Хөтлөгч Б.Төгөлдөрийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал товлогджээ

16074501905fcfbe4e06d3b

Одоогоос хоёр жилийн өмнө Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Гэрэлтэй цонх” үдшийн хѳтѳлбѳрийн хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.11 /бүлэглэж/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллах дүгнэлт үйлдсэн ч тус дүүргийн шүүхээс 2.11-д заалтын хэргийг хэрэгсэхгүй болгож, тус ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хѳнгѳрүүлэн зүйлчилсэн байжээ.

Харин хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 10-нд буюу маргааш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 5 дахь хурлаар товлогдсон байна.

Хэргийг эргэн сануулахад, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шѳнѳ Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах, Бид ББСБ-ын оффисын ажилтан Батзориг, Тод-Эрдэнэ нар нь бүлэглэн Тѳгѳлдѳрийн амь насанд хүрсэн нь мѳрдѳн байцаалтын явцад тогтоогдож байжээ.


URL: