлүүлэх ёсгүй тул хадгаламжийг улсын мөнгөөр, гэхдээ далдуур төлжээ. Ингэснээр “Анод” -аас их хэмжээний зээл авсан этгээдүүд гэмгүй мултарч чадсан байна.
“Анод” банкинд 2908 зээлдэгч 122.197.742.739.9 тэрбум төгрөгийн өртэй байна. Энэ зээлийн 103 тэрбум төгрөгийг 100 гаруйхан хүн авсан байдаг. “Анод” банкнаас зээл авсан ч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулаагүй томоохон зээлдэгчид бүгд эрүүгийн хариуцлагад татагдахаар болсон тухай мэдээлж байгаа ч өнөөдөр татагдаад шалгагдаад байгаа нь бараг алга. Аргагүй бүгд улстөр бизнесийн бүлэглэлд багтсан, томоохон санхүүжүүлэгчид болохоор.
Тухайлбал өмнө нь энэ хэрэгт шалгагдаж байсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын хэргийг “Анод” ын гэх хэргээс тусгаарлан прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. 15 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа “Монгол газар”-ын энэ хэргийг сэргээн шалгах үүргийг ч хуулийнханд өгчээ.
Түүний араас “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, “Сити такси”, “Эрхэс майнинг”, “Аэро Монголия”, “Санд”, “Очиртөв”, “Дээж-Овоо”, “Улбаа”, “Эм Энд Жи” констракшн зэрэг компаниуд хуулийнхны хамгийн эхэнд шалгах арвын жагсаалтад багтжээ.
“Мон уран”-тай холбоотой өөр нэг асуудал нь “Дүнжингарав” худалдааны төвийг барихдаа тус банкнаас 20 орчим тэрбум төгрөг зээлсэн. Ингэхдээ “Дүнжингарав” худалдааны төвөө эзэмшлийнх нь газартай, бас “Анод” банкны  төв байрлаж байсан барилгыг барьцаанд тавьж байсан юм. Дараа нь энэ байраа хууль бусаар төв банкныхантай зарсан байж болох ч хэл ам гараад байгаа. Ийнхүү Анод банкны дампуурлыг тойрсон дуулиан хэсэгтээ л тасрахгүй нь. Мөн бизнесийнхэн нэгнээ түлхэн унагах, улстөрийнхөн хар пиар хийхдээ энэ банктай холбоотой мэдээллийг улам баяжуулах бололтой.

Үргэлжлэл бий

Д.Тэнгис times.mn


URL:

Сэтгэгдэл бичих