“Мон -уран” ХХК-ийн маргаан дахин сунжрах нь

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн газраас зөвшөөрөлгүйгээр таслан авч байшин барьсан гэх долоон жил үргэлжилж буй маргаан өчигдөр дахин шүүхээр оров. Харин шүүхээс газар чөлөөлөх захирамжийн биелэлтийг түдгэлзүүлснээр “ҮСАХ” ХХК болон “Мон-Уран” ХХК-ийн газрын маргаан дахин сунжрах нь тодорхой боллоо.
Одоогоос есөн жилийн өмнө буюу 2002 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн 32.5 га газрын 1.2 га-д “Мон-Уран” ХХК дур мэдэн барилга барьж, тухайн үеийн удирдлагуудтай гэрээ хийсэн байдаг.
Хоёр жилийн дараа ҮСАХ-ийн удирдлага солигдож, тэр цагаас өнөөг хүртэл “Мон-Уран” ХХК-иас газраа салгаж авахаар заргалдаж эхэлсэн. Олон жилийн тэмцлийн үр дүнд Улсын дээд шүүхээс хууль бусаар барилга байшин барьж, газар ашигласныг тогтоон үүрэг болгосноор өнгөрсөн оны есдүгээр сарын 8-нд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ҮСАХ-ийн газрыг чөлөөлүүлэх захирамж гаргав. Гэсэн ч мөн л өнөөдрийг хүртэл “Мон-Уран” ХХК захирамжийг хэрэгжүүлж, газраа чөлөөлөлгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Захирамжид “ҮСАХ” ХХК-ны эзэмшлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлаж байгаа “Мон-Уран” ХХК-ны эд хөрөнгийг 5 хоногийн дотор албадан нүүлгэх, үүнийг СБД-ийн газрын алба, НЦГ, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэст даалгасугай гэсэн байдаг. “Мон-Уран” харин захирамжийг хүчин төгөлдөр биш гэсэн шалтгаанаар газраа чөлөөлөлгүй удаж, түдгэлзүүлэхээр дахин шүүхэд хүсэлт гарсанаар өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн анхан шатны хурлаар хэлэлцсэн юм.
Харамсалтай нь шүүхээс тодорхой шалтгаанаар хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав. Учир нь “ҮСАХ” ХХК-ийн өмнөх удирдлагатай хийсэн тус компанийн гэрээг хүчин төгөлдөр эсэхийг дахин баталгаажуулах шаардлагатай гэж үзсэн байна.
“ҮСАХ” ХХК-д дараагийн шатны шүүхэд давж заалдах эрх нь нээлттэй бөгөөд шинэ томилогдсон СБД-ийн Засаг даргаас дахин захирамж гаргуулах хүсэлтээ илэрхийлэхээр зэхэж байгаа аж.
Хэрэв “Мон-Уран” ХХК газраа чөлөөлөөд өгчихвөл тухайн газарт нь боулинг, теннисний төв бүхий гурван давхар барилга, мөсөн гулгуурын талбай, зуны театр зэргийг барихаар төлөвлөгөө гарган хүлээж байгаа гэж “ҮСАХ” ХХК-ийн захирал Д.Мөнхбат дурдав.

Н.Гантуяа


URL:

Сэтгэгдэл бичих