Улаанбаатар хот руу зорчих хүсэлтэй 281 иргэнээс PCR шинжилгээ авчээ

5fcdbe1612ae6

Тусгаарлалтад байсан нэг иргэнээс 17 дахь хоног дээрээ “Ковид-19″ халдвар илэрч, Орхон аймагт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 25 боллоо. Энэ 25 тохиолдлын зургаа нь эдгэрч /2020.12.6/ дараагийн шатны сувилалд шилжиж, үлдсэн 19 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд түргэвчилсэн тестээр 98, PCR аар 553 сорьцод шинжилгээ хийжээ.

Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хот руу зорчих иргэдэд утсаар мэдэгдэж PCR шинжилгээ хийж байна. Өнөөдөр 281 иргэнээс 14, 5, 1, 6 дугаар сургууль дээр 08.00-12.00 цагийн хооронд шинжилгээ авлаа. Шинжилгээний хариу маргааш гарна. Сөрөг хариу гарсан иргэд Улаанбаатар хот руу зорчино.

Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгийн Онцгой комисс Орхон аймгаас иргэдээ татах талаар шийдвэрээ ирүүлээгүй байна.

Иргэд www.119.mn, Erdenet.mn сайтад давхар бүртгүүлэх эсвэл аль нэгд нь бүртгүүлчихсэн асуудал гарсан тул аймгийн Онцгой комисс мэдээллийг нэгтгэн, давхардлыг нь арилгаж нэгдсэн дүн гаргаж байна.

119.mn сайт ачааллаа дийлэхгүй хэд хоног ажиллахгүй саатсаны улмаас Орхон аймгийн Онцгой комисс дотооддоо арга хэмжээ авч ЗДТГ-ын Erdenet.mn сайтад иргэдийн бүртгэлийг авч эхэлсэн юм. Үүнийг үндэслэн хөдөө орон нутаг руу зорчих  иргэдийн асуудлыг зохион байгуулсан байна. Харин өчигдрөөс 119.mn сайт хэвийн ажиллаж эхэлсэн тул иргэд цаашид дээрх сайтад бүртгүүлэх хэрэгтэй гэлээ.


URL: