П.Сэрдамба: Дэлхийн дэвжээнээс хошой медаль авч болсон юм, олимпод ч медалиа ихэрлүүлэх хүсэлтэй

“Милан-2009” боксын ДАШТ. 24 настай, гавьяат тамирчин П.Сэрдамба Словакийн Мирослав Ковач, Бразилийн Пауло Карвахо нарт монгол нударганы амтыг мэдрүүлж, Европын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт армени эр Ованнес Даниелян, өмнөд улсын Ли Жизао, хойд хөршийн Давид Айрапетян нарыг угсруулан дийлж, дэлхийн аваргын титмийг эх орондоо анх удаа авчирсан ширэн бээлийтэн болсон түүхтэй.

Алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт нь залж, төрийн дуулал эгшиглэх торгон агшинд өмөлзтөл уйлсан залуугийн дотор хөлсөө асгартал бэлтгэл хийсний үр дүн, цамцных нь захыг мушгиж үлдсэн эх орон нь тэр чигээрээ багтсан юм. Тэр маргаангүй дэлхийд эрэмбэтэй боксчин. Лондоны олимпийн эрхийг хүрэл медальтай нь авчирсан Сэрдамба Будант Альбионы рингэнд ямар тоглолт үзүүлэх бол? “Бээжин-2008”-аас хойшхи дөрвөн жилийн хугацаанд Пүрэвдоржийн сөөсгөр хүү дадлага туршлага хуримтлуулсан нь дамжиггүй. Түүнийг Герман руу хүч сэлбэхээр явахынх нь өмнө уулзаж ярилцсан юм.

-Та нар Европт бэлтгэл хийхийн хажуугаар тэнд зохиогдох тэмцээнд оролцож амжих болов уу?

-Германд 25 хоногийн хамтарсан бэлтгэл хийхийн зэрэгцээ тэмцээн таарвал оролцоно. Эрх аваагүй тамирчид Улаанбаатарт буцаж ирээд 10-аад хоног хүч сэлбэн, Казахстаны Астана хотод олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм.

-Таныг Эрдэнэтэд хэд хоног сувилуулсан гэж сонссон. Гэмтэл сэдэрсэн хэрэг үү?

-Н.Төгсцогт, Э.Бадар-Ууган, бид гурав Эрэдэнэтэд сувилалд хэвтсэн юм. Бэртлээ хөндчилгүйхэн шиг байвал цаашдын тэмцээнд гайгүй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд зүүн гарын сарвуунд бэртэл авчихаад байгаа. 2009 оны дэлхийн аваргын төлөөх тоглолтын үеэр гэмтээчихсэн болохоор бэлтгэлээ хэсэгтээ завсарлаж эмнүүлсэн удаатай.

-Тэгээд яагаад сэдрээчихсэн юм бэ?

-Цөөн хэдэн бээлий маань нимгэрсэн тул нүцгэн гар дээр хүнд цохилт ирээд бага зэрэг сэдэрчихлээ.

-2012 оны УАШТ-ий рингэнд бус үзэгчдийн суудалд тухалсан таны хувьд залгамж тамирчдаа харж суухад ямар бодол төрөв?

-УАШТ-д Бадраа, Мөнх-Эрдэнэ бид гурав оролцоогүй. Тэмцээнийг үзэж суухад 49-64 хүртэлх жингийн тамирчид ах нартайгаа эн тэнцүү тоглох хэмжээнд хүрсэн нь мэдрэгдэж байлаа. Монголын олимпийн боксын холбоо тамирчдаа ОУТ-д түлхүү оролцуулж, дотооддоо зохиогддог тэмцээнээ олшруулсан нь үр дүнгээ өгч байна.

-Та улсын аваргаар хэдэн удаа тодорсон билээ?

-Тав түрүүлсэн санагдана.

-2011 он таны хувьд өндөр амжилтын жил байлаа. Хоёр дахь олимпийнхоо визийг аваад зогсолгүй ДАШТ-ий хошой медальт анхны монгол боксчноор тэмдэглэгдэж, “Бөртэ чоно”-ыг эзэгнэсэн. Гэхдээ та бэлтгэл, тэмцээн гээд эх орондоо тогтох нь ховор болохоор ойрд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөнгүй. Ингэхэд шилдгийн шилдгээр тодорно гэдэгт хэр итгэлтэй байсан бол?

-Яг тэр үеэр би Казахстанд тэмцээнтэй байсан. Д.Ганзориг багшийг шилдэг дасгалжуулагч болсныг сонсоод маш баярласан. Оны манлай тамирчны төлөөх номинацид О.Насанбурмаатай өрсөлдөж байгаа сураг дуулдсан юм. Үнэндээ Насанбурмааг “Бөртэ чоно”-ын эзэн болох байх гэж бодсоноо нуухгүй. Гэсэн ч спортын сэтгүүлчдийн олонх нь миний төлөө саналаа өгсөн байна лээ. Энэ мэдээг сонсоод мэдээж их баярласан. 2009 онд Цагаанаатайгаа “Бөртэ чоно” гардаж байлаа, хоёр жилийн дараа ганцаараа анх удаа хүртэж үзсэн минь энэ.

-Миланы дэвжээнээс авсан ДАШТий алт, Бээжингийн олимпоос хүртсэн мөнгөн медаль хоёрыг жингийн туухайд тавибал…

-Олимпоос мөнгөн медаль хүртчихээд тамирчин болсны зорилго биеллээ гэж бодож билээ. Харин дэлхийн аварга болсны дараа дээрх амжилтаа баталгаажуулж, дэлхийд энтэй тамирчин болсноороо бахархах сэтгэл төрсөн. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэсэн болохоор Италийн дэвжээнээс зүүсэн алтан медаль надад бүхнээс илүү үнэ цэнэтэй.

-Үүнээс хоёр жилийн дараа ДАШТ-д хийсэн тоглолтынхоо талаар ямар бодол тээж явна?

-Тамирчин хүн аливаа тэмцээнд бүх хүч чадлаа шавхаж оролцдог. Тэр ч үүднээс Бакуд өөрийгөө дайчилсан боловч мөнгөн меда лийн төлөөх тоглолтод алдаа гарган хожигдсон. Одоо бодоход ажиллагаа дутсан юм шиг санагдаж байна. Өөрөөр хэлбэл хэтэрхий хамгаалаад тоглочихсон.

-Жингийнхээ хүчтэй өрсөлдөгч Нанхиадын Зөү Шиминтэй хэдэн удаа таараад байна? Ялалт ялагдлын харьцаа хэд болоод байгаа вэ?

-Түүнтэй дөрвөн удаа учраа таарахдаа гурав ялагдаж, нэг ялсан.

-Бусад өрсөлдөгчийн хувьд…

-Казахстаны Б.Жакиповтой хийсэн хоёр тоглолтын аль алинд нь, БНСУ-ын Шин Жон-Хунд мөн л хоёр удаа ялагдсан.

-Ирэх олимпийн хүчтэй өрсөлдөгчид болох дээрх боксчдыг ялахын тулд юун дээр голчлон анхаарах хэрэгтэй вэ?

-Бэлтгэлээ зорилготой хийвэл дийлэхгүй өрсөлдөгч гэж үгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг сайхан үгийг үргэлж бодож явдаг. Тэд ямар робот биш. Дийлэх өдөр ирж л таарна.

-Бээжингийн олимпийн өмнөх Сэрдамба, Лондоны олимпийг хүлээж байгаа Сэрдамбын хувьд их ялгаа байна. Зуны XXIX олимпийн өмнө та одоогийнх шиг олны анхаарлын төвд байгаагүй. Харин энэ удаа Британиас медаль хүртэх өндөр магадлалтай тамирчдын тэргүүн эгнээнд таны нэр бичээстэй…

-Дөрвөн жил амархан өнгөрөх юм. Саяхан л Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан санагдана. Олимпийн дараа хүмүүс 2012 онд тамирчин хэвээр байх эсэх талаар шуугиж, өмнөөс минь янз бүрийн хариулт өгсөн. Нэгэнт зорилгоо биелүүлсэн учраас эднээс гавьтай амжилт гарахгүй гэх мэтээр янз бүрийн тайлбар өгснийг нь яана. Хувь хүний үүднээс дүгнэвэл Сэрдамба урьд нь ямар байсан тэр хэвээрээ. Тэмцээний туршлага гэвэл олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медаль хүртэж, оюутны дэлхийн аварга боллоо. Олон тэмцээнээс хангалттай туршлага хуримтлуулсан. Дэлхийн хошой медальтан болж чадсан юм чинь ирэх олимпод ч медалиа ихэрлүүлэхийг хүснэ.

-Амны билгээс ашдын билэг гэдэг. Буурал Европын дэвжээ танд өгөөжтэй болохоор Лондоны рингэнд сайхан тулаан хийж ард түмнийхээ магнайг тэнийлгэх болтугай. 2011 оны сүүлчээр Британийн нийслэлд зохиогдсон боксын ОУТ-д хүч сорих бодол байв уу?

-Лондоны дэвжээнд анх удаа тоглох гэж байна. Өнгөрсөн онд тэнд зохиогдсон тэмцээнд оролцох бодолтой байсан ч жингээ ойрхон хасах нь дэмий болохоор яваагүй. Европын дэвжээ миний хувьд гайгүй. Гэхдээ шүүгчтэйгээ очихгүй бол зарим тэмцээнд булхай орох нь бий.

-Бакуд болсон ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан та хилийн чанадын өөр тэмцээнд ийн илт илүүрхэж байл уу?

-Тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөгчөө хэзээ ч техникийн илт давуугаар ялж байгаагүй. Дөрвөн ДАШТ-д оролцсон миний хувьд 2011 оны дэлхийн аваргын томоохон онцлог нь энэ тоглолт.

-Хоёр жилийн тэртээх ДАШТ-д ОХУ-ын боксчин Давид Айрапетяныг онооны илүүгээр буулгаж авсны дараа хойд хөршийн нэгэн сонинд 2007 оны ДАШТ-д таныг олон оноогоор ялагдсан тухай дурдсан байсан…

-Тийм ээ. Миланы ДАШТ-д торгон ир тэгширсэн байсан юм. Зорьж бэлтгэлээ хийсэн тэмцээнээсээ заавал медаль авна гэсэн бодол өвөрлөн Италийг зорьж билээ. Өрсөлдөгчдөө ялсаар Хятадын боксчинтой таарахад ялах хүсэл бүр ч оргилсон. Бээжингийн олимпод нанхиадад хожигдсон минь ч санаанд орлоо. Эхний раундад хожигдон, дараагийнхад нь оноогоо нөхөөд, сүүлийн үед онооны илүүгээр ялалт байгуулсан юм. Сэтгэл догдлуулсан ширүүн тоглолтыг цэнхэр дэлгэцээр үзсэн монголчууд андахгүй мэднэ. Тийм ээ, би Айрапетянтай 2007 оны ДАШТ-д таарахдаа олон оноогоор хожигдсон. Хоёр жилийн дараах ДАШТ-ий финалд ялж болдгийг харуулж, эх орондоо анхны алтан медалийг нь авчирснаараа бахархсан.

МОБХ-ны удирдлагууд, боксчин болсон цагаас өнөөг хүртэл хариуцан бэлтгэл хийлгэж байгаа Д.Ганзориг багш, спортод сэтгэлтэй хүн бүхэн баярласан. Төрийн дуулал эгшиглэхэд огшиж омогшихын жаргалыг жинхэнэ мэдэрсэн дээ. Уг нь тэгдэггүй юм, харин тэр үед өмөлзөж, жаахан хүүхэд шиг уйлах шахсан. Сэтгэлээ барьсан тулдаа нулимсаа тэвчсэн. Миланаас надаас гадна хоёр нөхөр маань мөнгө, хүрэл медальтай ирсэн. Тэр ДАШТ хэзээ ч мартагдахгүй. Миланд суралцдаг, ажилладаг монголчууд бүгдээрээ баяр хүргэснийг санаж байна. Ерөнхийлөгч маань баярын цайллаг хийхэд 30-40 хүн цугларсан.

-Милан хоттой танилцаж амжсан уу?

-Зочид буудал, тэмцээний ордны хооронд явсан болохоор хоттой танилцаж амжаагүй. Тэмцээний дараа дэлгүүр хэсэж жаал жуул юм цуглуулаад онгоцны буудал явсан даа.

-Таны найз Э.Бадар-Ууган бэртлийн улмаас олимпийн дараа спортоос хөндийрсөн. Энэ үед найздаа хэрхэн сэтгэлийн дэм хайрлав?

-Бадраа олимпийн дараа тохойндоо хагалгаа хийлгээд боксоо хэсэг хугацаанд орхисон нь бий. Болохгүй байгаа зүйлийг яалтай ч билээ. Одоо найз маань эмчилгээ хийлгээд гайгүй болж байгаа. Боксын спортод Бадраа шиг мэдрэмжтэй, авьяаслаг тамирчин миний мэдэхийн алга. Лондоны олимпийн эрхийг авчих байх, найз минь.

-Боксын ертөнцөд орсон цагаасаа Бадраатай нөхөрлөсөн үү?

-Би боксоор 2000 онд, Бадраа надаас хоёр жилийн өмнө хичээллэсэн. Бид бие биедээ зөвлөгөө өгч, дэмжиж тусалж явсан. Спорт сургалтын төвд хамтдаа бэлтгэл хийдэг байлаа. Миний хувьд боксчин болохын өмнө жүдо барилдсан ч сонирхолгүй санагдаад орхисон юм. Боксоор хичээллэхэд дээсэнд орж, сүүдэртэй “тулалдаж” байгаа ах нар гоё санагдана. Бокс үнэхээр сайхан спорт шүү.

- Зодоонтой кино үзэх дуртай байсан уу?

-Яаж мэдэв? Би зодоонтой зөгнөлтэй кино үзэх дуртай. Ялангуяа Жет Лигийн тоглосон кинонууд таалагддаг.

-Хор шартай зан амжилтад хүрэх нэг нөхцөл бүрдүүлдэг гэж зарим дасгалжуулагч ярьдаг…

-Тэгэлгүй яахав. Би дэвжээн дээр хор шартай, энгийн үед даруу байхыг хүсдэг. Өнөөдөр хожигдсон хүнээ дараа нь ялах эрмэлзэлтэй байж амжилтад хүрнэ.

-Таныг ирлэж хурцалдаг бэлтгэл хангагч хэн бэ?

-Миний жинд 17-тойгоос минь эхлээд 2007 он хүртэл тоглосон “Алдар”-ын Ж.Отгонбаяр гэж тамирчин бий. Бэлтгэл болон тэмцээний үед бид хонь, чоно шиг харин бусад цагт найз нөхөд байж чаддаг. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ ширүүн өрсөлдөөнтэй хийдэг байсан нь амжилтад хүрэх нэг нөхцөл болсон гэж боддог. Надад маш их тусалсан Отгоодоо баярлаж явдгаа илэрхийлье. Одоо тэр жин өгсчихсөн болохоор түүнтэй дүйцэхүйц бэлтгэл хангагч гарч ирэхгүй л байна.

-Боксчин болж чадахгүй нь хэмээн өөрийгөө чамлаж байсан үе бий юү?

-Тамирчин болоод удаагүй байхдаа нэгэн тэмцээнд оролцож, аваргын төлөөх тоглолтод Бадраад хожигдчихоод уйлсан минь санаанаас гардаггүй. Шагнал гардуулах үед аав минь миний өмнөх үзэгчийн суудалд сууж байсан юм. Аавыгаа хараад эрхэлсэн ч юм уу, нулимсаа барьж чадалгүй гэртээ харьтлаа уйлсан. Сэтгэл тэгж л гонсойсон юм байлгүй.

-Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг нарын тэргүүний тамирчдыг “өлгийдсөн” Д.Ганзориг багшийнхаа талаар юу хэлэх вэ?

-Багш маань бидэнд өндөр шаардлага тавьдаг, цаг нарийн баримталдаг хүн. Аливаа зүйлийг тархинд шингэтэл хэлдэг юм. Ер нь загнах талдаа. Багшдаа загнуулахгүй шавь гэж хаана байх вэ? Д.Банди багш ч гэсэн бидний амжилтад чадлаараа нөлөөлсөн.

-Миланы ДАШТ-ийг эс тооцвол өөрийн боломжийг 100 хувь дайчилсан тоглолт гэвэл…

-Бээжингийн олимпод хүрэл медалийн төлөө Тайландын боксчинтой хийсэн тоглолт. Хожвол медальтай, хожигдвол мултрах учраас маш хариуцлагатай тулаан байлаа. ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, олимпийн эрх авсан өрсөлдөгч маань хүнийг хүлээж, угтуулсан тоглолт хийдэг тамирчин. Хэрэв түүн рүү дайрч тоглосон бол ялах нь юу л бол? Яг түүн шиг тактикаар тоглоод хожиж билээ.

-2008 оны олимпийн дараа амьдралын тань хэв маяг өөрчлөгдөж, олны анхаарлыг илүүтэй татах болсон. Хэвлэлийн баатар болох хэцүү юү?

-Бээжингийн олимпийн өмнө Азийн аварга болсны дараа тоотой хэдэн сонинд ярилцлага өгч билээ. Одоо сонин хэвлэлийнхнээс зай барьж байгаа. Бага байхаас өнөөг хүртэлх амьдралаа ярьчихсан. Энэ тухай ахин дахин ярих сонирхол алга. Тэгээд ч ярьсан зүйлийг маань мушгиад биччих тохиолдол нэг бус гардаг.

-Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, та дөрөвт олимпийн дараа шан харамж харамгүй амласан компани, хувь хүн олон. Амлалт амьдрал дээр биелсэн үү?

-Биелдэггүй юм билээ. Түвшээ, Бадраа хоёроос лавлахад ингэж л хариулж байсан. Дүнжингаравын захирал Б.Наранхүү ах л амлалтынхаа 10 хувийг өгсөн. Уулзахаараа “Ах нь амлалтаа биелүүлнэ, санаа зоволтгүй” гэдэг юм. Сэтгэлийн хөөрлөө дийлээгүй хүмүүс тэгж их амласан биз ээ.

-Ингэхэд аавыгаа амьд сэрүүнд нь хангалттай баярлуулж чадсан гэж боддог уу? Олимпийн дараа эмчилгээ хийлгэж болоогүй юм уу?

-Аав маань намайг Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга болохыг харж амжаагүй. Миний аав уярамтгай, зөөлөн сэтгэлтэй хүн байсан. Намайг олимпоос медальтай ирэхэд уйлаад л, өдөржин баярын нулимсаа барьж чадаагүй. Тоглолтын дараа ч бас ингэж суусан биз ээ. Аав маань залуудаа Махкомбинатад тоосонцор ихтэй газар ажилладаг байсны улмаас астматай болж, группт орсон. Намайг төрсний дараа гэхээр цэл залуу байж таарна. Олимпийн дараа сувилгаа хийлгэсэн бол ялалт, ялагдлыг минь хуваалцах байсан гэж боддог. Эмчилгээ хийлгэе гэхээр дургүйцдэг байлаа.

-Уучлаарай, хувийн амьдралд тань хэтэрхий орсон байж магадгүй. Таныг аав тань өсгөсөн гэж сонссон. Ээжтэйгээ холбоотой байдаг уу?

-Найман нас хүртлээ ээжийнхээ гар дээр хүмүүжсэн. Баянхошуу-Толгойт-Дэнжийн мянга гээд олон ч газар сэлгэж нүүсэн. Улмаар аав дээрээ ирээд спорттой нөхөрлөх суурь тавигдав. Нэлээн сахилгагүй хүүхэд байсан болохоор дэггүй гэж жигтэйхэн. Аавынхаа чихийг мөн ч их халууцуулсан даа. Эцэг эхийн хуралтай гэхээр “Яаж очно, ямар хэрэг тарьсан бэ, чи” гэж сүртэй асуудагсан. Аавыг хурлаас ирэхэд нь би юу ч болоогүй юм шиг инээсээр угтана. Ээжийн асрамжинд байхдаа сургууль гэрийн хооронд явдаг байсан бол аавын халамжинд амьдралын ухаанд суралцсан. Ундаа, зайрмаг зарж бяцхан бизнес эрхэлнэ. Ааваараа юм авахуулахгүйг хичээн хэдэн бор төгрөг олвол амиа борлуулчихна. Гэхдээ гэр орондоо тусалж чадахгүй л дээ. Ээж маань одоо манай зэргэлдээ буюу ШШГЕГ-аас өгсөн байранд төрсөн ахтай маань амьдардаг юм.

-Мэргэжлийн бокст хүч сорих бодол төрж байв уу?

-Үгүй. Тэгээд ч нас минь хэтэрчихсэн.

-Тэгвэл 2016 оны олимпод өрсөлдөнө биздээ?

-Ямартай ч эхлээд Лондоны олимпод оролцчихъё. 2016 оны олимпод хүч сорих нөөц надад бий. “Лондон-2012”-ын дараа 52 кг-д дээш өгсөж, эсвэл энэ жиндээ ч үлдэж болно. Бэлтгэлээ таслахгүй байх нь л чухал.

-Бээжингийн олимпийн дараа боксоосоо зай барин амарч чадсан уу?

-Сэтгэл ханатал амарч чадаагүй. Хөнгөн жинд тоглодог болохоор энэ тухай байнга боддог. Их идэж чаддаггүй гэх үү дээ.

-Хоолны дэглэм баримталдаг гэж үү?

-Баримталдаггүй.

-Томоохон тэмцээний түүхэн ялалтыг илтгэх тоглолтын бичлэгүүдээ хадгалдаг уу?

-Олимп, ДАШТ, Азийн АШТ, оюутны ДАШТ-ий бичлэг байгаа. Эдгээр бичлэгээ дахиж үзэхээр гоё санагддаг юм.

-Та дээр бээлий нимгэрчихсэн гэж ярьж байсан. Дэлгүүр хэсэх үедээ бээлий сонирхоно биз?

-Тэгэлгүй яахав. Олимп, ДАШТ-ий үеэр өгдөг бээлийнүүд сайхан, хувцас хэрэглэлүүд ч бүгд шинэ. Тоглолтын хувцаснуудыг тамирчдад нь үлдээж, бээлийг нь хурааж авдаг юм.

-Хэзээ нэгэн цагт Сэрдамбын гэсэн музей байгуулахыг хүсдэг үү?

-Энэ талаар бодож байгаагүй. Би тив, дэлхийн од биш. Майкл Жексон шиг байсан бол ч энэ тухай бодож болох л юм.

-Ганц охин тань ирээдүйд аавынхаа шийрийг хатаах боксчин болно гэвэл саналыг нь хүлээж авах уу?

-Боксчин болгохгүй. Тулааны спорт хэцүү болохоор охиноо зовоохыг хүсэхгүй байна. Тэмцээн, бэлтгэл гэсээр гэр бүлийнхэндээ цаг гаргаж чадахгүй юм. Олон хоног цугларалтад гарсаар ирэхэд охин минь том болчихсон угтдаг. Хүүхдийнхээ бага насыг мэдрэлгүй өнгөрөөж байна даа.

-Охин тань тантай адилхан уу?

-Ээжтэйгээ адилхан.

Сэрдамба хэмээх нэрийг түүнд ээж нь хайрлажээ. Өвөөгийнх нь Дамба гэсэн нэрийн өмнө зовхи нь өөдөө явахыг билгэдэн Сэр гэсэн үг залгажээ. Аав нь хангай нутгийнх учраас хөдөлмөрийн баатар маань өөрийгөө Өвөрхангайнх хэмээн өмчилдөг. Хоёр дахь олимпийнхоо нүүрийг үзэх гэж байгаа тэрбээр дэлхий, тивийн АШТ-д тус бүр дөрөв, Азийн наадамд хоёронтаа оролцжээ. Хөдөлмөрийн баатар маань чин сэтгэлийн урам, их эрч хүч хайрладаг БТСГ, МҮОХ, МОБХны ерөнхийлагч Ч.Ганзориг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, нийт хамт олон болон багш дасгалжуулагчдадаа талархаж явдгаа илэрхийллээ.

Б.ӨЛЗИЙТОГТОХ, фотог Г.ЭРДЭНЭТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих