ХАВТАСТ ХЭРЭГ: Хүүхдийн гар индүүнд түлсэн цэцэрлэгийн багш Ц-г 500 мянган төгрөгөөр торгожээ

dfcd53f0af6cbff8930a7396e2c3d3c5

Өдийгөөс жилийн өмнө гурван настай охиныг “Унтсангүй” гэх шалтгаанаар цэцэрлэгийн туслах багш гарыг нь индүүгээр түлсэн хэрэг гарсан байдаг. Тус хэргийн хавтаст хэргийг тоймлон хүргэе..

“………..” цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Ц нь 2019 оны арваннэгдүгээр сарын 5-нд гурван настай Т-г цагаан хэрэглэл индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулж орхисноос тэрээр халуун индүүнд зүүн гараа түлж, түүний бие болон зүүн гарын алга, бүх хурууны 2-3АБ зэргийн түлэгдэл бүхий хүндэвтэр гэмтлийг болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Шүүгдэгч Ц мэдүүлэхдээ “Тухайн өдөр Т нь 10:00-11:00 цагийн үед цэцэрлэгтээ ирсэн. Өглөө эрт ирэхээрээ өдөр унтчихдаг. Тэр өдөр оройтож ирсэн болохоор унтахгүй байсан. Би 1-2 цагийн хугацаанд бүүвэйлсэн ч унтаагүй. Сурагч Т-г ангид байлгахаар хашгираад, тоглоомоо нураагаад байдаг. Хүүхдүүдийг унтуулчихаад Т-г дагуулаад тоглоомын өрөө рүү орсон. Ер нь бол тэр өрөөнд хардаг. Хүүхдүүд унтаж сэрээд хоол иддэг. Т-г тоглоомын өрөө рүү оруулж үйлчлэгч эгчид харуулчихаад гал тогоонд аяга таваг бэлдсэн. Т надаас ерөөсөө салдаггүй болохоор хүнд үлдээсэн чинь уйлаад болохгүй байсан. Тэгэхээр нь аяга тавгаа оруулах гээд Т-г аваад дээшээ гарсан. Анги руу оруулахаар бусад хүүхдүүдийг сэрээчих гээд байдаг. Би удахгүй юм чинь гэж бодоод Т-г тэр өрөөнд оруулсан.  Анги руу ороод, гараад ирэх хооронд Т гараа түлчихсэн байсан” гэжээ.

Т-ийн ээж Н мэдүүлэхдээ  “Манай хүүхэд энэ цэцэрлэгт хоёр дахь жилдээ явж байгаа. Өмнөх жил нь бүтэн жилийн хугацаанд асуудал үүсээгүй. Тухайн өдөр 15:00 цаг өнгөрч байх үед охины цэцэрлэгээс залгаад “Т-гийн гарыг цэцэрлэг дээр нь түлчихлээ, хурдан хүрээд ир” гэсэн. Би сандраад цэцэрлэг рүү орсон чинь туслах багш Ц эрхлэгчийнхээ өрөөний үүдэнд миний охиныг тэвэрчихсэн гарыг нь шаазан аяганд хийсэн усанд дүрчихсэн байж байсан. Намайг хараад манай охин уйлсан. Очоод охиныхоо гарыг харсан чинь гурван настай охин байтугай насанд хүрсэн бид  ч тэгж түлсэн бол тийм байдалтай байж чадахааргүй болчихсон байсан. “Хормын төдийд гарчихаад эргэх хооронд гараа түлчихлээ одоо яанаа, ёстой уучлаарай” гээд шал өөр зүйл ярьж байсан. Тухайн үед хэдийгээр миний уур хүрч байсан ч “Шийддэг газраар нь явж шийдүүлье” гэж хэлсэн.

Харин хүүгийн аав “Камерын бичлэг шалгахад энэ бүхэн тодорхой байсан. Нөхцөл байдал тийм байсан учраас би энэ хүмүүст үнэхээр зөөлөн хандсан. Би араас нь хөөцөлдөж, янз бүрийн зүйл болгоогүй. Хүүхдийн минь гар л эдгэж байвал надад хамаагүй гэж бодсон. Та нарын өнөөдөр байгаа байдлыг хараад миний сэтгэгдэл 100 хувь өөрчлөгдлөө. Та юу яриад байж байлаа, чи юу яриад байж байлаа. Тухайн үед та нар яаж байлаа. Одоо миний охин алгаа нээж, хаахад хүндрэл бол үүсэхээр биш байгаа. Дөнгөж 3-4 настай охин хүүхдийн алган дээр маш том сорви үлдсэн. Бид БНСУ руу явж, сорвины эмчилгээ хийлгэхээр судлаад, эмчийн тодорхойлолт явуулсан. Гадаадад эмчлүүлэхэд 20 гаруй мянган ам.доллар буюу 55 сая төгрөг хамгийн эхний шатанд шаардлагатай байгаа. Миний хүүхдийг гэмтээсэн этгээдүүд биднийг энэ тухай сошиалаар тавьсан гэж байна. Тэр бол манай хадам ээж, эхнэр хоёрын биеэ барьж чадаагүй үйлдэл. Би тухайн үед миний охины гар нь эдгэж байвал заавал ингэж янз бүр болоод байх ямар шаардлага байна гэж бодож байсан. Яг одоо тэр бодол маань өөрчлөгдөж байна…” гэх мэдүүлэг өгчээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Т өгсөн мэдүүлэгтээ“… 2019 оны наймдугаар сарын сүүлчээр туслах багш Ц-г эрхлэгч ажилд авсан бөгөөд тэр мэргэжлийн сургалтад хамрагдаагүй байсан. Мөн мэргэжлийн үнэмлэх, диплом байхгүй юм билээ. Ц-г эхлээд туршилтаар ажиллуулж байгаад 2019 оны аравдугаар сард албан ёсоор туслах багшаар томилсон байсан. Ер нь мэргэжлийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн байсан юм…” гэв.

Шүүхээс шүүгдэгч … дугаар цэцэрлэгийн туслах багш Ц-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн дүгнэлт гаргажээ.

Эх сурвалж: Ergelt.mn

https://ergelt.mn/news/71/single/3088


URL: