Оюутолгойн гэрээг байгуулсан Д.Зоригтын үндэслэлгүй баяжсан асуудлыг хэзээ шалгах вэ?

Oyu_Tolgoi_23Монгол Улсын Засгийн газар 2009 онд Рио Тинто компанитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Оюутолгой төслийг хөдөлгөсөн. Гэвч манай улсад ашиггүй хийгдсэн гэх Оюутолгойн гэрээг үзэглэсэн тэр үеийн төрийн өндөр албан тушаалтнууд ашиг сонирхолын зөрчил гаргасан нь баримтаар нотлогдож ихэнх нь аавын “хаалга татсан” юм.

Ойлгомжтой болгох үүднээс товчхон түүх сануулбал, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгосон байдаг. Ингээд Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар гарын үсэг зурсан байдаг.

Эл гэрээ байгуулагдсаны дараа С.Баярцогтын Швейцарь дахь данс руу Рио-Тинто компаниас их хэмжээний доллар орсон, С.Баяр АНУ-д асар үнэтэй хаусууд авсан, Д.Зоригт учир битүүлгээр богино хугацаанд хөлжсөн, Л.Гансүх нэг сая доллараар хаус худалдаж авсан авсан зэрэг баримтууд ил болсноор хууль хяналтын байгууллагаас тэднийг шалгаж эхэлсэн юм.

Улмаар Ерөнхий сайд асан С.Баяр албаны эрх мэдлээ урвуулан, ашиглаж хувийн ашиг сонирхлын үүднээс “Петровис” компанид давуу байдал олгож, Оюутолгой компанид шатахуун нийлүүлэх гэрээ хийлгэсэн, мөн АНУ-д амьдардаг охиных нь нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Оюутолгой төслийг байгуулсны дараа бий болсон нь тогтоогдож, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Харин үүний өмнө тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байсан Л.Гансүх мөн л шүүхээс ял сонссон байдаг.

Мөн  С.Баярцогтод шүүхээс 10 жил хорих, таван жил нийтийн албанд ажиллах эрхийг хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон. Тэрбээр өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байв.

Түүнийг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон хэмээн үзсэн. Түүнчлэн С.Баярцогттой хамт шүүгдсэн Д.Ганболд, Б.Бямбасайхан  нарт 1.3 жилийн хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1 жилийн хорих ял оноосон байдаг.

Харин Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт тухайн үед учир битүүлгээр хөлжсөн асуудал яригдаж байсан ч хуулийн байгууллагаас холуур өнгөрч чадсан анхаарал татдаг.Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээ байгуулсан ажлын хэсгийн ахлагч байсан тэрбээр тухайн үед гэрээн дээр ажиллаж байсан сайд нар, албан тушаалтнуудаас ганцаараа ял, шийтгэлгүй үлдсэн байдаг.

Д.Зоригтыг ийнхүү уснаас хуурай гарсныг М.Энхболд, С.Батболд нарын улс төрийн томчуудтай ойр байдагтай холбох хүн ч цөөнгүй бий.

Д.Зоригтын хувьд 2009 онд УИХ-ын Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуулиар сонгогдож Монголын улстөрд орж ирсэн түүхтэй. Тэрбээр тухайн үед УИХ-ын гишүүн болоод удалгүй Эрдэс баялаг эрчим хүчний сайд болж дэвшсэн. Гэвч Оюутолгойн гэрээгээр улс төрөө чимээгүйхэн дуусгаад “алга болсон” нь одоо ч хардалт дагуулсан хэвээр. Бид энэ асуудлыг холбогдох хуулийн байгууллагаас тодруулан хүргэх болно.

Г.Сар

Эх сурвалж: Zuv.mn


URL: