Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

712-1606260572tsahim

Энэ сард хийхээр товлогдсон АН-ын Х их хурал Улсын онцгой комиссоос тогтоосон цар тахлын үеийн хатуу хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж АН үйл ажиллагаагаа цахимаар явуулж,  аймаг, дүүрэг, сумдын АН-ын дарга нарын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулаад байна.

Технологийн дэвшлийг ашиглан цахимаар зохион байгуулсан АН-ын шат шатны байгууллагын дарга нарын цахим хурлаар намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг
цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар хийх боломжтой эсэхийг хэлэлцсэн юм.
Нийслэлд төдийгүй, аймаг сумдад цар тахлын хөл хорио тогтоосон энэ цагт технологийн дэвшил, интернетийн хурдыг ашиглан хот, хөдөөгийн гишүүдээ нэгтгэн цахим хэлэлцүүлэг хийх боломжтойг сүүлийн 3 өдөр зохион байгуулсан АН-ын цахим хурлууд харуулав.
Цахим хуралд оролцон байр сууриа илэрхийлсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн  АН-ын дарга нар ч намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг цахимаар хийх боломжтой гэж үзэж байлаа. Тиймээс намын гишүүдэд үндсэн дүрмийн өөрчлөлтийг төслийг түгээж, цахим хэлэлцүүлэгт хэрэгтэй технологийн бааз сууриа базаах бэлтгэлийг ханган ажиллахаар тогтов.
Монгол оронд Ардчилал ялснаар хот хөдөөгийн ялгаа жилээс жилд арилж, сум суурин, баг хороо бүгд тог цахилгаан, интернет, шилэн кабелд холбогдсон нь цар тахлын хатуу хөл хориотой энэ хүнд цагт цахим хурал зохион байгуулах давуу тал болж байна.
АН-аас зохион байгуулсан цахим хурлуудад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар идэвх санаачилгатай оролцсон юм. Тэд “Ардчилсан намын СЭРГЭЛТ хийгээд ШИНЭЧЛЭЛД намын анхан шатны гишүүд түүчээлэн оролцох ёстой” гэж  журмын нөхдөдөө хандан уриалсан юм.

URL: