Төрийн өмчит компанийн захирлууд 200 саяар авсан машиныг тавхан саяар хувьдаа авч байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн 2019 оны хэрэгжилтэд хийсэн нийслэлийн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудиторын орлогч Г.Тэнгис танилцууллаа.

Харин УИХ-ын гишүүд түүний танилцуулгыг дутмаг, ердөө мэдээллийн чанартай гэж  шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Аудитын ерөнхий газар “Шилэн” Цогоогоос дор ажиллаж байна. Аудитын ерөнхий газар ард түмний чих, нүд болох ёстой. Төрийн өмчит компаниудын захирлууд дураараа аашилж, дунд чөмгөөрөө жиргэдэг. Архи, дарсаа төрийн өмчит компанийн мөнгөөр авдаг, ард түмний хөрөнгөд хоноцын сэтгэлээр хандаж байгаа хариуцлагагүй  явдлууд гарсан. Цаашдаа тайлан сонсоод өнгөрөх биш, алдаа гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Зөвлөмж, мэдэгдэл өгөөд явуулж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Үндэсний аудитын тайлан мэдээллийн чанартай л зүйл ярьж байна. Гол асуудлыг нь ярьсангүй. Төрийн өмчийн, орон нутгийн өмчийн 500 гаруй компани байдаг. Энэ компаниуд төрийн өмч байхаа больсон. Захирлаар нь сонгуульд ажилласан цүнх баригч нар сонгогдон ажиллаж байна. 200 сая төгрөгөөр авсан машиныг хоёрхон жил уначихаад 5 саяар хувьдаа авдаг. Энэ байдалтай аудитын байгууллага тэмцэх ёстой. Тун ойрын үед энэ 500 компани, ялангуяа төрөөс татаас авдаг компаниудад шалгалт оруулах ёстой.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Шилэн дансны тухай хуульд хүлээлгэх хариуцлагын асуудал дутмаг байдаг. АН-ын бүлгээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мэдээллээ засвал, хуурамч мэдээлэл оруулбал хүлээлгэх хариуцлгагыг зааж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Төрийн өмчийн компаниуд хулгай хийдэг болсон. Дараа долоо хоногт АН-ын бүлгээс  төрийн өмчийн компаниудад аудит оруулах саналыг боловсруулж, санал оруулна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд ямар арга хэмжээ авсан бэ?

Ерөнхий аудиторын орлогч Г.Тэнгис:

Гомдол мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг мэдээлнэ гэж заасан байдаг. Хуулийн хүрээнд төрийн аудитын байгууллага дээр нэг ч гомдол ирээгүй. Зөвхөн цахим сүлжээгээр явсан гэж ойлгож болно. Эрдэнэт үйлдвэрт хоёр жил дараалж албан шаардлага өгч, шилэн дансаа хөтлөхийг шаардаж, сургалтыг хүртэл оруулж байсан. 2017 оноос хойш 60 гаруй зөрчлийг илрүүлж, прокурорын газарт шилжүүлсэн.

Эх сурвалж: GEREG.mn


URL: