“Apple” корпорацийн нэгж хувьцаа анх удаа 526.29 ам.долларт хүрлээ

1997 онд тус корпорацийн нэгж хувьцаа 3.19 ам.доллар болж, дампуурлын ирмэгт хүрч байсан ч iPhone үйлдвэрлэж эхэлсэн нь жинхэнэ эргэлт болсон юм. “Apple”-ийн хөрөнгө одоо 460 тэрбум ам.долларт хүрчээ.

“Apple”-ийн сэргэн мандалт Стив Жобстой салшгүй холбоотой бөгөөд корпорацийн амжилт компьютерээс эхэлж, тэгээд iPod тоглуулагч удалгүй iPhone,  iPad-аар үргэлжилсэн билээ. Өнгөрсөн сард “Apple” сүүлийн гурван сарын цэвэр ашгаар шинэ дээд амжилт тогтоосноо зарласан юм. Тус корпорацийн  2011 оны сүүлийн гурван сарын цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 118 хувиар буюу 13.06 тэрбум ам.доллараар өссөн байна. Цэвэр ашгийн дээрх үзүүлэлт АНУ-ын корпорацийн түүхэнд урьд хожид байгаагүй аж.

Стив Жобс 1980-аад онд Цахиурын хөндийд “Apple” корпорацийг үндэслэсэн боловч арваад жилийн дараа корпорациас халагдсан юм. Гэвч 1997 онд түүнийг ажилдаа эргэн орохыг хүссэнээр iPod, iPhone болон iPad-ын түүх эхэлсэн билээ. Мөнхийн өрсөлдөгч хайлтын аварга “Google”-тэй патентын эрхийн төлөө, гар утас үйлдвэрлэгч “Samsung”, “HTC” зэрэг компаниудтай үйлдлийн системийн маргаантай асуудлаар “Apple” дайн өрнүүлж буй  “Apple” корпораци ирэх сард iPad-ын гуравдахь үеийн шинэ загварын танилцуулах гэж буй тухай цуу яриа чих дэлсээд байна.

1. Apple корпораци АНУ-ын засгийн газраас баян. Түүний хөрөнгийн зах зээлдээр худалдаалагдаж байгаа үнэт цаасны үнэ 460 тэрбум доллараар үнэлэгдээд байгаа бөгөөд Google болон Microsoft тус компаниудын нийлбэрээс хол давсан гэж мэдэгджээ.

2. Apple-ийн сүлжээ дэлгүүр 2001 онд байгуулагдсанаасаа хойш 10 жилийн дотор дэлхийн 4 тивд 358 салбараа нээсэн байна. Энэ хугацаанд нийтдээ нэг тэрбум хүн тус дэлгүүрүүдээр зочилжээ.

3. Apple компьютер хамгийн анхны хулганыг (mouse) зах зээлд танилцуулжээ.

4. Макинтош компьютерийг ашигладаг багш, оюутнууд бусдаас 44 хувиар илүү бүтээмжтэй ажилладаг.

5. Персонал компьютер хэрэглэгчид жилд дунджаар 50 цагийг ямар нэгэн гэмтэл, зөрчилийг засахад зарцуулдаг байна. Харин Mac-ийн хувьд ердөө 5 цаг хүрэхтэй үгүйтэй байдаг ажээ.

6. Apple-ийн анхны логон дээр агуу физикч Исаак Ньютонийг дүрсэлсэн байдаг.

7. iTunes нээлтээ хийсэн эхний 18 цагт 278,000 дуу худалдаалсан бөгөөд тухайн жилдээ энэ тоо 70 саяд хүрсэн байна.

“Apple” компани ирэх сарын дундуур “iPad”-ын гурав дахь үеийг худалдаанд гаргахаар зэхэж байгаа. Гэхдээ энэхүү таблет компьютерийн тухай нарийн мэдээллийг дэлгэхгүй байгаа ч технологийн давуу талын мэдээллүүд ил болсоор байна.

Тус компани AT&T болон “Verizon” компанитай хамтран 4G технологийг “iPad 3”-т нэвтрүүлж “iPad 2” бүтээл эдгээр компанийн 3G технологийг ашиглаж байжээ. Шинээр гарж буй бүтээгдэхүүн өндөр хурдтай, хөнгхөн, жижиг нягтаршилттай дэлгэцтэй гэдгээрээ давуу талтай.

DigiTime-ийн мэдээлснээр Sharp болон LG Display нь 9.7 инчийн QXGA дэлгэц (ялтсан самбар)-ийг 7 сая гаруй ширхэг үйлдвэрлэн Apple-д нийлүүлээд байгаа ба энэ оны 2-р улирал гэхэд энэ тоо 10 саяд хүрнэ хэмээжээ. iPad3 нь quad-core чип болон 4G LTE утасгүй сүлжээтэйгээр гарах бөгөөд шинэ гарах загвар нь урьдны 2 загвараасаа илүү сайжирч байгаа хэдий ч хямд үнээр зарагдаж магадгүй гэж мэдээлэв.

iPad3-ын талаарх хэлэлцүүлэг таамаг өрнүүлдөг iLounge-оор iPad3 нь урьдныхаасаа илүү сайн камертай байх ба урд камер нь WGA нягтаршилтай болно. Харин хойд талын камер нь iPhone4S дээр байгаа шиг HD болно гэсэн таамаглал өрнөжээ.

Macotakara бичихдээ “Apple шинэ таблетаа 2-р сарын эхээр танилцуулахаар бэлдэж, дараагийн сард нь худалдаанд гаргана” гэжээ.

Apple-ийн давуу талууд

Дизайн

Apple корпорацийг үндэслэгч Стив Жобсын нэрлэснээр түүний “Оюун санааны хамтрагч” дизайнер Жонатан Айвийн гайхамшигт авьяас, уран сэтгэмжээс төрсөн бүтээлүүд цаанаа л нэг сэтгэл татам, нүдэнд дулаахан байдаг.  Ямар ч илүү зүйлгүй цэвэрхэн гадаргуу, гэрэлтэж асдаг хазсан алимны логогоор нь түүнийг амархан таньж болно.

Технологийн шийдэл

Мэдээлэл технологийн салбарт үргэлж анхдагч байж бусдаас нэг алхамын түрүүнд явдаг нь Apple-ийн давуу тал. Хэдэн арван шинэ санаа, инженерингийн шийдлүүдийг өөрсдийн бүтээгдэхүүнүүдэд төгс хослуулсанаар хэрэглэгчдэд ая тухтай байдлыг бүрэн мэдрүүлж чаддаг. Та өөрийн зөөврийн компьютероо ганц хуруугаараа эвлэгхэндэлгэх боломжтойгоос гадна “Multi Touch” маузаар нь курсороо удирдахад зугаатай бөгөөд хялбар байдаг.

Дэлгэцний нягтрал

Дэлхийд алдартай дизайнер, уран бүтээлчид Apple-ийг хурдтай график гүйцэтгэлээс нь шалтгаалан сонгодог. Өндөр нягтрал, өнгө ялгаруулах онцгой чадвартай тул видео бичлэг үзэх, ажил хэргээ явуулахад туйлын урамтай байдаг.Түүний дэлгэцэн дээрх өчүүхэн жижиг тэмдэгт хүртэл маш тод, ойлгомжтой харагдаж чаддаг нь үнэхээр гайхалтай.

Төгс хослол

Apple-ийн бүтээгдэхүүнүүд өөр хоорондоо ямар ч төвөггүй холбогдох зориулалттай байдаг. Та өөрийн iPod тоглуулагчид MacBook зөөврийн компьютероос iTunes програмыг ашиглан дуу, клип, киног хурдан хугацаанд хуулах боломжтой. Бусад компаниуд бүтээгдэхүүнийхээ эд ангиудыг өөр өөр газраас худалдан авч угсардаг бол Apple гол нэр төрлийн бүхий л сэлбэг хэрэгсэлээ өөрсдөө үйлдвэрлэдэг. Тийм учир гүйцэтгэл нь байж болох хамгийн өндөр түвшинд хүрч, алдаагүй ажилладаг байна.

Өөрийн үйлдлийн системтэй

Apple-иас бусад мэдээлэл технологийн компаниуд Windows, Android зэрэг зах зээл дээрх бэлэн програмуудыг шууд худалдан авч ашигладаг. Харин Аpple корпораци өөрийн гэсэн үйлдлийн системийг анхаасаа хөгжүүлж бүх төрлийн бүтээгдэхүүндээ албан ёсны эрхтэйгээр суулгасаар иржээ. Ингэснээр программ болон техник хангамж хоорондоо нарийн уялдаа холбоотойгоор төгс зохицон ажиллах үндэс бүрддэг байна. Энэхүү Mac OS төрлийн үйлдлийн системүүдэд гаднаас халдах бараг боломжгүй байдаг бөгөөд элдэв төрлийн вирус, трояаны дайралтанд огт өртдөггүй.

Apple компьютерын цаашдын зах зээлийн шинэ бүтээгдэхүүн бол Аpple TV байх бололтой.

Сүүлд хийгдсэн хөрөнгө оруулагчдын хурал дээр Apple компанийн ерөнхий захирал “Бидэнд хэрэгцээнээсээ илүү мөнгөний хуримтлал байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Юутай ч Apple гэх бяцхан хэрэглээний төхөөрөмжүүд бидний амьдралын нэгээхэн салшгүй хэсэг болсон бөгөөд энэхүү хүн төрөлхтний төлөө бүтээгдсэн сайн чанарын бүтээлүүд улам өргөжиж амжилттай явна гэдэгт хүн бүрийн хүсэл мөрөөдөл гэж би хувьдаа ойлгож явдаг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих