“Ковид”-той амжилттай тэмцэж байсан ГҮРЖ УЛСАД юу тохиолдов

130308269_232990754912517_3637093127425602010_nГүрж улс цар тахалтай амжилттай тэмцэж буй орны жишээгээр хэдхэн сарын өмнө магтагдаж байсан бол өнөөдөр коронавирусний тархалтын хурдаараа эхний эгнээнд жагсдаг болжээ. Харин үүнийг үл харгалзан, тус улсын эрүүлийг хамгаалах систем цар тахалтай харьцангуй амжилттай тэмцсээр байгаа тухай эрх баригчид нь өгүүлсээр байна. Гэвч түргэн тусламж хүлээж чадаагүй, эмнэлэгт хэвтэж амжаагүй хүмүүсийн гунигт түүх улам олширч, эрх баригчдад хаягласан шүүмжлэлүүд ихэссээр байгаа аж.

“Би эмчтэй холбогдоход шууд түргэн тусламж руу дамжуулсан. Тэд намайг эмнэлэгт яаралтай хүргэх ёстой байсан хэдий ч дуудлага өгснөөс хойш есөн цаг өнгөрөхөд түргэн ирээгүй, ямар ч сураг чимээгүй ор тас алга болсон”. “Хэрэв түргэн тусламж ирвэл аз дайрлаа гэж бод. Танил талгүйн улмаас өвчтөнийг эмнэлэг рүү авч явахгүй байгаа бол юу хийж болох вэ.” гэх мэт өч төчнөөн гомдлыг Гүржийн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бичсээр байна. Саяхан л гэхэд Гүрж улсад Ковид-19 тохиолдол хөрш улс орнуудтай харьцуулахад хамаагүй бага байж, Өмнөд Кавказын багавтар, баян бус энэ орон шинэ коронавирустэй амжилттай тэмцэж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байсан билээ. Тухайн үед эрх баригчдын рейтинг болон эрүүл мэндийн системдээ итгэх ард олны итгэл өсөн нэмэгдэж, телевизээс яваа зочид тасардаггүй байсан бол одоо Гүрж улс дахь цар тахлын нөхцөл байдлын тухай халдвар судлаачид болон эмч нар өдөр бүр ярьдаг болжээ. Өнгөрөгч намраас нөхцөл байдал өөрчлөгдөн, коронавирусний шинэ тохиолдлын тоо өсөж эхэлсэн байна. Энэхүү өсөлт нь тус оронд явагдсан улстөрийн халуун үйл явдал болох парламентын сонгууль болон түүнийг дагалдан үүссэн сөрөг хүчний үйл ажиллагаануудтай давхцаж, нэг өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 4-5 мянгад хүрсэн байна. New York Times мэдээлснээр, сүүлийн долоо хоногт 100 мянган хүнд ноогдох коронавирусний батлагдсан тохиолдлын хоногийн дундаж тоон үзүүлэлтээр Гүрж улс нэгдүгээр байр эзэлж, харин вирусний тархалтын хурдны хувьд Our World in Data судалгааны үр дүнгээс харахад тавдугаар байранд орж, сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд халдвар авсан хүмүүсийн тоо хоёр дахин ихэссэн аж. Коронавирусний хоёр дахь давлагаа илүү их хор хөнөөлтэй байв уу, эсвэл саяхан л Өмнөд Кавказын “аюулгүй баянбүрд” хэмээн нэрлэгдэж байсан Гүрж улс дахь бодлогын болон зохион байгуулалтын алдааны үр дүнгээс шалтгаалсан юм болов уу.

Хоёр дахь уу, эсвэл эхний давалгаа юм уу

Гүрж улс энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр коронавируст халдвар илэрсэн Өмнөд Кавказ дахь анхны орон болсон хэдий ч эрх баригчдын зүгээс түргэн шуурхай арга хэмжээ авч, хатуу хөл хорио тогтоон, агаарын шугамаа хаасан юм. Шинэ коронавирусний талаарх мэдлэг мэдээлэл хомсхон байсан тухайн үед халдварын голомтыг барьж тогтоох хатуу арга хэмжээ авсан нь зөвдөж, Гүрж улсад цаг хожиход нь тусалсан хэмээн мэргэжилтнүүд үзсэн байна. “Хурдан шуурхай арга хэмжээ авч хилээ хаасан учраас эхэн үедээ маш бага тохиолдлууд илэрч, бүхий л хавьтлуудыг цаг тухайд нь олж, халдварлагсдыг тусгаарлах боломжийг олгосон. Энэ нь Гүржид коронавирусний эхний давлагаа болоогүй үндсэн шалтгаан бөгөөд нэг дэх давлагаа үнэн хэрэгтээ одоо л манайд өрнөж байна” хэмээн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Кетеван Чхатарашвили өгүүлжээ.

Халдварын хоногийн дундаж тоо өнгөрөгч есдүгээр сараас өсөж эхэлсэн бөгөөд зуны амралттай холбоотой гэж халдвар судлаачид үзэж байв. Хавар хөл хорио цуцалсны дараахан олон амрагчид зорин очсон Хар далайн эрэг болон Батуми хот тухайн үед халдварын халуун цэг болсон аж. Халдвар судлаачдын зүгээс олон нийтийг сэрэмжлүүлэн, зааварчилгаа, дүрэм журмыг чанд мөрдөхийг уриалж байсныг үл харгалзан зун ихэнх нь Гүрж улс коронавирусыг ялчихлаа хэмээн эндүүрэн итгэсэн гэж Нийгмийн эрүүл мэнд болон өвчний хяналтын үндэсний төвийн ерөнхий захирал Амиран Гамкрелидзе өгүүлсэн байна. “Харамсалтай нь, бид зуныг ялангуяа Хар далайн эрэг дээр хэтэрхий эрх чөлөөтэй өнгөрүүлсэн. Батуми бужигнаж, дараахан нь сонгуулийн кампанит ажил өрнөн, санал хураах өдөр гэхэд хоёр сая хүн гадуур гарсан. Аравдугаар сарын сүүлчээр хоногт ойролцоогоор 1500-1700 шинэ тохиолдол илэрч байсан бол арваннэгдүгээр сарын дундуур гэхэд гурван мянгаас ч давж, өөрөөр хэлбэл, хоногийн дундаж үзүүлэлт хоёр дахин ихэссэн” гэж тэрбээр арванхоёрдугаар сарын 2-нд хэвлэлийн хурал дээр дурджээ.

Чхатарашвилигийн өгүүлснээр, хоногийн үзүүлэлт нэмэгдэж эхэлсэн наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр халдвар улс даяар тархахаас сэргийлэн Батуми хот болон Аджарийн хөрш районуудыг хаах ёстой байсан боловч эрх баригчид үүнийг хийгээгүй. Тэд коронавирусний идэвхтэй оношилгоо хийхийг оройтуулж, арванхоёрдугаар сард л энэ ажлыг эхлүүлсэн аж.

Халдварын тоо өссөөр байгааг үл харгалзан парламентын сонгуулийг хойшлуулаагүй, нэр дэвшигчид болон улстөрчид халдвар авсаар байсан хэдий ч сонгуулийн кампанит ажил үргэлжилсээр байсан гэнэ. Сонгуулийн хэсгийн хороод дээр халдвар тархалтаас сэргийлэх зайлшгүй арга хэмжээнүүдийг нарийн чанд мөрдөж байгаа учраас сонгогчдыг санал хураалтад идэвхтэй оролцон, хэсгийн хороод руу ирэхийг эрх баригчдын зүгээс уриалж байжээ. Харин санал хураалтын дараахан Гүржид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, сөрөг хүчний намууд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй, арваннэгдүгээр сарын 21-нд 17 мажоритар тойрогт явагдсан хоёр дахь шатанд оролцохоос татгалзсан аж. Сөрөг хүчнийхний олныг хамарсан арга хэмжээнүүд Гүрж улсад халдвар огцом өсөх нэг шалтгаан болсон талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Екатерина Тикарадзе мэдэгдсэн байна.

Хожсон хугацаанд юу хийв

Хөл хориог чангатгах талаар эрх баригчид парламентын сонгуулийн хоёр дахь шатны дараа зарлажээ. Арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн шөнийн цагаар гадагш гарах, олон нийтийн газарт байхыг хориглож, нийтийн хоолны газрууд зөвхөн хүргэлтээр ажиллан, томоохон хотууд дахь худалдааны төвүүд хоорондын зайг баримтлан үйлчлэхээр болов. Харин хүнсний дэлгүүр, ахуйн хими цэвэрлэгээ, эрүүл ахуйн хэрэгслийн, амьтны тэжээлийн дэлгүүрүүд болон эмийн сангууд, хэвлэлийн худалдааны цэгүүд ердийн горимоор ажиллаж байжээ.

Хоёрдугаар давлагаанд эрүүл мэндийн систем дээд зэргээр бэлтгэл хангасан гэж Засгийн газрын түвшинд ярьж байсан бөгөөд Эрүүл мэндийн сайд Тикарадзе “Маэстро” телекомпанид ярилцлага өгөхдөө, коронавирусээр халдварлагсдыг эмчлэх зориулалтын эмнэлэг таваас 80 болж, эмнэлгийн орны тоо 600-аас 8 мянгад хүрсэн гэжээ. Мөн 43 эмнэлгийн мэргэжилтнүүд болон орон нутгийн эмч нарын 90 хувь нь давтан сургалтад хамрагдсан талаар сайд тэмдэглэсэн аж.

Гүржийн эрүүл мэндийн системийн нэг гол асуудал нь мэргэжилтэй боловсон хүчний хомсдол хэмээн шинжээчид үзэж байна. “Бид бол бусад мужийн эмч нараа Ухань руу илгээх чадалтай Хятад биш, бас өвчтөнүүдээ Герман руу илгээх чадалтай Швейцарь биш. Иймд манай хамгийн гол асуудал бол мэргэжилтэй боловсон хүчин” гэж эрүүл мэндийн бодлогын мэргэжилтэн, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын парламентын хорооны дарга асан Акаки Зоидзе онцлон дурджээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: