Цар тахлыг улстөржүүлэх нь цараатай сөрөг хүчний шинж биш

712-16060962972

Хэдхэн сарын өмнө гаднын улс орноос иргэдээ татан авахыг эсэргүүцэж, улмаар жагсаал цуглаан хийх сэдэл төрүүлэн турхирч байсан АНынхан энэ үйлдлээ өнөө ч үргэлжлүүлсээр байна. Улс орны дотоодод цар тахлын халдвар гарч бүх нийтээр хөл хорьж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа энэ үед төр засаг болон төрийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шүүмжилж, өөлж гоочлон, эсэргүүцэж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхэд нь халдаж байгаагаас ялгаа юун. Ингэснээрээ тэд өөрсдийн өмчилж ирсэн ардчилалд ч сэв суулгах болов. Дэлхий нийт цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед улс орнууд хоёр зүйлд дуу нэгтэйгээр санал нэгдэж байна. Нэгдүгээрт коронавирусийн халдварыг хязгаарлаж, хяналтад авах, олон нийтийг хамгаалах хамгийн зөв арга нь хөл хорио тогтоох. Өмнөд хөрш БНХАУ л гэхэд хатуу хөл хорионы дэглэмийн хүчээр хэдэн зуун сая хүн амтай том хотууддаа хяналт бүрэн тавьж, цар тахлыг барьж тогтоож чадсан. Нөгөө талаар улс орнууд цар тахлын үед дотоодын эв нэгдэл чухал гэдэгт санал нэгдэж байгаа. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй вирустэй тэмцэж буй дэлхийн 200 гаруй улс орны тэргүүн туршлага нь эвлэлдэн нэгдэх явдал гэдгийг коронавирустэй нүүр тулсан үеэс өнөөдрийг хүртэлх бүх цаг үед сануулсан хэвээр байгааг АН-ынханд уламжилъя. АН-ын зүгээс 14 зүйл, заалт бүхий шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хаягласан. Тухайн шаардлагын эхэнд “Монгол Улсын Засгийн газар коронавирусийн цар тахалтай тэмцэж, хүн амаа аюулт өвчнөөс хамгаалах үүрэгтэй ажиллаж ирсэн боловч харамсалтай нь Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын удирдлагын хариуцлагагүй, зохион байгуулалтын мэргэжлийн бус байдлаас болж тусгаарлалтын дэглэм алдагдсанаас дотоодод халдвар тархаж, хүн амын эрүүл мэнд, улс орон, нийгэм эдийн засагт эрсдэлтэй ноцтой нөхцөл байдал руу орлоо” гэжээ. “Тусгаарлалтын дэглэм алдагдсанаас дотоодод халдвар тархсан” гэх дүгнэлтийг хэн ч гаргаагүй. Гэтэл тэд ийнхүү муйхраар хандаж, олон хүнийг эчнээ “яллаж” орхив.

Тэдний энэхүү увайгүй үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг шууд утгаар зөрчсөн үйлдэл болоод байна. АН-ынхан энэ тухайд хэт туйлширч, аливааг харлуулж муучлах сэтгэлгээгээр хандсан нь илт байгаа юм. Угтаа цар тахалтай тэмцэж буй энэ үед хэн нэгнийг яллах эсэх нь хоёрдугаар асуудал билээ. Харин дотоодод халдвар алдсан нь эрх баригчдын буруу мэтээр чичилж эхэлсэн тухайд зарим зүйлийг тодотгоё. Коронавирусийн халдвар өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн дэлхий нийтэд аюулын харанга дэлдсэн. Тэр цаг үеэс хойш дэлхийн бараг бүх улс оронд /халдвар тархаагүй хоёр улс үлдсэн/ халдвар тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн. Улмаар Монгол Улс халдварыг дотоодод тархаалгүй бүтэн арван сар гаруйн хугацаанд тогтоон барьж чадсан. Энэ нь дэлхийн бусад улс оронд жишиг болж, ДЭМБаас Монгол Улсыг онцгойлон нэрлэж, цар тахлаас урьдчилан сэргийлж буй туршлагыг нь судлахыг уриалж байв. Энэ бол удирдлага, зохион байгуулалт, менежментээр ханган ажилласан Засгийн газар, УИХ төдийгүй Улсын Онцгой комиссынхон болон галын шугаманд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд төдийгүй хөл хорионы дэглэмийг мөрдөж ирсэн иргэдийн бүгдийнх нь хичээл зүтгэл. Гэтэл АН-ынхан ганцхан удаагийн шаардлагаар энэ бүх хүний хүчин чармайлтыг үгүйсгэх гэж оролдов. УИХ-д олон суудал авч, засгийн эрх барьж явсан туршлагатай намын хувьд АН-ынхан асуудалд арай өөрөөр хандаж болох байв. УИХ, Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, ард иргэдээ эвлэн нэгдэх, хамтын хүчээр цар тахлыг даван туулах уриалга гаргасан бол алс хэтийнх нь улс төрд хэрэгтэй байлаа. Гэвч АН-ынхан улс төрийн төдийгүй цаг үеийн мэдрэмжгүй богинын зайн улс төр хийхийг чухалчилжээ. Тэдний энэ удаагийн шаардлага АН хэчнээн дор орсныг, басхүү бодлого, төлөвлөгөө, алсын хараагүй болсныг бүрнээ илтгэв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга нь ард түмнээс уучлал гуйж жүжиглэсэн нь худлаа дүр эсгэсэн, популист шинжтэй үйлдэл гэдэг нь илт харагдсан тул олон нийтээс хасах оноо авсан.
ХАМТРАХ БУС ХАРЛУУЛАХ ДОН
Хүн төрөлхтний амьдралын хэв маягт эрс өөрчлөлт оруулж буй коронавируст цар тахлын үед олон хүний мөн чанарыг харж болохоор байна. Тэр дундаа төрийн эрх мэдлийн төлөөх эцсийн зорилго бүхий улс төрийн нам ба тэдний гишүүдийн сэтгэлгээний цар хүрээ, чадамжийг таниулж буй нь иргэд, сонгогчдод том боломж. Учир нь иргэдийн дэмжлэггүйгээр улс төрийн нам оршин тогтнох чадамжгүй. АНд улс орноо, ард иргэдээ гэх сэтгэл өчүүхэн төдий боловч үлдээгүйг эндээс харж болохоор байна. Учир нь тэд дэлхий дахинд цар тахлыг хэрхэн давж гарах тухайд тэмцэж буй энэ үед ч эрх баригч намыг харлуулах, хийсэн бүтээснийг нь үгүйсгэхээс өөрийг сэтгэсэнгүй нь харамсалтай. Ерөөс Засгийн газрын нэр хүндийг гутаах, улмаар огцруулан тарааж, эмх замбараагүй байдал үүсгэх, жасгаал цуглаан, суулт, ажил хаялт, өлсгөлөн, бойкот, мэдэгдэл, шаардлага хүргүүлэн “шүлсээ үсчүүлэх нь” АН-ын үндсэн ажил болсон бололтой юм. Сүүлийн арваад жилийг тоймолбол тэдний чадамж үүнээс хэтрэхээ больжээ. Иргэдийг өдөөн турхирч, болж бүтэхгүйд уриалан дуудаж, хууль бус зүйл хийхэд сэдэлжүүлэх нь төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах оролдлого гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. АН-аас гаргасан шаардлагын хоёрдугаарт “Улс орондоо цар тахлын халдварыг алдаж, эрсдэл учруулсан Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамны буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах”- ыг шаарджээ. Тэдний хүсэлтээр дээрх хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлж, хариуцлага тооцлоо гэхэд улс оронд ямар нөхцөл байдал бий болох вэ.
Үндсэн хуулийн 16.1,2,6-д заасанчлан Монгол хүн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас болон эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх бүрэн утгаараа алдагдаж таарна. АН-ынхны тэрслүү шаардлага монгол хүнд Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ хамгаалуулах иргэдийн эрхэд бүдүүлгээр халдаж байгаа нь энэ.
УИХ, ЗАСГИЙН ГАЗАР “COVID-19”-ТЭЙ ХЭРХЭН ТЭМЦЭЖ БАЙНА ВЭ
Харин нөгөө талд иргэдэд Үндсэн хуулиар олгосон энэ эрхийг хамгаалахын тулд УИХ, Засгийн газар юу хийсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ тухайд зарим тоо, баримт дурдъя. “COVID-19”-өөс хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь халдвар хамгааллыг сайтар сахиулах явдал. Тэгвэл албаныхан өнгөрсөн хугацаанд нийт 48068 обьектын 15 746 325 ам метр талбайг бүрэн халдваргүйжүүлжээ. Үүнд нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайн 10 331 707, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний газрын 6285 обьектын 1 289 962, орон сууцны барилга, байгууламжийн 1233 обьектын 432340, засвар үйлчилгээ, хоёрдогч түүхий эдийн цэгийн 808 обьектын 183 933, эрүүл мэндийн байгууллагын орчны 361 обьектын 128 190, малын хашаа, хороо, саравч болон эрчимжсэн аж ахуйн 10513 обьектын 2 540 798, нүхэн жорлон, бохирын цооног 27813 обьектын 839 395 ам метр талбайг хамруулжээ. Түүнчлэн нийтийн тээврийн болон хот хооронд зорчиж буй 99062 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй 31.740 тээврийн хэрэгслийг цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийлгэж, үйлчилгээнд гаргасан байна. Худалдаа, банк санхүүгийн болон бүх төрлийн үйлчилгээний байгууллагын үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлсэн эсэхэд давхардсан тоогоор 13760 (аймагт 8435, нийслэлд 5325) байгууллагыг хамруулан, хяналт хийхэд 11132 буюу 81 хувь (аймагт 6299 буюу 75 хувь, нийслэлд 4933) буюу 93 хувь нь гар угаах, бие засах нөхцөл бүрдүүлсэн байна. Дээрх тоог хэн нэгэн санаасаа ургуулаагүй. Маш олон хүний хүч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд байж болох бүх арга хэмжээг авч байгаа нь энэ. Дэлхийн улс орнуудад цар тахал гарснаас хойш улсын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг сахиулж ирснийг дурдах нь илүүц болов уу. Өнөөдөр л гэхэд Монгол Улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хориог мөрдөж байна. Үүний дүнд халдварын тархалтыг хумьж чадсанаа Улсын Онцгой комиссоос албан ёсоор зарлаад байна. Улмаар нийтийн тээврийн төдийгүй, заавал ажиллах шаардлагатай 13 байгууллагад мөрдүүлж байсан зарим дэглэмийг сулруулах шийдвэрийг гаргасан. Хэрвээ 14 хоногийн хатуу хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарлаагүй бол манай улсын дотоодын халдварын тоо 2000 давах байсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хэдийгээр нөхцөл байдал сайнгүй, хаа сайгүй хаалга үүдээ барьсан энэ үед эдийн засагт хүндрэл учрах нь тодорхой болсон ч манай улс нүүрсний экспортоо хэвийн үргэлжлүүлж байгаа сайн мэдээтэй байна. Энэ бол уул уурхайгаас шууд хамааралтай манай улсын хувьд яалт ч үгүй сайн мэдээ. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлого улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Тийм ч учраас уурхайд халдвар, хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиулснаар нүүрс тээвэрлэлтийн ажлыг саадгүй явуулж байна. Энэ мэтээр эрх баригчдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлыг тоочвол урт жагсаалт гарна. Ташрамд дурдахад, ажил хийсэн хүнээс алдаа заавал гардгийг тухайлан тэмдэглэе.
ВАКЦИН ХУДАЛДАН АВАХ БЭЛТГЭЛИЙГ БҮРЭН ХАНГАЖЭЭ
Коронавирусийн халдварыг бүрэн зогсоох эцсийн боломж нь вакцин. Тиймээс баталгаажуулсан вакцин гарахыг улс орнууд чих тавин хүлээж байна. Манай улс ч ялгаагүй. Энэ тухайд Засгийн газраас сайн мэдээг дуулгаж эхэлсэн. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын хамгийн сүүлийн мэдээллээр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхтэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байгаа ажээ. Эмнэл зүйн туршилт, судалгааны гуравдугаар үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ-4, АНУ-4, ОХУ-1, Их Британи-1 (Оксфордын их сургууль+Астра Зенека) вакцин тус тус хөгжүүлж байгаа аж.
Вакцин дархлаажуулалтын “Глобал альянс“ (ГАВИ), ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм (СОУАХ РасПКу) нь “COVID-19”-ийн эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлэн нэгдсэн билээ. Ингэснээр тухайн орны нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Манай улсын хувьд нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна. ЭМЯ-наас вакциныг тээвэрлэн авчрах, түгээх, хийх үндэсний төлөвлөгөөг 2020 оны долоодугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд нэг хүнд ногдох тун, хоногийн зай зэрэг мэдээллийг ДЭМБ энэ сард тодорхой болгох юм. Тиймээс ямар төрлийн вакциныг худалдаж авахаа эцэслэн шийдвэрлэснээр уг төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулах бэлтгэл ажлыг хангаад байгааг дуулгая.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж эхэлжээ. Вакцин дархлаажуулалтын “Глобал альянс” болон КОВАКС механизмд эцэслэсэн хүн тун вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр ирэх сарын 7-ноос өмнө илгээхээр ажиллаж байгаа ажээ.
Ийнхүү цар тахлын эсрэг вакцин гарсан тохиолдолд манай улс хамгийн түрүүнд хэрэглэх орнуудын нэг болоод байгаа. Харин энэ өвчнөөс дутахгүй хор хөнөөлтэй зүйл нь нийгмийн сэтгэл зүйд аливааг үзэн ядах, үгүйсгэх, харлуулж муучлах, талцаж хуваагдах сэдэл төрүүлж, түүнийг дэвэргэж буй улс төрийн нам, улстөрчдийн увайгүй үйлдлүүд юм. Зуд болоход нохой зоолдог гэдэг шиг өвчин зовлон тохиолдсон онцгой нөхцөл байдлаар далимдуулан улс төрийн нам өөрсдийн нэр хүндээ өсгөх, өрсөлдөгчөө дарж авах гэсэн явуургүй бодлого баримталж болохгүй билээ. Эцэст нь хэлэхэд цар тахлыг улс төржүүлэх нь цараатай, зангарагтай улс төрийн хүчний шинж яавч биш ээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL: