Ж.Сандагсүрэн: Өмнө нь авсан QR кодоороо замын хөдөлгөөнд оролцоно

16085415905fe065960cf74

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 23-ны 06.00 цагаас эхэлж, 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд бүх нийтийн хөл хориог хорьж, 15 салбарын ААН-үүд үйл ажиллагаагаа явуулах юм.

Эдгээр байгууллагын ажилчид замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өгөв.

Тэрбээр “Өмнө нь тогтоосон хөл хорионы адилаар зөвшөөрөгдсөн 15 салбарын байгууллагуудын иргэдээс бусад иргэдийн автомашинаар зорчих эрх хязгаарлагдана. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд явдаг нийт 23.902 автомашиныг бүртгэлжүүлсэн. Үүн дээр нэмээд хүүхэд хамгааллын чиглэл болон төрийн захиргааны зарим байгууллагын ажилтанд QR код олгоно. Өмнө нь авсан QR код идэвхжээд үйл ажиллагаа нь явагдана.

Таксинд явах 800 машины үйлчилгээг нийтийн тээврийн үйлчилгээн дээр нэмж зөвшөөрч байна. Дахин хянаж эрүүл ахуйн хяналтыг мөрдүүлээд эдгээр такси үйлчилгээний машинууд арванхоёрдугаар сарын 23-нд явж эхэлнэ.

Нийтийн тээврийн 900 автобус хэвийн үйлчилгээ үзүүлнэ. Улаанбаатар хотод нийт 411 мянган өрх байдгаас 205,280 нь автомашинтай. 200 гаруй мянган өрх нь автомашингүй учир асуудал үүссэн тохиолдолд нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Аль болох иргэд гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй” гэлээ.


URL: